solongonews
Ши Жиньпин Австралийн ерөнхий сайд Энтони Албанизтай уулзав
2026-11-20 17:36

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 20-ны өдөр Шэньжэнь хотноо АПЕК-ийн (APEC) эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн Австралийн ерөнхий сайд Энтони Албанизтай уулзлаа.
 
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятад, Австралийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад, Австралийн хооронд түүхэн өш хонзон, язгуур ашиг сонирхлын зөрчил зэрэг байхгүй. Иймээс хоёр орон харилцан итгэлцэж, бие биеийнхээ хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагааны түншүүд байх ёстой. Ирэх онд тохиох хоёр орон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг боломж болгон ашиглаж, эрх тэгш харилцах, адилаа нэгтгэн, ялгаа зөрүүгээ хүндэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаар Хятад, Австралийн харилцааг шинэ гараанаас улам хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Хятад, Австралийн харилцааг шинэ шатанд гаргах талаар дөрвөн санал дэвшүүлэв. Тухайлбал:

Нэгдүгээрт, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд харилцан итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай баримталж, бие биедээ ухаалаг, найрсаг хандаж, харилцан язгуур ашиг сонирхол болон чухал асуудлуудыг анхаарч, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг хадгалах хэрэгтэй.

Хоёрдугаарт, тус тусын хөгжлийг ахиулах явцдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, эрчим хүч, ашигт малтмал зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг ахиулж, ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч, дижитал үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжих хэрэгтэй.

Гуравдугаарт, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэх. Хоёр тал 2027 оныг “Хятад, Австралийн аялал жуулчлалын жил” болгон зарлахаар тохиролцов. Орон нутаг, иргэд, залуучууд, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагуудын солилцоог нэмэгдүүлж, хоёр орны найрсаг харилцааны олон нийтийн үндэс суурийг бэхжүүлэх шаардлагатай.

Дөрөвдүгээрт, дэлхий нийтийн сорилтуудыг даван туулахад олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хэргтэй. Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамтран хамгаалах хэрэгтэй гэжээ.

Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз хэлэхдээ, Австрали, Хятадын харилцаа сайжирч, хөгжиж байгаа нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирч байна. Австралийн залуу оюутнуудад хариу захидал илгээсэн Ши Жиньпин даргад талархал илэрхийлье. Энэ нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Тэрээр Австрали улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын талтай дээд түвшний харилцаагаа нягтруулж, худалдаа, хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухаан зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, харилцан хүндэтгэн, санал зөрөлдөөнөө зохистой шийдвэрлэж, Австрали, Хятадын харилцааг нийгмийн өөр өөр тогтолцоотой улс орнуудын бүтээлч харилцааны үлгэр жишээ болгохыг хүсэж байгаагаа тэмдэглэжээ.

Энтони Албаниз Хятад улс Шэньжэнь хотноо АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, өнөөгийн тогтворгүй дэлхий ертөнцөд Хятад улс чухал хүч болж байгааг онцлов.

Түүнчлэн Хятадын тал Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүн нарын гурвалсан уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэхүү уулзалт нь дэлхий болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж мэдэгдсэн байна.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих