solongonews
Ван И АПЕК-ийн удирдагчдын албан бус 33 дугаар уулзалт болон холбогдох арга хэмжээний үр дүнг танилцуулав
2026-11-20 12:02

Хятадын ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11- р сарын 19-нд Шэньжэнь хотноо гадаад, дотоодын сэтгүүлчдэд хандан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус 33 дугаар уулзалт болон холбогдох арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Ван И хэлэхдээ, АПЕК-ийн “Хятадын жил”-ийн хүрээнд нийт 321 хурал, арга хэмжээ зохион байгуулж, 75 гол үр дүнд хүрсэн байна. АПЕК-ийн 21 гишүүн эдийн засгийн удирдагчид болон төлөөлөгчид Шэньжэнь хотноо цугларч, “АПЕК-ийн удирдагчдын Шэньжэний алсын хараа” баримт бичгийг баталсан нь энэ удаагийн уулзалтын хамгийн чухал үр дүн боллоо гэжээ.

Уулзалтаар Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлд зургаан салбарт ахиц дэвшил гаргасан байна. Үүнд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, эдийн засаг, худалдааны харилцан холболт болон инновацын хөгжлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах, харилцан холболтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, инновацад суурилсан өсөлтийг дэмжих, бодит хамтын ажиллагааны платформ байгуулах зэрэг багтжээ.

Ван И онцлохдоо, Ши Жиньпин дарга хоёр болон олон талт 20 шахам уулзалт, арга хэмжээнд оролцсон байна. Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүн нар түүхэнд анх удаа гурван талт уулзалт хийж, “Энх тайвны тунхаглал” гарган, дэлхийн энх тайвныг хамгаалах, их гүрнүүдийн харилцааны стратегийн тогтвортой байдлыг хангах асуудлаар нийтлэг ойлголцолд хүрсэн гэжээ.

Тэрээр Шэньжэний уулзалт Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг бодитоор хэрэгжүүлэх шинэ шатанд гаргаж, бүс нутгийн хамтын ажиллагаа болон дэлхийн энх тайван, хөгжилд шинэ эрч хүч нэмлээ хэмээн онцолсон байна.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих