БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 20-ны үдээс өмнө Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Индонезийн ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Индонезийн стратегийн харилцан итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрч, хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт шинэ шатанд гарсан нь хоёр орны шинэчлэлийг ахиулахад чухал түлхэц болж байна.
Өнөөдөр хоёр оронд шинэчлэлийг ахиулах, улс орныхоо урт хугацааны тогтвортой байдлыг хангах, гадаад таатай орчин бүрдүүлэх нийтлэг зорилт тулгарч байна. Иймээс хоёр тал стратегийн харилцаа холбоо, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүх талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Индонезийн хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг тасралтгүй шинэ шатанд гаргах хэрэгтэй.
Улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлж, гадаад эрсдэлээс хамтран сэргийлж, сорилтуудыг даван туулах шаардлагатай. Мөн эрх баригч намуудын төр улсыг удирдах туршлагын солилцоог нэмэгдүүлж, тус тусын засаглах чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй.
Харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, Жакарта–Бандунгийн өндөр хурдны төмөр зам, “Хоёр улс, хос аж үйлдвэрийн парк” зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн эрчим хүч, ашигт малтмалын нөөц, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, далайн салбарын түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлэн, бүх талын, өндөр түвшний эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг аль болох хурдан байгуулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, өнөөдөр дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт хурдацтай өрнөж, эрсдэл, сорилтууд ар араасаа гарч байна. Хятад, Индонез хоёр улс цаг үеийн үүрэг хариуцлагаа хамтран хүлээж, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах шударга ёсны хүч, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих бүтээлч хүч байх ёстой.
Хятадын тал Индонезийн талтай НҮБ, АПЕК, Хятад–АСЕАН зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн АСЕАН-ы эв нэгдэл, стратегийн бие даасан байдлыг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийг хамгаалан, Дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, бие даасан хөгжлийг ахиулж, дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто хэлэхдээ, би сүүлийн жилүүдэд тантай дөрвөн удаа уулзаж, хоёр талын харилцаанд чухал ахиц дэвшил гаргасан. Индонез, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнөхөөс илүү бэхжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй нэмэгдэн, эдийн засгийн хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрч, далайн нөөцийг хамтран ашиглах чиглэлд нааштай ахиц гарсан гэжээ.
Тэрээр Индонез улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд Тайванийг БНХАУ-ын нэг муж гэж үздэгийг онцлов. Индонезийн засгийн газар, ард түмэн тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд олон жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн Хятадын талд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
Индонез улс Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг тус улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг чин сэтгэлээсээ сайшаан хүлээн авч, найдвартай, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана гэж мэдэгдэв.
Прабово Субианто Хятадын тал АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулж, Ази, Номхон далайн хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргахад чиглүүлсэнд баяр хүргэлээ.
Тэрээр Хятад улс олон улсын үйл хэрэгт хариуцлагатай их гүрний үүрэг гүйцэтгэж байгааг Индонез өндөр үнэлж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхий нийтийн дөрвөн том санаачилгыг дэмжиж байгааг илэрхийлэв.
Мөн Индонез улс Хятадын талтай НҮБ, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эвлэрүүлэн зуучлах шүүх зэрэг байгууллагын хүрээнд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийг тууштай баримтлан, дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, Дэлхийн өмнөдийн орнуудын нийтлэг ашиг сонирхол болон бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
