Соц нийгмийн үед төрийн томчууд л амарч, сувилуулдаг байсан энэ газарт одоо хүссэн бүхэн амарч, алжаалаа тайлж байна. Мэдээж энэ газрын тухай сонсох бүртээ очоод нэг үзэхсэн гэж боддог байлаа. Чех улсын Германтай хил залгаа баруун Богемад байрладаг 60 мянган оршин суугчтай, 60 км.кв газар нутагтай энэ хот хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Рашаан дээрээ суурилан баригдсан гэх энэ хотод жуулчид их ирдэг тул өртөг өндөртэй.
1370 онд Ариун Ромын эзэнт улсын Чарлез IV үед Богемийн ван энэхүү хотыг анх үндэслэсэн байгуулжээ. Энэхүү алдартай халуун рашаант газар нь 30-70 хэмийн халуун үндсэн 13, мөн жижиг 300 халуун рашаан байдаг. Эдгээр рашаан нь хоол боловсруулах эрхтэн, чихрийн шижин, үе мөчний өвчин, захын мэдэрлийн үрэвсэл, элэгний өвчинд илүүтэй сайн нөлөөлдөг гэсэн. 70 хэмийн дээр нь хүхэрлэг амттай энэ рашааныг ихээр лав ууж чадахгүй юм билээ.
Мөн рашаанаас үүсэлтэй Теплу гэх бүлээн голтой юм. Энэхүү голоос хүхэр ихээр үнэртдэг. Рашаант газар нь зөвхөн Европын дээд, язгууртнуудад үйлчилдэг байгаад хожуу 19-р зуунаас /1870 он/ эхлэн нийтийн аялал жуулчлал сувилалын газар болж өөрчлөгджээ. Эндэхийн гол үйлчлүүлэгчид нь гадаадын иргэд. Түүхийн хуудаснаас нь сөхөхөд 1756 онд л гэхэд нийт 134 гэр бүл /язгуурдан дээдэс/ ирсэн гэсэн тооцоо байдаг. Харин XIX зуунд 26 мянган жуулчид ирж харин 1911 онд 71 мянган сувилуулагч амрагчид ирсэн гэжээ.
Энэхүү рашааныг үе үеийн түүхэнд улс орнууд булаацалдсаар ирсэн юм билээ. Карл Вар нь Австри Унгарын эзэнт улсын үед Богемийн вангийн мэдэлд байж байгаад дэлхийн I дайнаар Австри Унгарын эзэнт улс нуран унаснаар 1919 онд Чехословакийн нэг шинэ мужид нэгтгэсэн гэнэ. Үүний ихэнхийг эзэлдэг герман хэлтэй нутгийнхан эсэргүүцэж байжээ. Дараа нь 1938 оноос Мюнхений гэрээгээр Гитлерийн Германы мэдэлд оржээ. II дайн дууссанаар Потсдамын гэрээгээр Чехословакийн мэдэлд /тэнд оршин суудаг герман угсаатны мэдэлд/ирсэн байна. Чехословак улс задарснаар Чехийн Карл Вари мужид харъяалагдах болжээ. Нэг үе санхүү мөнгөгүйгээс Карл Варт ямар ч шинэчлэлт хийгдсэнгүй. Энэ үед ЗХУ задарснаар Карл Варт Оросын бизнесмэнүүд түрэн орж ирж энд нөлөөгөө тогтоож үйл ажиллагагаа өргөн цар хүрээтэй явуулах болжээ. Өнгө үзэмж сайтай, эртний сайхан барилгатай хот. Хэрэв та Карл Варыг зорин очивол оросод явна уу даа гэхээр сэтгэгдэл төрнө. Ихэнх буудал, брэндийн дэлгүүрийг оросууд ажиллуулдаг.
Энэ хот нь Чех улсын Прага хотоос 130 км зайтай, Охре ба Теплу голын хөндийд оршдог. Энэ сувиллын газрыг зорих жуулчдын тоо тасарна гэж үгүй. Өдөрт хэд хэдэн мини автобусаар жуулчид ирнэ. Тэгэхдээ ажиглаад байхад азиас голдуу ирдэг юм болов уу даа гэж санагдсан. Мини автобус 19 хүний багтаамжтай. Нэг хүн ойролцоогоор 54-60 евро төлж Карл Варыг үзэж сонирхдог юм билээ. Халуун рашаан нь үнэ төлбөргүй тул иргэд дуртайгаасаа дураараа хүртэнэ.
Энэ хотын нийт барилгын тал хувь нь зочид буудал. Ингэж хэлэх болсон нь магадгүй оршин суугчдын гол амьжиргаа нь буудал ажиллуулж мөнгө олоход оршдогт байгаа байх. Сувиллын газрын ойролцоо буудалд бууж биеэ сувилъя гэвэл мэдээж өртөг өндөртэй. Тиймээс 500 метрийн зайтай нийтийн байранд буудаллаад өдөртөө алхаж ирээд рашаанаа уучихаад байвал болж байгаа нь тэр. Энэ тохиолдолд та өдрийн 45 евро төлнө. Харин буудлууд нь харилцан адилгүй. VIP үйлчилгээтэй нь өдрийн 4 000 еврогийн үнэтэй. Энэ буудлын үйлчлүүлэгчид болон“Spy hotel”-д буугчид өрөөндөө халуун рашаанд орж болно. Нэг ёсондоо рашааныг крантны ус адил өрөө рүү нь татсан байдаг. Ердийн буудал нь нэг хоногийн 40-70 еврогийн үнэтэй. Энэ тухай сайтаас л олж мэдлээ. Карл варт нийт 143 зочид буудал, 122 сонирхолтой газар, 10 голфийн талбай, 9 аялал зугаалгын газартай. Үүнээс нэг одтой 9 буудал, хоёр одтой 16, гурван одтой 58, дөрвөн одтой 54, таван одтой 6 буудал байдаг.
Карл Вар хотод ирсэн бол лифтээр уулын орой дээр гарч хотыг бүхэлд нь харж болно. Хоёр вагонтой бөгөөд нэг нь нэгийгээ торосоор татдаг зарчимаар ажилладаг. Уулын орой дээр цамхаг бий. Цамхаг дээрээс хот бүхлээрээ харагдана. Австри, Германы нутаг тэндээс харагдаж байсан. Уулын оройд байрлах зоогийн газраар ирсэн зочин бүр үйлчлүүлдэг. Үйлчилгээ сайтайн дээр хоол нь яах аргагүй сонирхол татдаг. Ер нь бол Чехийн зоогийн газруудын хоолны цэст бугын махтай хоол ихэвчлэн байдаг. Учир нь тэд бугын аж ахуйтай бөгөөд махны чиглэлээр үржүүлдэг гэж байсан.
Хоолны цэсний өмнө тухайн хоолонд орсон махны хэмжээг граммаар заавал тавьдаг аж. Тиймээс тухай хүн хэдий хэмжээний махтай хоол идэхээ мэдэж захиалах нь байна. Нэг хүний порц ихэвчлэн 150-500 грамм махтай байдаг юм билээ. Хачирт нь ихэвчлэн шарсан төмс болон сыр байдаг. Энэ нь ч амттай.
Тэд махныхаа чанарт эргэлздэггүй болохоор махыг хагас боловсруулж болон түүхийгээр нь идэх нь бий. Шарсан талхан дээр сармис үрээд дээр нь амтласан түүхий махаа тавиад иднэ. “Амттай шүү” гээд дор нь л идээд барчихна. Бидний хувьд бол тийм ойлголт алга. Мах нь найдвартай даа гэж бодсон ч хоолой давахгүй юм билээ.
Г.ЭНХТУЯА
