solongonews
Шампунь болон ангижруулагчаа өөрийн үсний онцлогт тохируулах нь
2015-06-30 09:02
Үсээ угаах гэдэг бид нарын хувьд нүүрээ угаах, шүдээ угаахтай адил өдөр тутмын заншил болсон зүйл. бид ихэнхдээ үүний талаар нэг их боддоггүй. Автоматаар шампуньдлаа, ангижрууллаа, усаар зайллаа, хатаалаа, дуусаа!

Төрөлхийн өтгөн гялалзсан сайхан үстэй хүмүүсийн хувьд бол энэ үйлдэл нь хангалттай. Яагаад гэвэл тэдний хувьд яаж ч арчилсан үс нь байнга л сайхан байдаг.

Харамсалтай нь бидний зарим нь тэдэн шиг азтай биш. Тиймээс өөрт тохирсон шампунь ангижруулагчийг зөв сонгох хэрэгтэй. Дэлгүүрийн лангуун дээрх өчнөөн олон янзын шампунь болон ангижруулагчийн аль нь танд таарахыг мэдэхгүй байгаа бол үргэлжлүүлэн уншаарай.

Зөв шампунь сонгох хамгийн амархан арга бол шошгыг нь унших. Зарим нэг түгээмэл хэрэглэгддэг үгсийг орчуулж тайлбарлая л даа:

Fine hair : Энэ нь шингэн нарийхан ширхэгтэй үс гэсэн үг. Ийм үсний шампуниуд ихэвчлэн ‘volumizing’ буюу үсийг хөвсийлгөж аль болох өтгөн харагдуулах үйлчилгээтэй байдаг.

Curly hair: Энэ нь буржгар үс гэсэн үг. Төрөлхийн ч бай хими хийлгэсэн бай буржгар үсийг сайтар арчлахгүй бол арзайж хуурайшаад муухай харагддаг. Ийм үсэнд зориулсан шампуниудын шошго дээр ихэвчлэн chemically treated юм уу frizzy hair гэсэн үгс байдаг.

Dry hair: Энэ нь хуурайшилттай үс гэсэн үг. Монголын нөхцөлд хамгийн түгээмэл нь болов уу гэж бодож байна. Хуурай үсний шампуниудын шошго дээр ихэвчлэн moisturizing, replenishing, hydrating гэсэн үгнүүд байна. Найрлагадаа сoconut oil, avocado oil, grapeseed oil, argan oil гэсэн тосны орцтой байвал бүр сайн.

Oily hair: Энэ нь тослог үс гэсэн үг. Тослог үстэй хүмүүс moisturizing, conditioning гэсэн үгтэй шампунь хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь ийм үйлчилгээтэй шампуниуд таны үсний тослогийг улам л ихэсгэнэ. Тослог үстэй хүмүүс ихэвчлэн хагтах асуудалтай тулгардаг. Иймээс anti-dandruff гэсэн үгтэй шампунь хэрэглэх хэрэгтэй. Ийм шампуний найрлагад ketoconazole, zinc pyrithione, selenium sulfide гэсэн орц байвал илүү сайн. Хүмүүс хагийг хуйх хуурайшсанаас болж үүсдэг гэж боддог. Тэгвэл хуйх маань өөрөө маш их тос ялгаруулдаг энэ тослог нь хуйхан дахь бичил организмуудыг тэтгэж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар бичил организмуудын тоо их болж хуйхны арьсыг цочроон хаг үүсдэг байна.

Color-treated hair: Энэ нь будагтай үс гэсэн үг. Ийм үсэнд будаг арилгадаггүй маш зөөлөн төрлийн шампунь хэрэгтэй. Ийм шампуний шошго дээр color-preserving, color shield, color treated гэсэн үгс байдаг. Sulfate free гэсэн байвал бүр сайн.

Үсийг дан шампуниар угаавал үсний өөрийнх нь тослог хэт ихээр арилж хуурайшдаг. Өөртөө тохирох зөв шампуниа сонгосны дараа тохирох ангижруулагчийг сонгох хэрэгтэй.

Conditioner буюу ангижруулагч нь үсийг шампуниар угаасны дараа алдагдсан чийгшлийг буцааж олгох үүрэгтэй бөгөөд ангижруулсан үс зөөлхөн самнаж янзлахад амар болдог. Гэхдээ хэт ихээр ангижруулбал үс хөвсийж гялалзахаа больдог.

Долоо хоногт үсээ 3-4 удаа угаах хангалттай. Хэрэв тослог ихтэй үстэй бол өнжөөд нэг угааж байх хэрэгтэй болох байх л даа. Өдөр болгон угаах нь үсний тослогийн булчирхайнуудыг идэвхжүүлж улам их тос ялгарахад хүргэдэг. Хэрэв та үсээ өдөр болгон угаадаг бол өнжөөд нэг угаах эхний долоо хоног таны үс маш их тослогтоод байгаа юм шиг санагдана. Тосны булчирхайнууд хуучин шигээ идэвхтэй ажиллаад байгаа болохоор тэр. Аажимдаа өнжөөд нэг угаадаг хувиарт орсноор уг булчирхайнуудын үйл ажиллагаа нь удааширч хурдан тослогтохоо болино.

Үсээ угаахад бас учир бий. Шууд л атга дүүрэн шампунь аваад үсэндээ үрж болохгүй ингэх нь үсний угийг гэмтээдэг. Гарын алганы гол хэсэгт бага зэрэг шампунь таслан аваад, 2 гарын алгандаа үрж тараана. Дараа нь шампуньтай гараараа толгойн орой хэсгээс эхлэн хуйханд хурууны үзүүрүүдээр зөөлөн массаж хийх маягаар угаана. Дараа нь дагз дараа нь үсний үзүүр хүртэл гэсэн дарааллаар угааж дуусгана. Шампуниа үсэндээ дор хаяж 2-3 минут байлгаж байж бүрэн үр дүнг нь үзнэ.

Ангижруулагч түрхэхдээ мөн адил гарын алганы дунд хэсэгт бага зэргийг таслан авч 2 алгандаа тараана. Тараасан ангижруулагчаа харин үсний үзүүрээс уг руу гэсэн дарааллаар түрхэнэ. Аль болох хуйхандаа хүргэхгүй байвал сайн. Ангижруулагч түрхээд дор хаяж 3 минут болгоод усаар зайлж цэвэрлээрэй.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл