Саяхан Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооноос хэвлэсэн Өвөр Монголын чулуун соёл судлаач Т.Цагааны хоёр дахь жинтэй бүтээл болох “Говийн чулуун зэвсгийн соёл” нэртэй ном уншигчдын гарт хүрлээ. Тэрээр Сөнидийн их говиор 35 жил чулуу түүж, 13000 гаруй чулуун зэвсэг цуглуулан, 8000 гаруй хадны зургийг загварчлан буулгаж, хэдэн мянган түүхийн дурсгалт бодисыг цуглуулсан юм. Т.Цагааны 1993 онд хэвлүүлсэн “Чулуун соёл” нэртэй номыг Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хорооноос дахин хэвлэснээр хадан зураг, чулуун зэвсэг, чулуунд холбогдсон зан заншил зэргийг багтаасан чулуун соёл судлалын хос ном уншигчдын алганд дэлгэгдлээ. Энэ нь Өвөр Монголын чулуун соёлын судалгааны хүрээн дахь хамгийн шинэ бүтээл болсон байна.
Зохиогч “Говийн чулуун зэвсгийн соёл” хэмээх номоо цуглуулсан 13000 гаруй чулуун зэвсгийн материалдаа тулгуурлан бичжээ. Тус ном “Чулуун зэвсгийн соёл”, “Говийн өмнөх ба ар дахь чулуун зэвсгийн зарим нэрт буурь”, “Шилийнголын тал нутаг дахь чулуун зэвсгийн дурсгал”, “Чулуун багаж зэвсгийн төрөл зүйл”, “Говь нутгийн эртний соёл - чулуун зэвсэг” гэсэн таван бүлгээр тайлбарлагдана. “Чулуун соёл” гэх номд зохиогчоос Сөнид нутгаас удаа дараалан илрүүлсэн шинэ хуучин чулуун зэвсгийн үеийн соёлын өвөөр гол болгож, ардын зан заншил, аман зохиол, шүтлэг бишрэл болон эртний хадны зураг зэрэгт тусгагдсан чулуун соёлын өргөн цар хүрээг хамарсан судалгааны бүтээлийг танилцуулсан байна.
