solongonews
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болов
2026-11-20 09:34

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 19-ний үдээс хойш Шэньжэнь хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос, Америк гурван улсын төрийн тэргүүн нар түүхэнд анх удаа гурвалсан уулзалт хийж байгаа нь шинэ хуудас сөхсөн чухал ач холбогдолтой үйл явдал юм гэжээ.Тэрээр, энх тайван бол хүн төрөлхтний мөнхийн хүсэл эрмэлзэл юм. Манай дэлхий дээр 10 мянга гаруй удаа дайн дэгдэж, дэлхийн хоёр удаагийн дайн хүн төрөлхтөнд урьд өмнө байгаагүй их гамшиг учруулсан. Өнөөдөр ч дэлхийн хэмжээнд бүс нутгийн 60 гаруй мөргөлдөөн үргэлжилсээр байна. Түүх бидэнд нэг зүйлийг сургасан. Их гүрнүүд эвтэй байвал дэлхий амгалан, их гүрнүүд сөргөлдвөл дэлхий үймээн самуунд автана. 80 гаруй жилийн өмнө дэлхийн фашизмын эсрэг тэмцлийн гол хүч болсон Хятад, Орос, Америк гурван улс мөр зэрэгцэн тэмцэж, агуу ялалт байгуулан, дэлхий дахинд энх тайван, амар амгаланг авчирсан юм. Түүх бол хамгийн сайн сурах бичиг билээ. Бид түүхээ мартахгүй, түүхээс сургамж авч, ирээдүйг бүтээх ёстой гэжээ.
 
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц аль хэдийн бие биеэсээ тусгаарлагдсан арлууд байхаа больсон. Хүн төрөлхтөн дэлхий хэмээх нэгэн тосгонд хамтдаа амьдарч, хөгжин цэцэглэхдээ ч, хохирол амсахдаа ч харилцан нөлөөлдөг хувь заяаны нэгдмэл цогц болсон юм. 
Энэхүү дэлхийн тосгонд их гүрнүүд онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Их гүрнүүдийн эерэг харилцаа нь сонголт бус, зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулж, Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг идэвхтэй байгуулан, энх тайвнаар зэрэгцэн орших, ерөнхийдөө тогтвортой, тэнцвэртэй хөгжих их гүрнүүдийн харилцааны тогтолцоог бүрдүүлэхийг хичээж ирсэн юм. Энэ нь зөвхөн харилцан ашигтай төдийгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгч байгаа юм. Өнөөдөр дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт хурдацтай өрнөж, олон улсын нөхцөл байдал тайван бус байна. Хүнд бэрх цаг үед үүрэг хариуцлага тодордог. Дэлхийн гол их гүрнүүд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Хятад, Орос, Америк гурван улс үлгэр жишээ үзүүлж, дэлхий нийтийн сорилтуудыг хамтран даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалан, хүн төрөлхтний хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Ши Жиньпин их гүрнүүд хэрхэн зөв харилцаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалах талаар дараах дөрвөн санал дэвшүүлэв.
 
Нэгдүгээрт, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлах. Харилцан хүндэтгэх нь их гүрнүүдийн харилцааны үндсэн зарчим юм. Хятад, Орос, Америк гурван улсын үндэсний нөхцөл байдал харилцан адилгүй бөгөөд аль нь ч нөгөөгөө өөрчилж чадахгүй. Энэ нь түүхэн хөгжлийн үр дүн төдийгүй тухайн орны ард түмний бие даасан сонголт юм. Иймээс бие биеэ хүндэтгэж, адил талаа нэгтгэн, ялгаа зөрүүгээ хүндэтгэж, хамтдаа хөгжих нь зөв хандлага юм. Талууд харилцан бие биеийнхээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн зам, язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал асуудлуудыг хүндэтгэх ёстой. Бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримталж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх шаардлагатай. 
Нөгөө талынхаа эрх ашигтай холбоотой чухал, эмзэг асуудлаар урьдчилан харилцаж, бие биеийнхээ байр сууринаас асуудлыг авч үзэн, болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа нөгөө талын давж болохгүй улаан шугамыг зөрчиж болохгүй.
 
Хоёрдугаарт, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлах. “Фукидидийн урхи” бол зайлшгүй тохиох хувь тавилан биш. Гол нь том гүрнүүд ямар сонголт хийхээс шалтгаална. Хятад, Орос, Америк гурван улс түнш, найз нөхөд болж, мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийж, энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн зарчмыг сахин, “Фукидидийн урхи”-наас гарахын төлөө хүчин чармайлт гаргах ёстой. 
Хятад, Орос, Америк нь бүгд Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан гол орнуудын хувьд дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтлан, амаргүй тэмцлээр олж авсан Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамгаалах ёстой. Цөмийн зэвсэг бол хүн төрөлхтний толгой дээр дүүжлээстэй “Дамоклын сэлэм” юм. Цөмийн зэвсгийг бүхэлд нь хориглож, бүрэн устган, эцсийн дүндээ цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулах ёстой. Цөмийн дайнд ялагч гэж байхгүй бөгөөд ийм дайныг хэзээ ч хийж болохгүй. Цөмийн дайнаас сэргийлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа гаргаж, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг сахин биелүүлж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах шаардлагатай.
 
Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлах. Гурван улсын хөгжлийн нөөц боломж, давуу тал харилцан адилгүй боловч эдийн засгийн хувьд бие биеэ нөхөх боломж ихтэй. Иймээс тус тусын давуу талаа ашиглаж, харилцан хэрэгцээгээ хангах боломжтой. 
Хүйтэн дайны сэтгэлгээнээс татгалзаж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн, баялаг нөөцтэй орон, үйлдвэрлэл хөгжсөн орон, хэрэглээний томоохон зах зээлтэй улс орнуудын давуу талыг харилцан уялдуулах хэрэгтэй. Ингэснээр хамтын ажиллагааны цар хүрээг хамтдаа тэлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэх болно. Харин эдийн засгийн харилцааг салгаж, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах бодлого явуулж болохгүй. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал ноцтой сорилттой тулгарч байна. Гурван улс харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй үйл ажиллагааг хамтран хангаж, дэлхийн эрчим хүчний зах зээлийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй.
 
Дөрөвдүгээрт, яриа хэлэлцээ, зөвшилцлийн зарчмыг баримтлах. Их гүрнүүдийн хооронд санал зөрөлдөөн гарах нь зайлшгүй. Харин харилцаа холбоогүй бол харилцан үл итгэх байдал газар авч, жижиг маргаан ч томоохон мөргөлдөөн болж хувирах эрсдэлтэй. 
Гурван улс дээд түвшний тогтмол харилцаагаа хадгалж, бүх шатны яриа хэлэлцээний сувгийг нээлттэй байлган, хямралын үед харилцах, хямралаас урьдчилан сэргийлэх механизм байгуулах ёстой. Ингэснээр буруу дүгнэлт хийхээс сэргийлж, санал зөрөлдөөнийг зохистой зохицуулан, маргаан мөргөлдөөн болж хурцдахаас хамгаалах боломжтой. Өнөөдөр дэлхий дахинд олон төрлийн маргаан, зөрчил тасралтгүй үргэлжилж, нэг асуудлыг намжаахад нөгөө нь хурцдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг их гүрнүүдийг энх тайвныг дэмжиж, яриа хэлэлцээг ахиулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна. Хятад, Орос, Америк гурван улс мөргөлдөөнд оролцогч талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж, яриа хэлэлцээ өрнүүлэхийг үргэлжлүүлэн дэмжиж, улс төр, дипломат арга замаар маргаан зөрчлийг шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэжээ.
 
Владимир Путин хэлэхдээ, ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын түүхэн дэх анхны гурван талт уулзалтыг зохион байгуулсанд БНХАУ-д талархал илэрхийлье. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн томоохон гүрнүүд болон байнгын гишүүдийн хувьд ОХУ, БНХАУ, АНУ нь Дэлхийн 2-р дайны ялалтын нийтлэг өв уламжлалаар холбогдсон. НҮБ-ын дүрмийн зорилгыг баримталж, олон улсын энх тайвныг хамгаалах нь гурван улсын нийтлэг үүрэг хариуцлага юм. Цаашлаад "халуун цэг"-ийн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх нь гурван талын хамтын ашиг сонирхолд нийцдэг. Гурван улс тус тусын тулгамдсан асуудлыг хамтын ажиллагааны замаар тэнцвэртэй шийдвэрлэх, тус тусын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тус тусын тэгш эрх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмуудыг баримтлах ёстой. ОХУ нь БНХАУ, АНУ-тай харилцан хүндэтгэл, тэгш яриа хэлэлцээ, энх тайвнаар зэрэгцэн орших, санал зөрөлдөөнийг ухаалаг зохицуулах үндсэн дээр хамтран ажиллахад бэлэн байна. Чөлөөт, нээлттэй олон улсын худалдааг дэмжих, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, хиймэл оюун ухааны засаглалын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хамтран хувь нэмэр оруулахын тулд харилцан туслалцах, түүхэн үйл явдал өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

 

Дональд Трамп хэлэхдээ, АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын энэхүү гурван талт уулзалт нь дэлхий нийтийн ач холбогдолтой бөгөөд түүхэн үйл явдал болсон. Цөмийн зэвсэгтэй улсуудын хувьд гурван улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах онцгой чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох, цөмийн зэвсгээс хүн төрөлхтөнд учруулж болзошгүй сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд гурван тал хамтран ажиллах ёстой. Тогтвортой байдлыг хадгалах, энх тайвныг тогтоохын тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Бүх асуудлыг ийм аргаар шийдвэрлэх ёстой. Дэлхийгээ илүү сайн хамгаалж, аюулгүй ирээдүйг хангахын тулд дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Владимир Путин нартай хамтран ажиллахыг би хүсэн хүлээж байна гэжээ.
 
Гурван орны төрийн тэргүүн нар мөн Украины хямрал, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох, Ойрхи Дорнод, Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлуудын талаар санал солилцов.

Ши Жиньпин гурван улсын хооронд хүрсэн гол тохиролцоонуудыг нэгтгэн дүгнэж, БНХАУ ОХУ АНУ-ын тэргүүн нарын энэхүү уулзалт нь эерэг, бүтээлч, үр дүнтэй болсныг онцлоод, гурван улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тал дээр нэгдмэл байр суурьтай байгааг тэмдэглэв. Дэлхийн хоёрдугаар дайны үед мөр зэрэгцэн тэмцэж байсан түүхийг тэрээр дурсан, удирдагчид хүнд хэцүү замаар олж авсан энх тайвныг эрхэмлэн дээдлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Ши Жиньпин үргэлжлүүлэн хэлэхдээ, их гүрнүүд улс орон бүрийн аюулгүй байдлын хууль ёсны санаа зовнилыг хүндэтгэх ёстой бөгөөд санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зөв зам бол яриа хэлэлцээ, хэлэлцээр хийх явдал юм гэдэгт бид санал нэгдэв. Яриа хэлэлцээ үргэлжилж, харилцааны үүд хаалга нээлттэй хэвээр байдаг л юм бол энх тайвны найдвар оршсоор байх болно. Мөн удирдагчид сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын ажиллагаа зайлшгүй чухал болохыг нотолж, нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр энх тайвныг бэхжүүлж, харилцан ашигтай үр дүнд хүрч чадна гэдэгт санал нэгдлээ. Өнөөдрийн гурван талт уулзалтын үеэр тарьсан үр үндэс нь гарцаагүй үндэслэж, соёолон, цэцэглэж, үр жимсээ өгөх болно. БНХАУ, ОХУ, АНУ хүрсэн тохиролцоонуудаа үр дүнтэй хэрэгжүүлж, харилцаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлэн, яриа хэлэлцээгээр дамжуулан нийтлэг ойлголтыг бий болгож, хариуцлагатайгаар сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулан, хамтын ажиллагаагаар дамжуулан энх тайвныг дэмжиж, илүү сайн ертөнцийг цогцлохын төлөө хамтран ажиллах ёстой гэжээ.
 
Уулзалтын дараа гурван улс "БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэрүүн нарын Энх тайвны тунхаглал" -ыг гаргав.
 
Тус уулзалтад Цай Чи, Ван И нар оролцлоо.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих