solongonews
“Сэтгэлийн гэгээн тайтгарал” буюу Билэгбаярын “гэгээн” зөвлөмж
2025-09-28 11:08
“Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг монгол ардын хэлц үг бий. Энэ нь оргүй үг биш, шинжлэх ухааны маш гүн үндэслэлтэй байдаг тухай Өвөр Монголын нэрт сэтгэл зүйч, уламжлалт анагаах ухааны доктор Алтансүхийн Билэгбаяр ярилаа.

Тэрээр Өвөр Монголын Үндэстний Их сургуулийг Монгол эмнэлгийн мэргэжлээр дүүргэж, Монгол Улсын Рояаль Олон Улсын Их сургуульд Олон нийтийн менежментийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалан, Монгол Улсын Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд Эм зүйн мэргэжлээр докторантын зэргэд суралцаж байгаа мэдлэгтэй, туршлагатай эмч нэгэн билээ.

А.Билэгбаяр Өвөр Монголын анхны сэтгэл зүйлийн тайламжаар дагнасан “Сэтгэлийн гэгээн тайтгарал” CD цомог, яруу найргийн “Мөрөөдөл” CD цомгийг олон түмний хүртээл болгож байсан ба бичих, үзэх, унших, сонсох, хүрэлцэхээр дамжин бие сэтгэлийн эрүүл мэндэд тусалдаг “Сэтгэлийн гэгээн тайтгарал” картыг бүтээсэн байдаг.

Монгол анагаах ухааны Таван заслын салааны эмчийн мэргэжлээр анагаах ухааны эрдэнэсийн далайд анх хөл тавьж, бариа заслаар өвчтөнийхөө өвдөлт шаналлыг эмчлэхийн зэрэгцээ ярьж илэрхийлэхдээ сайн байдаг тэрээр ярьж, дуулж, уяруулж, баярлуулж байж зовсон нэгнийг тайвшруулан, гуньсан нэгнийг баярлуулж, салах гэснийг нийлүүлж явсаар аажмаар сэтгэцийн эрүүл мэндийн салбарт жолоо сунгаж оржээ. А.Билэгбаяр энэ тухай ярихдаа:

- Эм эмнэлэг гэдэг бол бүх зүйлийг хамарсан гүн ухаан байдаг. Би өөрөө таван заслын салаанд дадлагажиж, суралцаж эхэлсэн гэдэг боловч тухайн үед таван засалд сэтгэл зүй багтдаг гэж ярьдаг байсан. Тэр нь миний сэтгэл зүйч болох замд нөлөөлсөн байх гэжээ. Ийнхүү сэтгэл зүйч А.Билэгбаяр гуайн ярианаас бидний амьдралтай маш ойрхон байдаг гурван сэдвийг сонгон та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэн хүргэлээ.

Нэг. Өнөө цагт сэтгэл зүйн асуудал яагаад олширсоор байгаа вэ?

- Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн асуудал маш түгээмэл харагдах болсон. Энэ нь нийгмийн хөгжилтэй тодорхой хэмжээний холбоотой. Нийгэм өөрөө маш хурдтай хөгжихийн хэрээр хүмүүсийг ч маш түргэн хөгжихийг шаарддаг. Энэ үед хувь хүний хөгжил нийгмийн хөгжлийг дагаж гүйцэхгүй, мэдлэг боловсрол нь хомсдох үед заавал сурах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй, боловсрох хэрэгтэй болно. Ийм үед зарим хүн айх, сандрах, эсвэл сурахыг хүсээд хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй болно. Эдгээр зүйл нь мөн ухамсаргүйгээр тодорхой хэмжээний дарамт болж мэдрэгддэг. Харин энэхүү дарамт сэтгэл зүйн хүндрэлийг авчраад байгаа юм шиг хүмүүст санагддаг. Нөгөө талаар хүмүүсийн мэдээлэл авах суваг хэтэрхий олон болж, зөв, буруу мэдээллийг ялгаж чадахгүй, буруу мэдээллээс болж өөрийгөө хямраах магадлал өндөр болдог. Тийм учраас хүмүүст албан ёсны мэдээллийн сувгаар зөв мэдээлэл авч байхыг санал болгоё.

Хоёр. Бие махбодын эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэндийн аль нь илүү чухал вэ?

- Сэтгэл зүйн эрүүл мэнд болон бие махбодын эрүүл мэнд тэгш чанартай, яг л “эрэгтэй эмэгтэй эрх тэгш” гэдэг шиг тэнцүү байдаг. Нэгийг нь илүүд үзэж, нэгийг нь доршоох туйлшрал байж болохгүй гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хүний бие махбодын эрүүл мэнд нь сэтгэл зүйн эрүүл мэнд дээр тогтнодог. Шижээ нь хүний ходоод гэдэс яагаад өвддөг вэ? Үнэндээ сэтгэцийн гэмтлээс болоод өвддөг. Монгол анагаах ухаанд зүрхний харьяат сав бол гэдэс гэж ярьдаг. Зүрх гэмтэхээр гэдсэнд хувиралт гарч, нарийн гэдэс мушгиралдан өвдөх, өтгөн мөр хатах, шээс хоригдох, олон шээх гэх мэт илрэл байдал гардаг. Мөн зүрх гэдэг нь сэтгэцийн орших орон гэж үзнэ. Жишээ нь айсан хүний зүрх түгшдэг. Айх нь сэтгэл зүйн мэдрэмж, тийм үү? Харин бие махбодод илрэхдээ зүрхэнд мэдрэгддэг. Тэгэхээр сэтгэл зүйг биеийн эрүүл мэндээс тусгаарлан ялгаж үзэх нь өөрөө буруу байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд бүх өвчний уг шалтгаан буюу холын шалтгаан нь сэтгэл зүй гэж үздэг. Өнөөдөр нэг хүн хорт хавдар авсан байна гэж бодоход өнгөрсөнд аль нэгэн өдөр тэр хүн нэгэн зүйлээс сэжиглэсэн, эсвэл айсан байж болно. Бүр эсвэл биед илэрсэн эрүүд мэндийн бага зэрэг асуудлаас болж өөрийгөө сэжиглэн айсан байх магадлалтай. Жишээ нь ходоод бага зэрэг өвдөхөд нь ходоодны авчилтын чанартай үрэвсэл гэж оношлоход хэзээ нэг өдөр хорт хавдар болчих вий гэж айсаар байгаад олчихдог тохиолдол бий. Тэгэхээр энэ нь ардын ярьдаг “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг ёс. Ингээд бодоход уламжлалт анагаах ухаанд маш эртнээс сэтгэл зүйг хүндэтгэж үздэг байсан гэдгийг мэдэж болно.

Гурав. Уурласан, сандарсан үед хэрхэн өөрийгөө тайвшруулах вэ?

- “Өөрийнхөө хажуугаас 13 өнгийг ол” гэдэг сэтгэцийн эмч нарын зөвлөгөө бий. Улаан, ногоон, шар гэх мэтчилэн өнгө хайгаад тэр хүн тодорхой хэмжээний цаг зарцуулдаг. Магадгүй нэг минутын дараа 13 өнгийг олчихсон байж болно. Энэ үед анхаарал өнгөн дээр төвлөрч, нөгөө уурлаж байсан зүйлээ түр мартаад өгнө. Дахиад санах үед нэгэнт тайвшраад эргэн санахад нэг их уурлаад байх шаардлагагүй мэт санагддаг. Энэ бол анхаарлыг шилжүүлж, оюуны төвлөрлийг бий болгох сэтгэл зүйн эмчилгээний үндсэн арга юм. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл