solongonews
Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайд Лоуренс Вонтой уулзав
2026-11-20 16:24

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 20-ны үдээс өмнө Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Сингапурын ерөнхий сайд Лоуренс Вонтой уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Сингапур бол найрсаг хөршүүд, хөгжлийн чухал түншүүд юм. Хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа арвин үр дүнд хүрч, ард түмнүүдэд бодит үр өгөөж авчирсан. Дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт хурдацтай өрнөж буй энэ үед Хятад, Сингапур цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Ингэснээр хоёр орны бүх талын, өндөр чанартай, ирээдүйд чиглэсэн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргаж, тус тусын шинэчлэлийн бүтээн байгуулалтад илүү сайн үйлчилж, олон улс болон бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Сингапур харилцан итгэлцсэн чин сэтгэлийн анд нөхөд байх ёстой. Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалан, улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахад нь бие биеэ дэмжих хэрэгтэй.

Мөн инновацыг манлайлагч хөгжлийн түншүүд болж, “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулж, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн 4.0 хувилбарын хэлэлцээг эхлүүлж, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, хиймэл оюун ухаан зэрэг салбарт үлгэр жишээ хамтын ажиллагааны үр дүн бий болгон, хоёр талын хамтын ажиллагааг инновац, ухаалаг технологи, ногоон хөгжлийн чиглэлд шилжүүлэх хэрэгтэй.

Хоёр орон харилцан суралцаж, туршлага солилцдог найрсаг хөршүүд байх ёстой. Төр улсыг удирдах туршлагын солилцоо болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн, Хятад, Сингапурын найрсаг харилцааны олон нийтийн үндэс суурийг улам бэхжүүлэх шаардлагатай.

Түүнчлэн олон улсын шударга ёсыг хамгаалах дэвшилтэт хүч болж, АПЕК, Хятад–АСЕАН зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Зүүн Азийн хамтын ажиллагааг зөв чиглэлээр хөгжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэг болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран байгуулах ёстой гэжээ.

Лоуренс Вон хэлэхдээ, Сингапур, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бүх талын түншлэлийн харилцаа улам бэхжиж байна. Сингапурын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, “Тайваний тусгаар тогтнол”-ыг эсэргүүцдэг гэжээ.

Тэрээр Сингапур улс Хятадтай тогтоосон түншлэлийн харилцаагаа өндөр үнэлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, бүх түвшний харилцаа, худалдаа, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв. Мөн хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулах хүсэлтэй байгаагаа тэмдэглэжээ.

Лоуренс Вон Хятадын тал Шэньжэнь хотноо АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсныг онцлоод, Хятадын дэвшүүлж буй нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааны үзэл баримтлал нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгааг тэмдэглэв.

Мөн Хятадын тал Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулсанд баяр хүргэж, өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд энэхүү уулзалт онцгой ач холбогдолтой бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад тустай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сингапурын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал болон дэлхий нийтийн дөрвөн том санаачилгыг дэмжиж, Хятадын талтай олон улсын үйл хэргийн хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, дэлхий нийтийн сорилтуудыг хамтран даван туулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих