Өнөөдөр Хятадын хүн амын бүтцэд гүнзгий өөрчлөлт гарч, хүн амын насжилтын түвшин тасралтгүй нэмэгдэж байна. Хүн амын насжилт нь эдийн засаг, нийгмийн бүтцийг өөрчлөн шинэчлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл болж байгаа бөгөөд энэхүү шинэ нөхцөл байдлыг шинжлэх ухаанч, цогц байдлаар хэрхэн зохицуулах нь улс орны хөгжлийн ерөнхий төлөв байдалтай холбоотой стратегийн чухал асуудал болоод байна.

“15-р таван жил”-ийн төлөвлөгөөнд ахмад настны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, ахмад настнуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, энэ салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж, нэр хүндтэй брэндүүдийг төлөвшүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэ нь ард иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг тасралтгүй дээшлүүлэхийн зэрэгцээ ахмад настны эдийн засгийн үнэ цэнийг зөв тодорхойлж, хүн амын урт наслалттай холбоотой эрсдэлийг урт наслахын өгөөж болгон хувиргах зайлшгүй шаардлага, стратегийн сонголт юм.
Хүн амын насжилтын асуудлыг идэвхтэй шийдвэрлэх нь үндэсний стратегийн түвшинд дэвшиж, ахмад настны эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн улсын анхны тусгай бодлого батлагдсан нь ахмад настны нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, холбогдох үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх ажлыг уялдуулан хэрэгжүүлэх шинэ үе шат эхэлснийг харуулж байна. Иймд ахмад настны эдийн засгийн үнэ цэнийн чиг баримжааг шинэчлэн тодорхойлохын тулд цогц бодлого хэрэгжүүлж, олон талт арга хэмжээг уялдуулан сайжруулах шаардлагатай.
Технологийн инновацаар дамжуулан хөгжлийн материаллаг суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан, эд зүйлсийн интернет зэрэг дэвшилтэт технологид тулгуурлан аюулгүй, хэрэглэхэд хялбар, гоо зүйн шаардлага хангасан, ахмад настанд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг “хэрэглэж болох” түвшнээс “хэрэглэхэд хялбар, тав тухтай” түвшинд ахиулах нь чухал юм.
Эмнэлгийн тусламж, асаргаа сувилгаа болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг уялдуулах, сувилал, амралтыг хослуулах ажлыг гүнзгийрүүлэх шаардлагатай. Ингэхдээ гэрийн асаргаа, олон нийтийн үйлчилгээний төв, мэргэжлийн асрамжийн байгууллага, аялал жуулчлалын үеийн асаргаа, сувилгаа зэргийг уялдуулсан ахмад настны үйлчилгээний сүлжээг бүрдүүлэх нь зүйтэй. Мөн “15 минутын ахмад настны үйлчилгээний тойрог”-ийг бий болгож, ахмад настнуудад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний оюун санааны хэрэгцээг хангаж, амьдралынх нь чанар, нэр төрийг хамгаалах учиртай.
Насны хязгаарлалтыг арилгаж, уян хатан хөдөлмөр эрхлэлт, “цагийн банк”-ны тогтолцоо, сайн дурын үйл ажиллагаа зэрэг хэлбэрээр бие бялдар, эрүүл мэндийн хувьд идэвхтэй, харьцангуй залуу ахмад настнуудыг нийгмийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжих хэрэгтэй. Ингэснээр ахмад үеийн мэдлэг, туршлага, ур чадварын үнэ цэнийг бүрэн нээж, тэдний нөөц боломжийг эдийн засаг, нийгмийн хөгжилд үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэнэ.
“Ахмад настны асаргаа, халамж”-аас “ахмад насаа аз жаргалтай, утга учиртай өнгөрүүлэх” үзэл баримтлалд шилжих нь хөгжлийн хандлагын гүн гүнзгий өөрчлөлт юм. Ахмад настны эдийн засгийг хөгжүүлэх нь зөвхөн салбарын эдийн засгийн цар хүрээг тэлэх асуудал биш, харин иргэдийн сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, салбарын хөгжлөөр дамжуулан өндөр наслалтыг идэвхтэй дэмжих явдал юм. Үүний эцсийн зорилго нь олон сая ахмад настанд амьдралынхаа хожуу үеийг илүү өндөр чанартай, аз жаргалтай, нэр төртэй өнгөрүүлэх боломж бүрдүүлэхэд оршино.
