solongonews
Улаанцав хотын ухаалаг хүлэмжийн хүнсний ногооны технологи Хятадын тэргүүлэх түвшинд хүрчээ
2026-02-09 16:34
Улаанцав хотын ухаалаг хүлэмжийн хүнсний ногооны технологи Хятадын тэргүүлэх түвшинд хүрчээ

ӨМӨЗО-ны Улаанцав хотын Дөрвөд хошууны “Говийн хилийн хамгаалалтад зориулсан ухаалаг хүлэмжийн хүнсний ногооны технологийг үзүүлэн сурталчлах” технологийн төсөл Хятадын тэргүүлэх түвшинд хүрсэн байна. Хятадын шинжлэх ухаан, технологийн яамны захиалгаар зохион байгуулсан мэргэжлийн хяналтын хурлаар хянаж, энэхүү төсөл нь найман бие даасан оюуны өмчийн эрхтэй бөгөөд Хятадад тэргүүлэх түвшинд хүрсэн гэж тогтоогджээ. Энэхүү төсөл нь хил хамгаалагч 300 гаруй малчин өрхөд анх удаа жилийн турш өөрсдөө тариалсан шинэхэн ногоогоо идэх боломж олгосон байна.

Өвөр Монголын 20 хилийн хот, хошууны нэг болох Уланцав хотын Дөрвөд хошуу нь байгалийн хүнд нөхцөлтэй, бэлчээрийн болон говийн цөлийн бүс нутагт байрладаг. Өндөрлөг газар, хүйтэн, ган гачиг, салхи ихтэй тул хилийн малчид жилийн турш шинэхэн хүнсний ногоо олж идэх нь хомс байдаг.

Үндэсний ёс суртахууны үлгэр шагналд нэр дэвшигч, Улаанцав хотын Шинжлэх ухаан, технологийн товчооны Хүйтэн цаг уурын хүнсний ногооны академийн ажлын станцын судлаач Гуань Хуймин 2023 онд хилийн малчдын амьдралын чанарыг сайжруулж, шинэ ногоо идэх боломжоор хангах санаачилга гаргасан байна. Тэрээр "Говийн хил хязгаарын бүсэд ухаалаг хүлэмжийн хүнсний ногооны технологийг үзүүлэх, сурталчлах" төслийг эхлүүлж, холбогдох ажлын газраас 8 сая гаруй юанийн хөрөнгө цуглуулж ногоо тариалах ажиллагаа эхлүүлжээ. Өдгөө Дөрвөд хошууны 321 хил хамгаалагч малчин айлын 324 ухаалаг хүлэмж бүрэн хяналтын дараа хэрэглээнд орсон байна.

Гурван жилийн турших технологийн сайжралтаар Гуан Хуймингийн баг орон нутгийн уур амьсгалд тохирсон тав дахь үеийн ухаалаг хүлэмжийн технологийн системийг амжилттай боловсруулсан байдаг. Мэргэжилтнүүдийн хяналт, зөвшөөрлөөр энэхүү төсөл нь говийн хилийн бүсийн хатуу ширүүн байгалийн нөхцөлд тохиромжтой, хилийн малчдын жилийн турш шинэхэн хүнсний ногооны хомсдолыг шийдвэрлэсэн байна. Төсөл нь хүлэмжийн бүтэц, тариалалтын техник, ухаалаг ажиллагаа, засвар үйлчилгээ, ургацын эргэлт зэрэг зургаан шинэлэг талыг багтаасан юм. Онцлоход, шинэлэг хүлэмж нь нэмэлт халаалтгүйгээр өвлийн улиралд гадаа -30 хэм хүрэхэд дотор шөнийн хамгийн бага температурыг 0 хэм ℃орчимд байлгаж болно. Гадаа -20 хэм хүрэхэд доторх температурыг өглөө 8 хэм орчимд байлгахын зэрэгцээ секундэд 12 метр хүрэх салхинд тэсвэртэй. Энэ нь өндөрлөг газар, хүйтэн, салхитай бүс нутагт хүлэмжийн аюулгүй байдал, өвлийн улиралд үйлдвэрлэх асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсэн байна. Тариалалтын технологийн шинэчлэлд орон нутгийн элс шороо болон аргал хорголыг бүрэн ашиглаж, хямд өртөгтэй, өндөр үр ашигтай Говийн хөдөө аж ахуйн тариалалтын загварыг бий болгожээ.

Энэхүү төсөл нь орчин үеийн хөдөө аж ахуйн технологийг бүрэн ашиглан, анх тариалахад тохиромжгүй байсан газрыг үр ашигтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах орон зай болгон хувиргасан гэж Мэргэжилтнүүдийн багынхан үзэж байгаа юм.

2026 онд Дөрвөд хошуу энэхүү амьжиргааны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, басхүү залгаад хил хамгаалагч 200 гаруй малчин өрхөд ухаалаг хүлэмж суурилуулж, тэдэнд шинэ ногоо идэх боломж олгох юм байна. 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл