
Хятадын Үндэсний баярын амралтын өдрүүдээр Гуанжөү хотын Юнчинфан түүх, соёлын гудамж 800 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Боржин чулуун гудамжны хоёр талаар уламжлалт биет бус соёлын өвийн урлал, үйлчилгээ эрхэлдэг газруудаас эхлээд орчин үеийн загварлаг брэндийн дэлгүүрүүд эгнэн байрлаж, хөл хөдөлгөөн тасралтгүй өрнөнө. Ойролцоох Лижывань голын эрэгт жуулчид эртний хэв маягийн хувцас өмсөн, дурсгалын зураг татуулна. Уламжлалт соёл, орчин үеийн чиг хандлагыг хослуулсан худалдаа, үйлчилгээ энд нэгэн цогц болон хөгжиж, хотын амьдралын өнгө төрхийг илтгэнэ.
Эньнин зам дагуух Юнчинфан нь Гуанжөү хотын Ливань дүүргийн хуучин хотын төв хэсэгт байрладаг бөгөөд эндхийн барилгуудын ихэнх нь 1930-аад онд баригдсан байна. Гуанжөү хотод хамгийн бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн уламжлалт баганат тагттай барилгуудын цогцолбор энд бий. Боржин чулуун гудамж, Шигуань хэв маягийн уламжлалт хашаат байшингууд хоорондоо залган үргэлжилж, Брюс Лигийн өвөг дээдсийн гэр, Бахэ гильдийн ордон, Ли Вэньтяний хуучин сууц, Луаньюй танхим, Баочин ломбард зэрэг түүх, соёлын өндөр үнэ цэнтэй барилгуудыг холбодог. Энэ бүхэн тус дүүргийн соёлын гүн өвийг илтгэнэ.
Гэвч 1990-ээд он гэхэд хотын хөгжил, өөрчлөлтийг даган Эньнин зам дагуух Юнчинфан бүс нь Гуанжөү хотын хуучин дүүргүүд дотроо нурах эрсдэлтэй барилга хамгийн олноор төвлөрсөн газруудын нэг болжээ. Барилгууд удаан хугацаанд засвар, үйлчилгээ хийгдээгүйгээс муудаж, ханын өрлөг нурж, элэгдэн хуучирсан байв. Хотын инженерийн шугам сүлжээ эмх замбараагүй, нийтийн эзэмшлийн орон зай давчуу, дагалдах үйлчилгээ, дэд бүтэц нь хоцрогдсон байлаа. Үүний улмаас гудамжны хөл хөдөлгөөн татарч, түүх, соёлын уламжлал мартагдах, орон нутгийн хүн амын насжилт нэмэгдэх, хөгжлийн эрч хүч сулрах зэрэг хүндрэл үүссэн тул шинэчлэн сэргээх зайлшгүй шаардлага тулгарчээ.
- Эньнин зам дагуух Юнчинфаны шинэчлэл, өөрчлөн байгуулалтын ажлыг 2006 оноос төлөвлөж эхэлсэн. Эхний үед бүхэл бүтэн хэсгийг хамруулан барилгуудыг нурааж, шинээр барих хувилбарыг ч төлөвлөж байв. Гэвч төслийг хэрэгжүүлэх явцад талууд хуучин хотын үнэ цэнийг дахин нягталж үзсэнээр шинэчлэлийн чиглэлд томоохон өөрчлөлт гарсан юм. Ингээд барилгуудыг бөөнөөр нь нурааж, шинээр барих аргаас татгалзан, бага хүрээнд нарийн нямбай шинэчлэл хийх, хуучин барилгуудыг анхны төрхөөр нь сэргээн засварлаж, хамгаалахын зэрэгцээ шинэ зориулалтаар ашиглах чиглэлд шилжсэн гэж Юнчинфаны шинэчлэлийн ажлыг эхнээс нь дуустал биечлэн оролцсон Гуанжөү хотын Ливань дүүргийн Орон сууц, барилга байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн газрын нэгдүгээр зэргийн судлаач Жян Вэйхүй танилцууллаа.

Шинэчлэлийн
явцад төслийн баг хуучин барилгуудыг нураалгүй, гудамж талбайн анхны зохион
байгуулалтыг алдагдуулалгүй, “Хуучныг хуучин төрхөөр нь сэргээх”, хөндлөнгийн
оролцоог аль болох бага байлгах зарчмыг баримталжээ. Ингэхдээ Линнань нутгийн
уламжлалт барилгын анхны хэлбэр, бүтцийг хадгалж, хөх тоосгон хана, манж цонх,
сараалжин хаалга зэрэг архитектурын уламжлалт эд ангиудыг сэргээн засварлаж,
гудамж талбайн анхны өнгө төрх, орон зайн зохион байгуулалтыг сэргээсэн байна.
Үүний зэрэгцээ галын аюулгүй байдал, бохир ус зайлуулах систем, инженерийн
шугам сүлжээ зэрэг орчин үеийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, ашиглалтын явцад
тулгарч байсан дутагдлыг арилгажээ. Ийнхүү хуучин барилгуудыг нурааж, шинээр
барих аргаас татгалзан, нарийн нямбай засварлаж, хамгаалах шинэ арга барилыг
нэвтрүүлсэн байна.
Барилгуудыг засварлаж, орчны чанарыг сайжруулах нь хотын шинэчлэлийн зөвхөн эхний алхам юм. Харин биет орчны шинэчлэл дууссаны дараа түүх, соёлын өвийг хэрхэн амьдруулан ашиглах нь тухайн дүүргийн урт хугацааны тогтвортой хөгжил, амьдрах чадвар, хөгжлийн эрч хүчийг тодорхойлох гол хүчин зүйл болдог.
Юнчинфаны хамгийн том давуу тал нь Шигуань нутгийн уламжлалт соёлын гүн өв юм. Хотын түүх, соёлын залгамж чанарыг хадгалж, уламжлалт соёлыг орчин үеийн өнгө төрхөөр баяжуулах нь Юнчинфаныг сэргээн хөгжүүлэх үндсэн чиглэл болсон байна.
Юнчинфаны биет бус соёлын өвийн гудамж нь Гуанжөү хотын анхны ийм төрлийн гудамж юм. Тус гудамжид уламжлалт урлалыг хамгаалж, өвлөн уламжлуулах таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд “төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний хөнгөлөлт гаргах, өвлөн уламжлагчид өөрсдөө тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах” загварыг хэрэгжүүлж байна. Өдгөө биет бус соёлын өвийн 12 мастерын урлан энд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Биет бус соёлын өвийн гудамжинд байрлах “Юйтунхао” нэртэй уламжлалт хэв урлах дэлгүүрт ороход төрөл бүрийн багаж хэрэгсэл, модоор урласан нарийн хийцтэй хэвнүүд эгнэн харагдана. Тэдгээр хэв дээр наранцэцэг, өлзийт тоор, аз жаргал, буян хишиг, урт насны бэлгэдэл болсон гурван сахиус зэрэг олон төрлийн хээ дүрсийг сийлсэн байх бөгөөд Гуанфү нутгийн ардын зан заншил, сайн сайхныг бэлгэдсэн утга агуулжээ.
Юнчинфаны биет бус соёлын өвийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг, Гуанжөү хотын уламжлалт нарийн боовны хэв хийх урлалыг өвлөн уламжлагч, мужийн түвшний биет бус соёлын өвийн төлөөлөгч Юй Жаожи өдөр бүр дэлгүүртээ хэв урлаж, дотоод, гадаадын жуулчдад сийлбэр хийх ур чадвараа танилцуулдаг.
Тэрээр:
- Уламжлалт урлалыг жуулчдад шууд үзүүлж, хэрхэн хийдгийг нь харуулахад олон залуу өөрсдөө туршиж үзэх хүсэлтэй байдаг. Уламжлалт урлал олон хүнд хүрч, танигдах тусам шинэ амьдралаар үргэлжлэн хөгжих боломж нь нэмэгддэг гэж ярилаа.

Юнчинфан нь биет бус соёлын өвийн гудамжаараа дамжуулан Линнань нутгийн уламжлалт соёлыг хадгалахын зэрэгцээ шинээр хөгжиж буй бизнес, үйлчилгээний төрлүүдийг идэвхтэй нэвтрүүлж, түүхэн дүүргээ соёлын гүн өвтэй атлаа залуу үеийн эрч хүчээр дүүрэн орчин болгон хөгжүүлж байна.
“Юйтунхао” дэлгүүрийн яг эсрэг талд байрлах “Цайюньтан” соёл, бүтээлч бүтээгдэхүүний дэлгүүрт олон залуу жуулчин хүслээ бичих ерөөлийн пайз, аз хийморь дуудах жижиг бэлэг дурсгалын зүйлс сонгон худалдан авч байлаа. Тэд ийнхүү чөлөөт, таатай орчинд Линнань нутгийн ерөөл, бэлгэдлийн уламжлалт соёлтой танилцаж байна.
Дэлгүүрийн эрхлэгч Сун Жюньпэн:
- Юнчинфан нь Гуанжөү хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдаа, үйлчилгээний бүс төдийгүй хуучин Гуанжөүгийн дүр төрхийг харуулсан хотын нэрийн хуудас юм. Тус дүүргийн дэлгүүрүүд бусад гудамжны дэлгүүрүүдтэй адил нэгэн хэвийн, тодорхой онцлоггүй биш бөгөөд өөрийн брэндийн өвөрмөц, шинэлэг хэв маягтай гэдгээрээ ялгардаг. Тэрээр Юнчинфаны цаашдын хөгжлийн боломжид өндөр итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Өвөрмөц онцлогтой дэлгүүр, худалдаа, үйлчилгээний газруудаас гадна Юнчинфан нь тогтмол зохион байгуулдаг соёлын арга хэмжээнүүдээрээ олон нийтийг татаж, урлагийн олон төрлийн тоглолт, үзүүлбэрээр дамжуулан хуучин гудамжныхаа хөгжлийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлж байна. Жил бүр 200 гаруй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, 20 сая гаруй жуулчин хүлээн авдаг болжээ.
Хуучирч муудсан барилга байгууламж олноор төвлөрсөн бүс байсан Юнчинфан өнөөдөр эртний уламжлал, орчин үеийн хөгжлийг хослуулсан хотын соёлын зочны өрөө болон өөрчлөгдсөн байна. Шинэчлэл, сэргээн босголтын явцад хуучин Гуанжөүгийн өдөр тутмын амьдралын халуун дулаан уур амьсгал, хотын түүхэн өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ шинэ цаг үеийн соёлын илэрхийллийг бий болгосон байна. Ийнхүү мянга мянган жилийн түүхтэй Линнань нутгийн соёлын уламжлал хотын эгэл жирийн амьдралын дунд тасралтгүй өвлөгдөж, шинэчлэгдэн хөгжсөөр байна.
