“Мөнгөн давлагаа” эрчимтэй өрнөхийн хэрээр ахмад настнуудад чиглэсэн эдийн засаг улам бүр эрчимжиж байна. Хятадын Иргэний хэрэг эрхлэх яам зэрэг 19 байгууллагын хамтран гаргасан “Ахмад настнуудын нийгмийн оролцоог дэмжих, тэдний мэдлэг, туршлага, чадварыг нийгмийн хөгжилд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх тухай чиглүүлэх санал”-д ахмад настнуудад тохирсон олон төрөл, хувь хүний онцлогт нийцсэн ажлын байрыг бий болгож, тэдэнд чанартай, үр ашигтай ажил эрхлэлт болон мэргэжлийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатайг тусгажээ. Энэ нь ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломжийг аажмаар нээж байгаа юм.

2025 оны эцсийн байдлаар Хятадын 60 болон түүнээс дээш насны хүн ам 323.38 саяд хүрсэн бөгөөд 2035 он гэхэд 400 саяас давах төлөвтэй байна. Ахмад настны эдийн засгийн зах зээлийн хэмжээ 30 их наяд юаниас давах төлөвтэй байгаа юм.
Өглөөний 08:30 цагт Шанхай хотын Пүдүө дүүргийн нэгэн оффисын барилгад ажлын байраар хангах ярилцлага болж байна. Ярилцлагад оролцогчид нь залуу ажил хайгчид бус, харин тэтгэвэрт гарсан ахмад настнууд байв.|
Энэхүү “Ахмад үеийн шинэ ажлын байр” хөтөлбөр нь 50–75 насны ахмадуудад зориулсан бөгөөд салон, лекцийн багш, худалдааны төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигч, гэрэл зурагчин гэсэн гурван төрлийн ажлын байрыг санал болгожээ.
Эдгээр ажил нь өдөр бүр тогтмол ажлын байранд суух шаардлагагүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын тоогоор цалин хөлс олгодог. Цалин нь 200–3000 юанийн хооронд байна. Бүртгэл эхэлснээс хойш 20 хүрэхгүй хоногийн дотор хүсэлт гаргагчдын тоо 100 давж, эцсийн шатанд 31 хүнийг ярилцлагад оролцуулахаар сонгожээ.
Шанхай бол Хятадын хэмжээнд хүн амын насжилтын түвшин хамгийн өндөр хотуудын нэг юм. 2025 оны эцсийн байдлаар Шанхай хотын бүртгэлтэй хүн ам 15 сая 557 мянгад хүрсэн бөгөөд үүнээс 60 болон түүнээс дээш насны ахмад настнууд 5 сая 843 мянга 800 буюу нийт хүн амын 37.6 хувийг эзэлж байна.
Шанхай хотын анхны “Ахмад настанд ээлтэй худалдааны төв” нь ахмад настнуудын өргөн хүрээний хэрэглэгчдийн урсгалыг тогтвортой үйлчлүүлэгч болгон хувиргах зорилгоор “Ахмад найз нөхдийн клуб” байгуулж, жил бүр зуу гаруй удаагийн уулзалт, салон арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Худалдааны төвийн танилцуулснаар “Ахмад үеийн шинэ ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь ахмад настнуудын хөдөлмөрийн нөөц бололцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ ижил насны хүмүүс бие биедээ үйлчилгээ үзүүлэх нь илүү дотно, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн байдагтай холбоотой аж.
Эцсийн шатанд 24 хүнийг туршилтын хугацаанд ажиллуулахаар сонгосон бөгөөд ярилцлагад оролцсон бүх хүнийг худалдааны төвийн ахмад настны мэргэжилтнүүдийн мэдээллийн санд бүртгээд байна. Шинэ орчин, шинэ загвар бүхий эдгээр ажлын байр нь олон ахмад настанд мэдлэг, туршлагаа ашиглан нийгэмдээ хувь нэмэр оруулах шинэ боломж олгож байна. Мөн худалдааны төв ахмад настнуудаас бүрдсэн нэгэн симфони найрал хөгжмийн багтай урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлж байна.
75 настай хийлч Цао Иминь 2011 онд тэтгэвэрт гарсныхаа дараа энэхүү симфони найрал хөгжмийн багийг байгуулжээ. Одоогоор тус найрал хөгжмийн баг 90 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний тал орчим нь тэтгэвэрт гарсан хүмүүс, хамгийн ахмад нь 81 настай. Тэдний хувьд тэтгэвэрт гарах нь амьдралын төгсгөл биш, харин өөр нэгэн хэлбэрээр дуртай зүйлээ үргэлжлүүлэн эрхлэх эхлэл юм.
Эдгээр ахмад үеийн мөрөөдлөө биелүүлэгчид хөгжимд дуртай сэтгэлээрээ урлагийг амьдралынхаа “хоёр дахь мэргэжил” болгожээ. Найрал хөгжмийнхөн долоо хоног бүр тогтмол бэлтгэл хийж, жил бүр 15-аас дээш удаа тоглолт зохион байгуулдаг байна.
Шанхай бол Хятадын хэмжээнд хүн амын насжилтын үйл явцад хамгийн эхэнд орсон томоохон хотуудын нэг бөгөөд ахмад настнуудын боловсрол эзэмших хэрэгцээ өндөр байдаг.
2025 онд Шанхай хот “Шанхай хотын ахмад настны боловсролыг чансаатай хөгжүүлэх гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө /2025–2027 он/”-г батлан гаргаж, ахмад настны боловсролын хөгжлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ “15 минутын зайд хүрэх ахмад настны боловсролын сургалтын тойрог” байгуулах зорилт дэвшүүлжээ.
70 настай Ван Юаньжэ нь Пүдө дүүргийн Ахмадын их сургуулийн гэрэл зургийн багш юм. Тэрээр тодорхой хугацааны давтамжтайгаар ангийн суралцагчдаа дагуулан гадаа гэрэл зураг авах дадлага хийдэг бөгөөд ахмад настнуудад уран бүтээлдээ хиймэл оюун ухааны технологийг ашиглах аргыг мөн зааж байна.
Ван Юаньжэгийн ажилладаг Пүдө дүүргийн Ахмадын их сургуулийн багш нарын 30 орчим хувь нь тэтгэвэрт гарсныхаа дараа дахин уригдан ажиллаж буй багш нар юм. Уламжлалт сургалтын хичээлүүдэд ахмад багш нарын туршлага, давуу тал тод илэрдэг. Тус сургууль 2026 оны хаврын сургалтаар нийт 200 орчим төрлийн сургалт явуулжээ.
2026 оны хаврын шинэ сургалтын хугацаанд Шанхай хотын төв, дүүрэг, гудамж, суурин болон нийгмийн байгууллагуудын эрхлэн ажиллуулдаг ахмад настны боловсролын байгууллагууд нийт 500 мянга гаруй суралцагчийн элсэлтийн орон тоо гаргасан бөгөөд бүтэн жилийн хугацаанд 1 сая 50 мянгаас дээш суралцагчдыг хамруулахаар төлөвлөж байна.
Энэ оны гуравдугаар сард Шанхай хотын Иргэний хэрэг эрхлэх газар болон бусад 27 байгууллага хамтран “Шанхай хотын ахмад настнуудын нийгмийн оролцоог дэмжих тогтолцоог бүрдүүлж, тэдний мэдлэг, туршлага, чадварыг нийгмийн хөгжилд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгжүүлэх төлөвлөгөө” гаргажээ. Тус төлөвлөгөөнд ажиллах хүсэлтэй ахмад настнуудад ажлын байрны мэдээлэл, ажил эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, ур чадвараа дээшлүүлэх хэрэгцээтэй хүмүүст зориулсан сургалт зохион байгуулах, аж ахуйн нэгж болон нийгмийн байгууллагуудыг ахмад настанд ээлтэй ажлын байр бий болгоход татан оролцуулах зэрэг арга хэмжээг тусгасан байна.
Өдгөө улам олон ахмад настан хөдөлмөр эрхлэлтийн “хоёр дахь хавар”-аа угтаж байгаа энэ үед тэдний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн илүү сайн хамгаалах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхээс эхлээд холбогдох институц, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүртэл эрх ашгийн хамгаалалтын дутагдалтай талыг нөхөх нь ахмад настнуудыг нийгэмд хувь нэмрээ оруулах нөхцөлөөр хангаж, ахмад настны эдийн засгийг чансаатай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Ирээдүйд ахмад настны эдийн засаг улам өргөжин тэлж, нийгмийн үзэл хандлага шинэчлэгдэн, эрх зүйн болон институцийн баталгаа улам боловсронгуй болохын хэрээр ахмад настнууд амьдралынхаа алтан үед илүү олон талт сонголттой болно. Ингэснээр “Амьдралын жаргалтай намар” нь үнэхээр гэрэл гэгээтэй, өнгөлөг байх боломж бүрдэх юм.
