Хятадын төмөр замын Хөххот групп ХХК-ийн Эрээн хотын өртөөнөөс мэдээлснээр, 11-р сарын 15-ны байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор Хятад-Европын чиглэлийн 27 мянга гаруй ачааны галт тэрэг нэвтэрчээ.

Тус боомт нь Хятад-Европын төмөр замын "төв коридор"-ын хил нэвтрэх цорын ганц гарц юм. Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаас хойш Эрээн боомт дэд бүтцээ тасралтгүй сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх шинэчлэлийг эрчимжүүлэн, хил дамнасан тээврийн шинэ загваруудыг нэвтрүүлсээр байна. Үүний үр дүнд хил дамнасан логистикийн сүлжээ тогтвортой ажиллаж, ачааны галт тэрэгний урсгал тасралтгүй нэмэгдэж байна.
Тус боомтоор дамжин өнгөрсөн галт тэрэгний нийт тоо 2026 оны 6-р сарын 12-нд 25,000, 8-р сарын 24-нд 26,000-аас тус тус давсан бол 11-р сарын 15-ны байдлаар 27,000-ын босгыг давлаа.
1,000 галт тэрэг тутамд зарцуулагдах хугацаа гурван сар орчим болж богиноссон нь тээврийн өсөлт хурдацтай үргэлжилж байгааг харуулж байна. Энэхүү коридорын эрч хүчтэй өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал, газар зүйн өвөрмөц байршил болон платформын давуу талдаа тулгуурлан тээврийн сүлжээгээ өргөжүүлснээр гадаад худалдааны компаниуд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхдээ "төв коридор"-ыг сонгох нь улам бүр нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус коридороор нийт 76 чиглэлд ачааны галт тэрэг аялж, БНХАУ-ын ихэнх хөдөлгөгч хотуудыг Европын 10 гаруй орны 70 гаруй зангилаа өртөөтэй холбоод байна.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэл, инновацын чухал хэсэг болох ухаалаг боомтын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байна. Хятад-Европын ачааны галт тэрэгний тогтвортой, үр ашигтай ажиллагааг хангахын тулд төмөр замын байгууллага гааль, хилийн хяналтын албадтай нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн "Төмөр замын экспресс" загварыг нэвтрүүлж, 95306 "Дижитал боомт" системийг ашигласнаар гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг сайжруулж, хилээр нэвтрүүлэх хамгийн богино хугацааг 30 минут болтол бууруулжээ. Мөн Монгол Улсын Замын-Үүд өртөөтэй харилцаа холбоо, уялдаагаа бэхжүүлэн галт тэрэгний хөдөлгөөний төлөвлөгөөг оновчтой болгосноор ачаа хүлээлцэх чадавхыг тасралтгүй нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд энэ оны эхнээс хойш Эрээн хотын төмөр замын боомтоор өдөрт дунджаар Хятад-Европын чиглэлийн 13 галт тэрэг нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
11-р сарын 15-ны байдлаар энэ онд Эрээн хотын төмөр замын боомтоор Хятад-Европын чиглэлийн 4,140 ачааны галт тэрэг нэвтэрч, 4.109 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс галт тэрэгний тоо 3.2 хувь, ачааны хэмжээ 25.3 хувиар өссөн түүхэн дээд амжилт болов.Энэхүү өсөлт нь олон улсын аж үйлдвэр, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хангах болон "Бүс ба Зам" санаачилгын өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулахад бодит хувь нэмэр оруулж байна.
