Уулзалтын үеэр Өвөр Монголын “Солонго” мэдээ мэдээллийн төвийн сэтгүүлч хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах эхлэлээ тавьсан ба мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулсан ач холбогдлын талаар Монгол Улсын ХХААЯ-ны дэд сайд ноён Б.Батзориг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга ноён Р.Раднаасэдтэй хийсэн ярилцлагыг уншигч олонд толилуулахыг зорилоо.
ДАВУУ ТАЛАА АШИГЛАН НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БАЯЛГАА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Сэтгүүлч: Монголын мах, махан бүтээгдэхүүний бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн ажил хэрэгч уулзалтын ерөнхий байдлыг товч танилцуулна уу?
Ноён Б.Батзориг: ӨМӨЗО-ны зарим аймгууд болон Хөххотын томоохон аж ахуй нэгжүүдийг оролцуулсан уг арга хэмжээг бид ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтад Монголын махны холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мал аж ахуйн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох 15 томоохон аж ахуй нэгжийн 40 орчим төлөөлөгч, Дундадын махны холбооны гишүүн үйлдвэрүүд, махны бизнес эрхлэгчид, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой нийт 100 гаруй төлөөлөгч оролцож, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Сэтгүүлч: Хамтран ажиллах сонирхол, ач холбогдол юу вэ?
Ноён Б.Батзориг: Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагчийн хувьд БНДАУ-ын бизнес эрхлэгчидтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын давуу талаа ашиглан, тогтвортой, экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг боловсруулан ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж буй энэ үед энэхүү ажил хэрэгч уулзалт болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
ӨМӨЗО-ны хувьд 28 сая хүн амтай, 100 сая малтай бол манай улс 3 сая хүн амтай, 51,9 сая малтай, энэ давуу талаа ашиглан нөхөн сэргээгдэх уг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа юм.
Сэтгүүлч: Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа болон хамтын ажиллагааны гол зорилго юу вэ?
Ноён Б.Батзориг: БНДАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийж, айлчлалын үеэр манай хоёр орны тэргүүлэгчид ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн байгаа. Энэ уулзалтын хүрээнд манай улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дундад улс руу мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж байгааг илэрхийлсэн. Хариуд нь Ши Жиньпин дарга Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Дундад улсын зах зээлд татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлох манай талын саналыг дэмжсэн билээ.
Энэ дагуу хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргахаар манай ажлын хэсэг өнгөрөгч 4 дүгээр сард Бээжин хотноо мах махан бүтээгдэхүүнийг экспортлогчид, үйлдвэрлэгчдийн ажил хэрэгч уулзалтыг хйисэн бол энэ удаа ӨМӨЗО-ны Хөххотод ажлын айлчлал хийж холбогдох албаны хүмүүстэй уулзаж байгаа нь энэ билээ.
Монгол Улсаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, өвс тэжээл, хадлан зэргийг Дундад улсруу экспортлох гол зорилго юм. Дундадын талтай хорио цээрийнхээ асуудлыг тогтож чадах юм бол энэ асуудал урагшаа хурдан явна гэж ойлгож байна.
Сэтгүүлч: Энэ удаагийн айлчлалын хүрээнд ажлын ямар ямар асуудлыг хэлэлцэв.
Ноён Б.Батзориг: Монгол Улсын Засгийн газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, БНДАУ, тэр дундаа ӨМӨЗО-д мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар нэлээд өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Энэ хүрээнд бид хэд хэдэн уулзалтыг зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд миний бие ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Юн Гуанжүнтэй уулзаж ”Мал аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнийг Дундад улсад экспортлохоос гадна ӨМӨЗО-ны эрчимжсэн мал аж ахуйг Монголд нутагшуулах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, энэ талын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж сургахад дэмжлэг үзүүлэх, малын халдварт өвчний оношлогоо, судалгааны чиглэлээр мэргэжилтнүүдийг Дундадын лаборатори, хүрээлэнд дадлагажуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх саналыг тавьсан юм. Дэд тэргүүлэгч Юн Гуанжүн болон холбогдох албаныхан бидний саналыг нааштайгаар хүлээн авч, бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Айлчлалын эхний өдөр ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын дэд дарга Бүрэнтэй уулзсан бөгөөд хоёр орны хөдөө аж ахуйн гаралттай бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Сэтгүүлч: Айлчлал ямар үр дүнд хүрсэн бэ?
Ноён Б.Батзориг: Уулзалтаар хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах эхлэлээ тавьсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зарим компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь ихээхэн ач холбогдолтой юм. Уулзалт бол маш амжилттай болсон байна. Хоёр тал хамтран ажиллах гарцаа нээж байна. Зарим нэгэн компаниуд хамтран ажиллах гэрээгээ саяхан байгууллаа. Ингээд хамтын ажиллагаа улам өргөжиж цааш явна гэж бодож байна.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсаас Дундад улс руу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, өвс, тэжээл, тосны ургамал экспортлох зорилготой бөгөөд Дундад улсын талтай хорио цээрийн асуудлаа тохирвол ажил биеллээ олох юм.
МОНГОЛ МАЛЫН МАХ ХААНА Ч БАЙХГҮЙ АМТ ШИМТЭЙ ЧАНАРТАЙ МАХ
Сэтгүүлч: Айлчлалын хүрээнд ямар талаар анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
Ноён Р.Раднаасэд: Монгол Улсад махны экспорт хийх боломж бололцоо байдаг. Дундад улсад махны эрэлт байгаад байдаг. Энэ удаагийн уулзалт бол мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход Дундад улсын хил хорио цээрийн газартай хамтарч хөнгөвчлөх, энэ экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарал хандуулан уулзаж байна.
Сэтгүүлч: Уулзалтад холбогдох албаны байгууллага хооронд аль талаар нарийн хэлэлцэн тохирч байгаа вэ?
Ноён Р.Раднаасэд: Энэ дунд оршиж байгаа гол зүйл бол малын халдварт өвчин болон махтай холбоотой бусад өвчний асуудлаар хил, хорио цээрийн хяналтыг хэрхэн яаж тавих, үйлдвэрлэж байгаа махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хэр хангагдаж байна гэдэг дээр хоёр талаас нэлээд дэлгэрэнгүй уулзаж ярилцлаа. Энэ удаа Дундад улсын махны худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид болон Монголын талаас нийлүүлж байгаа компани уулзалт хурал хийж байна. ӨМӨЗО-ны Хяналт хорио цээрийн газрын даргатай уулзаж Монгол Улсаас махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох тал дээр санал солилцлоо.
Сэтгүүлч: Талуудын яригдаж байгаа асуудлын хувьд танай талын гүйцэтгэх ажлын үүрэг юу байна?
Ноён Р.Раднаасэд: Энэ удаагийн уулзалтын бас нэг гол зорилго нь 7 дугаар сард байгуулагдах хонь ямааны мах болон үхрийн махыг экспортлох, энэ нь бүтээгдэхүүн биш түүхийгээр нь экспортлоход хорио цээрийн дэглэм, хяналт шалгалт, шаардлагын талаар хоорондоо ярилцаж санал солилцлоо. Энэ бол махны экспорт импортод хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тэр дундаа махны хувьд экспортыг хөгжүүлэхэд Монгол Улсын зорилт байгаа. Энэ дээр бол Мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардлагатай махны үйлдвэрүүдтэй хамтарч зөвлөгөө өгөх, дэмжих зарим зүйлүүд дээр алдаа оноог нь засуулах тал дээр байнга хамтарч ажиллаж байгаа. Энэ талаар байнгын хараа хяналт тавигдаж байгаа гэж ойлгож болно.
Сэтгүүлч: Уулзалтаас ямар үр дүн хүсэж байна вэ?
Ноён Р.Раднаасэд: Цаашид махны экспорт нэмэгдсэн, махан бүтээгдэхүүний экспорт Дундад улсруу их хэмжээгээр нэмэгдсэн ийм л үр дүн гараасай гэж миний зүгээс бодож байгаа.
Сэтгүүлч: Дундад улсад экспортлох мах махан бүтээгдэхүүний чанар, давуу тал нь юу вэ?
Ноён Р.Раднаасэд: Монгол малын мах гэдэг бол амт чанар бүх зүйлээрээ давуу байдаг. Хаа ч байхгүй зэрлэг байдлаар оршиж байгаа, хэдийгээр гэрийн тэжээмэл гэж байгаа ч хагас зэрлэг байдлаар амьдардаг. Нийтдээ Монголд жилд дунджаар нэг хүний махны жилийн хэрэглээ 94 килограмм байдаг. Тиймээс ямар их хэмжээний мах махан бүтээгдэхүүн монголчууд хэрэглэдэг, малдаа хэрхэн анхаарал халамж тавьдаг нь эндээс харагдаж байна. Дээр нь нэг зүйл гэвэл монгол малын мах гэдэг бол хаана ч байхгүй амт шимттэй, чанартай мах байгаа. Тэгэхээр энэ амт чанартай махыг Дундад улсад экспортолж үүгээр дамжин Дундад Монголын гадаад худалдаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин дэвжихэд бас нэг томоохон алхам болох болов уу гэж бодож байна.
