Би үргэлж мангасыг зүүдэлдэг.
Эртний туульд гардаг арван хоёр толгойтой арзгар хар мангас хэзээд шөнийн эзгүйд нагац эмээгийн минь үлдээсэн алтан ятгыг булаахаар ирдэг. Энэ ятга маш эрт дээр үеэс уламжлан ирсэн. Ятга бол миний амь нас! Би эрх чөлөөгөө энэ л ятгаар дуулж, оюун сүнс, хийморио далладаг. Алтан ятгаа алдахгүй, алдах ч ёсгүй гэж бодон тэмцсээр хар даран сэрдэг...

Ятгачин Урнаа
Би дээр зууны 60-аад оны сүүлээр орчлонгийн улаан тоос залгилан Ордосын Үүшин хошууны Шарлаг суманд мэндэлжээ. Аргалын утаа суунагласан, малын чимээ, хүүхдийн нялх дуунд унаган нас минь өнгөрч билээ. "Бага байхад би нагац эмээтэйгээ үргэлж хамт байдаг. Ээж бид хоёулаа нартай хорвоогийн намуухан бэлчээр дээр хонь малаа хариулж явсаар байж, би заримдаа ядарчихна. Нагац эмээ минь намайг нуруун дээрээ үүрээд үлгэр ярьж, дуу дуулж өгнө. Би дууг нь сонссоор байж унтаад өгчихдөг …”
Одоо бодоход бүүвэйн дуугаараа нялх оюунд минь шим олгосон амьдралын минь анхны багш эмээ минь байж дээ.
Намайг бага байхад манай айлын хүүхэд арван нас хүрвэл сургуульд ордог. Тэр нэгэн намар аав минь хонины бор морийг минь унуулаад гацааны сургуулийн алтан босгыг алхуулсан билээ. Ингэж л би босоо монгол бичигтэйгээ танилцан оюуны элч, сэтгэлийн гээгээ авав. Дунд сургуульд орох үед, гэр, сургуулийн хооронд хэт хол болохоор би сургуулийн дотуур байранд сууж, гэртээ цөөн харьдаг болов.
1990 оны намар би дунд сургуулиа дүүргэн, Шанхайн Дуу хөгжмийн дээд сургуульд элсэж, анх удаа галт тэргэнд сууж, Дундад улсын хамгийн том хот Шанхайг зорилоо. Би анх Шанхайн Дуу хөгжмийн дээд сургуульд ёочин хөгжмийн мэргэжлээр суралцаж, хар багаасаа байгаль ертөнцийн дуу авиа бүхэнд сонирхолтой учир өөрөө хичээлийн чөлөөт цагаар эрүү хуур, төгөлдөр хуур зэргийн хичээлийг сонсож, урлагийн мэдрэмжээ дээшлүүлэв. Зөвхөн сонсохоор дамжин би олон зүйлийг эзэмшив. Манай ангийн нөхөд “Урнаа чи бол солиот” гэж үргэлж хэлдэг. Үнэхээр хүн өөрийн мөрөөдлийн төлөө галзуурсан мэт сэтгэлээр тэмцэх хэрэгтэй гэж би боддог.
Шанхайн дуу хөгжмийн дээд сургуульд би Дундад улсын тав зургаан үндэстний дуучидтай танилцаж нөхөрлөсөн билээ. Хэт даяаршсан, томьёолсон, хоцорсон сургуулийн сургалт боловсролд бидний дуу бүр өөр өөрийн үндэстний хэлээр дуудлагаас бусад хэв намба зэрэг нь адилхан болов. Жинхэнэ урлаг хувь хүний болохоос биш нийтлэг байх ёсгүй гэж боддог.
Хүн өөрийн дутагдалтай талаа зоригтой мэдрэх хэрэгтэй
1994 он миний хувьд мөн ер бусын нэг жил юм. Энэ жил би насны ханиа дагаж, дэлхийн сонгодог урлагийн хошууч орон — ардчилал, эрх чөлөөтэй Герман улсад ирсэн юм. Герман улсад бусад улс үндэстний соёл урлагийг судлан дэлгэрүүлж, хадгалан хамгаалахыг тун анхаардаг. Учир нь урлаг бол бүх хүн төрөлхтний хамтын өв хэмээн Герман иргэд сэтгэл нэгтэй мэдэрдэг. Эндээс л би дэлхийн олон улс орны нэрт хөгжмийн дархдын бүтээлтэй танилцаж, хамтран ажиллан хараагаа нээж, сонороо тэлж билээ.
Намуухан урсгалд Райн мөрний номин долгио, аниргүйн дунд хангинах мөргөлийн дуун эгшиг, огторгуйн цээлд сүүмэлзэх хавирган сарны өнчин нулимс … Энэ бүхэн ой тойноос гардаггүй Ордос нутаг, аав ээж, төрөл саданг минь санагдуулна. Энд анх ирэхэд герман хэл мэдэхгүй байсан. Одоо би монгол, хятад, герман, англи, араб зэрэг таван хэлээр ярьж чадна. Өсөхөөс сурсан монгол хэлээрээ дамжаад эдгээр бүхнийг сурч чадсан. Манай монголчууд хүүхдээ төрөлх хэлийг нь сайн эзэмдүүлэхгүйгээр бусад хэлийг сургах хэмээн шахна, хэл сурахад орчин хэрэгтэй, хамгийн гол нь хэл бол харилцааны хэрэглүүр мөн. Хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бусадтай харилцаж чаддаг шүү! Тийм учир хойч үеэ харийн хэл сургах гэж битгий шахаарай, Монголоор нь сайхан хүмүүжүүлээрэй гэж би элгэн садандаа хэлмээр санагддаг.
Герман улсад нутагшаад арван жилийг ардаа орхилоо. “Жангар", "Гэсэр”, “Нууц товчоо"-г хамгийн илүү унших дуртай, өвгөдийн минь үлдээсэн энэ л эрдэнэт зүйлээс би дуулах авьяасаа олсон, тайзан дээр элдэв янзаар хөдөлгөөн гаргаж, ам барьж дуулдаг тайзны уран бүтээлчийг би жигшинэ. “Дууг сэтгэлээрээ мэдэрч, сэтгэлээрээ дуулах ёстой” гэж ээж минь надад заасан ёсоор би Ордос ардын дуугаа цул цэвэр, ямар ч хольцгүй баларлаг хэлбэрээр нь зорилго болгож өөрийн хамтлагаа байгуулсан юм. Хамтлагт минь алдарт эрүү хуурчин Zoltan Lantos, Энэтхэгийн хөгжимчин Ramesh Shotham ба Иран улсын “Амьд эрдэнэ” гэмээн алдаршсан Иран хэнгэргийн их дархан Djamchid Chemirani эцэг хүү хоёул хошууч хөгжимчдөөр бүрдэж, дэлхийн гуч гаруй улсаар аялан тоглолтоо хийсэн.
2005 онд би нүүдэлж суудаг заншлаараа арван жил суусан Герман улсаас салж, эртний буурал орон Египет улсад ирэв. Түүхийн гүн мананг хэдэн зуун мянган жилээр хэнэггүй өнгөрүүлсэн энэ их соёлт гүрний үүх түүх, дуу урлаг нь надад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлдэг.
Амьдралын минь дараачийн улаа өртөө чухам хаа байдаг бол?
— Урнаа монгол дууг яаж дуулж байна вэ?
— Ордос ардын дууг юунд ингэж удаан дуулж байгаа юм? гэж усны шувууд шиг дууг минь сонссон заримд нь хэлэлцэнэ. Хамгийн ойр дотно, итгэж явсан өлгий нутгийн минь монголчуудаас ирсэн эдгээр маргаан шуугиан, хов живийн үгс нь тив алсалсан хүний нутагт цагаагч болж яваа өнчин сэтгэлийг минь өөрийн эрхгүй шаналгадаг.
“Тал нутаг”, “Crossing”, “замаар”, “Хөөдөөд”, “Тэнгэрийн шувуу” зэрэг таван цомгоо эргэцүүлэн бодоход үнэхээр зүрх шимширнэм. Дуу хөгжим ямагт тогтмол буюу үхмэл зүйл биш, би зөвхөн дуу хөгжмөөр л дамжуулж өөрийн сэтгэлээ илтгэхийг хүснэ. Энэ санаа бүх дуунд минь шингэж байх бөгөөд нутгийн минь өвстэй цайдам, салхины хээ, ягаан үүлс, дэрстэй хөндий, намрын шувууд, цаг хугацааны гуниг, оддын цэнхэр аялгуу бүхэн дууны минь амин сүнс болж шингэдэг.
Дуулсан дуу минь олон хүний таашаалд хүрч, дуунд минь дуртай дэлхийн олон газрын халуун сэтгэлт хүмүүсээс захиа олон ирдэг болов. 2003 оны зун Герман улсаас “ROTH нэрэмжит дэлхийн зэрэглэлийн уран бүтээлчийн шагнал”-ыг надад олгосон билээ. Уг шагналыг гардуулах ёслолын тайзнаа би өндөр дуугаар:
— Монгол хүний хоолойгоор дуу бүхнийг эгшиглэж, монгол дууны аяны ирээдүй хязгааргүй саруул байх ёстой гэж би энэхүү соёл урлагаа дэлхийн түмэнд мэдрүүлж, сонсгож яваа билээ. Монгол хүн энэхүү сайхан соёл урлагийнхаа үнэ цэнийг мэдэрч, уламжлан хөгжүүлээсэй гэж хэлэхэд олон жил дуулна гэж л зүтгэж ирсэн сэтгэл минь хайлан догдолж, нулимс өөрийн эрхгүй бөмбөрсөн …
Төрсөн нутгийн өөрчлөлт, хүн ардынх нь амьдрал ахуй энэ бүхэнд зориулан 2007 онд би Германд байгаа сайн найз кино найруулагч Бямбасүрэнгийн Даваа гуайтай хамтран “Эзэн богдын хоёр загал” нэртэй уран сайхны кино хийжээ. Кинод би харийн газраас монгол нутагтаа буцан ирч, дуулагдаагүй он жил удсан эрт үеийн дуу “Эзэн богдын хоёр загал”-ыг эрж, эцэстээ нэгэн өндөр настай буурал эмээтэй уулзаж дуугаа бүтэн болгосон үлгэрийг өгүүлжээ.
Эрэл — тийм ээ, монголчууд бид алдаж байгаа бүхнээ эрэх ёстой. Үлдэж хоцорсон бүхнийгээ нандигнан хайрлаж, өвлөх ёстой.
Нийгмийн урсгал, даяарчлалын нөлөө, хүний сэтгэлийн харанхуй, хуурамч хайр, хэрүүл тэмцэл, дайн дажин … эдгээр бүхэн чинь арзгар хар мангас байж дээ. Би зүрх сэтгэлээр дуугаа дуулж, алтан ятгаа чавхдан, мангасуудтай тэмцэж, өөрийгөө хамгаална. Үнэхээр тэр ар бумбын орон гэж байдаг юм бол тэр чинь шударга хүмүүсийнх байх ёстой. Би сэтгэлээрээ дуулж явна …
