Мөнгөн өвлийн эхэнд Хятадын уудам нутагт хөгжил бадралын дуун үргэлжилсээр. Хятадын шинэчлэл, нээлттэй байдлын бэлгэ тэмдэг болсон Шэньжэнь хотноо APEC-ын удирдагчдын уулзалт болж өндөрлөсөн бол Хятадын умардад нээлттэй байдлын чухал гүүр болох Өвөр Монголд малчдын ямаан ноолуур дэлхийн томоохон шагналыг хүртэж, шинэ амжилт тогтоолоо. Дэлхийг дулаацуулсан Өвөр Монголын ямаан ноолуур 12 жилийн өмнө Бээжинд болсон APEC-ын удирдагчдын уулзалтаар Хятадын төрийн бэлгийн бүтээгдэхүүн болж, удирдагчдын сэтгэлийг дулаацуулж байсан бол энэ жилийн APEC-ын уулзалтын өмнөхөн Өвөр Монголын Арвасын ямааны ноолуур 12.89 микрон голчтойгоор дэлхийн Loro Piana-гийн шилдэг ямааны ноолуурын шалгаруулалтад тэргүүн байр эзэлж, Хятадын байгалийн гаралтай түүхий эдийн чанар, чансааг дахин дэлхийд батлан харууллаа.
Тариалангийн бүтээгдэхүүн, малын ашиг шим байгалийнх байх тусмаа дэлхийн зах зээлд эрэлттэй байдгийг өнөөдөр Хятадын малын ашиг шимийн чухал бүтээгдэхүүн болох ноолуурын амжилт нотолж байна. Дэлхийн ноолуурын шилдэг шагналын шалгаруулалтад Хятадын ноолуур нэг, хоёр, гуравдугаар байрыг бүрэн эзэлж байгаа нь байгалийн гаралтай ашиг шимээ хамгаалан уламжилж, хөгжүүлэн баяжуулж ирсний бодит гэрчлэл юм.
Малчдын баримталсан зарчим
Ордосын өндөрлөгийн Отог хошууны Уран Дөшийн оргил нь өвөрмөц соёл, түүхээрээ дэлхийн түмний хараанд сүндэрлэж байдаг бол Уран Дөшийн энгэрт бэлчих Арвасын цагаан ямаа нь нарийн, зөөлөн, хөнгөн, дулаан онцлогтой, “зөөлөн алт” хэмээн нэрлэгддэг ноолуураараа Хятадын нэр төрийг өргөж байна.
Хамгаалалт--Цэцэнбилэг, Хасцэцэгийнх Уран Дөш уулын зүүн бэлд байрладаг. Анх 100 гаруй Арвасын цагаан ямаатай өрх тусгаарлан айл болсон эднийх өнөөдөр 600 гаруй Арвасын цагаан ямаа маллаж байна. Энэ айлын хотны ямааны ноолуур 12.89 микрон нарийнтайгаар дэлхийн шилдэг ямааны ноолуурын шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн нь нөхөр, гэргийн магнайг тэнийлгэжээ. 1990-ээд оны үед ямааны ноолуурын үнэ өсөхөд айл болгон ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх зорилгоор эрлийзжүүлэх мэтийн янз бүрийн арга ухаан сүвэгчлэн хэрэгжүүлж байхад эднийх харин уламжлалаа сахин, “ширхэглэг алмааз” болсон ноолуурын чанар чансааг хамгаалах аянд мордсон байдаг. Ингэж л “Хувиа сахин, довоо шарлуулсан” нөхөр гэргийн ухаан хөдөлмөр нь энэ хоёрыг дэлхийд таниулаад зогсохгүй, улс орны түүхий эдийн байгалийн чанар чансааг хамгаалсан үлгэр жишээ болон дуурьсаж байна.
Нутгийн шилмэл үүлдрийг хамгаална гэдэг давтагдашгүй чанар чансааны уг үндсийг хадгалж буй хэрэг юм.

Дэлгэрүүлэлт--2025 онд Отог хошууны шилдэг чанарын ноолуурын урамшууллаас 270.9 мянган юанийн хамгийн өндөр тэтгэмж авсан Их Далай багийн малчин Ли Фүчянгийн ямааны ноолуур 13.04 микрон нарийнтайгаар гуравдугаар байранд шалгарсан байдаг. Арвасын цагаан ямааны ноолуур нь зөөлөн, нарийн гэсэн өвөрмөц давуу талуудтай ч гаралтын хэмжээ нь өндөр бус байдаг. Энэ зууны эхэн үед хүмүүс ноолуурын гаралтын хэмжээг хөөцөлдөн Арвасын цагаан ямааг эрлийзжүүлж эхэлсэн ч Ли Фүчян харин үүлдрийн байгалийн тус чанарыг чухалчлан анхаарсаар ирсэн бөгөөд энэхүү байгалийн уг үүлдрийг дэлгэрүүлэх зорилгоор үүлдрийн мал борлуулдаг. Тэрээр 2009 оноос хойш 17 жил дараалан ноолуурын нарийцын хэмжээг анхаарснаар тэдний 600 гаруй ямааны 500 гаруй ямааны ноолуур 14.5 микроноос нарийн байдаг.

Цэцэнбилэг
Уламжлалт мал аж ахуйн нөөц баялгийг дэлгэрүүлэн түгээмэл болгох нь зах зээлийн өрсөлдөөнд оролцох чадварыг нэмэгдүүлдэг.
Хөгжүүлэлт--Нэг үеийн малчдын туршлага дараагийн үед өвлөгдөх баялаг болдог нь гарцаагүй.Арвасын цагаан ямааны өлгий гэгддэг Отог хошууны Уран Дөш багийн Заяат, Гэгээнтуяагийнх өмнөх зууны наяад онд төрсөн залуухан малчин бүл. Хоёр мянгаад Арвасын цагаан ямаа малладаг эднийх орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдгээрээ хол ойрдоо алдартай. Ноолуурын нарийцын хэмжээг үндэслэн 15 микроноос нарийн ноолууртай ямааг ноолуураар нь ашигладаг бол 15 микроноос бүдүүн ноолууртай ямааг махны ямаа болгон зах зээлд гаргаж, Арвасын цагаан ямааны ноолуур, махны гаралтыг хослуулан малын буян хишгийг бүрэн ашиглахыг хичээсээр иржээ. Тэрээр хөврөл шилжүүлэх аргаар ноолуурын нарийцын хэмжээг сайжруулахыг анхаарч, энэ жил 70–80 ямаанд туршин хөврөл шилжүүлсэн. Ирэх жил бактергүй, бүрэн иж бүрэн туршилтын тасаг байгуулан шилдэг үүлдрийн ноолуурын ямаагаа уламжлан хөгжүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж буй энэ залуу гэр бүлийн ажилсаг, гярхай байдал аргагүй ил харагдана. Энэхүү залуу гэр бүлийн хотны ямааны ноолуур 13.01 микрон нарийнтайгаар шилдэг ямааны ноолуурын шалгаруулалтад дэд байранд шалгарсан юм.

Ли Фүчян
“Малын мөр тос” гэгчээр малынхаа буян хишгээр дэлхийд алдаршсан Отог хошууны гурван малчин айлын түүх, яруу цуу нь зүгээр л хувь хүний алдар гавьяа төдий биш юм. Харин Хятадын байгалийн чанар чансаатай үүлдрийн ашиг шимийг хэрхэн хамгаалан уламжилж, дэлгэрүүлэн хөгжүүлж ирсний үлгэр жишээ юм.
Заяат
Төрийн дэмжлэг
Арвасын ноолуурын ямаа нь дэлхийд алдартай, ноолуур болон махны хосолмол ашиг шимтэй ховор нандин үүлдэр юм. ӨМӨЗО-ны баруун хэсэгт орших Отог хошуу нь Арвасын ноолуурын ямааны уугуул нутаг, голлох үйлдвэрлэлийн бүс нутаг.
Малчин түмний хувьд шилмэл, шилдэг байгалийн үүлдрийг хамгаалахад чин сэтгэл, тууштай хөдөлмөр хэрэгтэй ч үүний зэрэгцээ бодит эдийн засаг, төрийн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Малчин түмнийхээ хөдөлмөр, баримталж буй зарчмыг дээдлэх зорилгоор Отог хошууны ноолуурын үүлдрийн малын шалгаруулалт хийдэг төдийгүй шилдэг чанарын ноолуурын тэтгэмж олгох арга зэрэг бодлогыг хэрэгжүүлсээр байна.

Шилдэг чанарын ноолуурын нөхөн олголт
Малчдыг Арвасын ноолуурын ямаагаа хамгаалан үржүүлэхэд хэрхэн урамшуулах вэ? Чанартай ноолуурыг хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ? Нутгийн онцлогт тулгуурласан баялгийг малчдын орлогыг нэмэгдүүлэх бодит давуу тал болгохын тулд яах вэ? Эдгээр асуултад Ордос хот, Отог хошууныхан бодитой арга хэмжээ авсны нэг нь шилдэг чанарын ноолуурын тэтгэмж юм.
Сүүлийн жилүүдэд Ордос хот ноолуурын ширхгийн нарийн байдлаас хамааран малчдад урамшуулал, тэтгэмж олгодог. Отог хошуу нь “Чанартай бүтээгдэхүүнд өндөр үнэ хүргэх” зарчмаар ямааны ноолуурын чанарыг хамгаалан, 14.5 микроноос нарийн ширхэгтэй хэт нарийн ноолуурын ямаатай малчдад килограмм тутамд хамгийн ихдээ 300 юанийн тэтгэмж олгож байна. Ингэснээр малчдыг ямааны тоо толгойг олшруулахад бус, чанартай мал өсгөн үржүүлэхэд чиглүүлж байгаа юм. 2025 онд Отог хошуу энэ хөтөлбөрийн хүрээнд 17.359708 сая юанийн урамшуулал олгож, 1798 малчин өрхийг хамруулсан байна. Чанартай ноолуур өндөр үнээр борлогдох болсон нь малчдын ноолуурын ямаа өсгөж, чанартай ноолуур бэлтгэх идэвх санаачилгыг улам нэмэгдүүлжээ.
Ноолуурын үүлдрийн малын шалгаруулалт
Ордос хотын ноолуурын үүлдрийн ямааны шалгаруулалт гэхэд нэн түрүүнд Отог хошуунд зохион байгуулагддаг “Арвас цом” үүлдрийн малын гоо сайхны уралдаан болон Арвасын ноолуурын ямааны шалгаруулалтыг хэлдэг. Энэ нь тухайн орон нутгийн ноолуурын үйлдвэрлэлд “Чанар сайтай бол өндөр үнээр борлуулах” зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм. 2026 онд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд нийт 112 үржлийн ямааг шалгаруулж, 24 шагналт байрыг тодруулсан. Эм ямааны ангилалд тэргүүн байранд орсон ямааны ноолуурын нарийн ширхэглэг нь 13.30 микрон, ноолуурын гаралт нь 1773.65 грамм байв.

Бусад арга хэмжээнүүд
Ноолуурын салбар нь Өвөр Монголын хөгжүүлэхээр зорьж буй гол салбарын нэг.Сүүлийн гурван жил дараалан “Ноолуурын салбарын чанартай хөгжлийг дэмжих ажлын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж, үүлдрийн генетик нөөцийг хамгаалах, чанарын хяналт, чанарт тохирсон үнийн урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, техник, технологийг шинэчлэх зэрэг чиглэлээр салбарын бүх шатны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Одоогоор энэхүү бодлогын хүрээнд мал аж ахуйн ферм, малчин өрхүүдийг нарийн, хэт нарийн ширхэгтэй ноолуурын чиглэлийн ямаа өсгөн үржүүлэхэд чиглүүлж, Арвасын үүлдрийн ноолуурын ямааны чанартай удмын сангийн нөөцийг хамгаалж байна. Үүний үр дүнд ноолуурын үйлдвэрлэлийн гол бүс нутагт хэт нарийн ширхэгтэй ноолуурын ямааны эзлэх хувь 19 хувиас 31.3 хувь болж өссөн байна.
Энэ онд Отог хошууныхан чанартай ноолуурыг Итали, Франц, Их Британи зэрэг улс оронд экспортолсон. Мөн Парисын загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагддаг “Ордос хотын ноолуурын загварын өдөр”, Торгоны замын олон улсын загварын долоо хоног зэрэг олон улсын арга хэмжээ, платформыг түшиглэн, Отог хошууны ямааны ноолуурын экспортыг зөвхөн түүхий эд нийлүүлэхээс брэндээ олон улсын зах зээлд гаргах чиглэлд сайжруулж байна. Арвасын ямааны ноолуур Hermès, Louis Vuitton зэрэг дэлхийн тэргүүлэх тансаг зэрэглэлийн брэндүүдийн дээд зэргийн түүхий эд болдог.
12.89 микрон гэх энэ тоо Өвөр Монголын тал нутгийн үнэт баялгийн чанарыг илтгэхийн зэрэгцээ Ордосын ноолуурын чанарын оргилыг илтгэх Хятадын бахархал юм. Энэ нь Хятадын чанартай байгалийн түүхий эд дэлхийн түвшинд хүрснийг харуулж байна.
Холбогдох мэдээлэл
- Отог хошуу нь Хятад улсын Арвасын цагаан ноолуурын ямааны голлох уугуул нутаг бөгөөд ноолуурын ямааны тоо толгой жил бүр тогтвортойгоор 1.8 сая орчимд хүрч, жилд 1200 тонн чанартай ноолуур самнадаг. 2025 онд Ордос хотын ноолуурын ямааны тоо толгой 6.9 саяас давж, жилд 3500 гаруй тонн ноолуур хураажээ. Энэ нь Өвөр Монголын нийт ноолуурын 58.7 хувь, Хятадын нийт үйлдвэрлэлийн 25 хувь, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 15 хувийг тус тус эзэлж байна.
- 2024 онд “Арвасын ямааны ноолуур” газар зүйн заалтын гэрчилгээжүүлсэн барааны тэмдгийг амжилттай бүртгүүлжээ.
- 1985–1987 онд Арвасын ямааны ноолуур Италийн “Zegna” олон улсын ноолуурын уралдаанд гурван жил дараалан алтан медаль хүртэв.
- Loro Piana нь LVMH группийн харьяа, Италийн зуун жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн брэнд бөгөөд дэлхийд алдартай. Тус брэндээс 2015 оноос зохион байгуулж эхэлсэн “Шилдэг чанарын ноолуурын шагнал” нь дэлхийн ноолуурын түүхий эдийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, эрх бүхий шагнал юм. Тус шагналын хүрээнд жил бүр дэлхийн томоохон ноолуурын бүс нутгуудаас шилдэг чанарын түүхий ноолуурыг сонгон шалгаруулдаг. Мэргэжлийн байгууллагууд ноолуурын ширхэгтийн нарийн, бүдүүн, урт болон ерөнхий чанарын үзүүлэлт гэсэн гурван үндсэн шалгуураар нарийн чанд шинжилгээ хийдэг бөгөөд шалгаруулалтын зөрүү нь ихэвчлэн микрометрийн аравны хэдхэн нэгжээр хэмжигддэг
- 2026 оны 10-р сард Ордосын иж бүрэн гаалийн баталгаат бүсийн парк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Арвасын ямааны ноолуур зэрэг малын ашиг шимийн гаалийн баталгаат агуулах, хил дамнасан шууд дамжуулалтын худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүний сонголт, арилжаа зэрэг бүх шатны цогц үйлчилгээг үзүүлж, “Ямааны ноолуурын тал нутгаас дэлхийд” гарах худалдааны сувгийг нээсэн байна.
