

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын консул Б.Багахүү, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Урлаг Дизайнерийн Сургуулийн захирал Ван Шимин, Шинэ Аж Үйлдвэр Шинжлэх Ухааны салбарын багш Билэгбат болон бусад албаны хүмүүс, уран бүтээлчид оролцлоо.
Үзэсгэлэнд нийт 60 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд мөн 5 настай охиных нь зурсан “Нартай хурим” нэртэй зураг болон байгалийн чулуун дээр зурсан зургууд нь хурсан олны мэлмийг мялаалаа. Хамгийн анхны гадаад оюутан бие даан үзэсгэлэн гаргаж байгаа нь үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог байлаа.
Мөн үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлч, зураач Г.Батчимэг түүний хань залуу зураач З.Отгонзоригт нарт Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Урлаг Дизайнерийн Сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан ахмад багш Жэн Хүнкүй байгаль, монгол аж ахуйг харуулсан усан будгийн бүтээлийн ном бэлэглэсэн юм. Бүтээлийн сэдвийн хувьд баригдалгүй өргөн цар хүрээг хамарч, монголын эртний домог, үлгэрүүдийг амилуулсан түүхэн сэдэв, морины сэдэв, цэцэг, сэтгэлгээний бүтээлүүд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь уран бүтээлийнхээ чиг хандлагыг тодорхойлохын тулд эрэл хайгуул хийж байгаад оршиж байна. Үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх болно.


