solongonews
Хотын шинэчлэлээр шинэ өнгө төрхийг бүтээнэ
2026-11-26 11:23

Хотын шинэчлэлийн гол утга учир нь байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, хөгжлийн дотоод эрч хүчийг нь нэмэгдүүлэхэд оршино. Хотын ашиглагдахгүй, эзэнгүйдсэн нөөцийн чадавхыг нээн ашиглаж, хөгжлийг чанар, үр ашигт чиглүүлэх нь “Хотын шинэчлэлийн 15-р таван жилийн төлөвлөгөө”-нд тодорхойлсон хөгжлийн үндсэн чиглэл төдийгүй, Хятад улс орчин үеийн хот байгуулалтыг урагшлуулж, иргэдийн амьдрахад таатай орчныг цогцлоон бүтээж буй бодит практик юм.

Хотын шинэчлэл гэдэг нь хуучин барилга байгууламжийг бөөнөөр нь нурааж, шинээр барихын нэр биш, харин хотод нэгэнт бий болсон нөөцийг нарийн зохион байгуулалт, оновчтой удирдлагаар үр ашигтай ашиглах үйл явц юм. Орон нутаг бүр эхлээд нөөцийнхөө өнөөгийн байдлыг нарийвчлан тогтоож, дараа нь шинэчлэлийн төлөвлөлтөө боловсруулан, хотын иж бүрэн үнэлгээ болон газар дээрх судалгаанд тулгуурлан газарзүйн мэдээлэл, их өгөгдөл зэрэг технологийг ашиглаж, хуучин үйлдвэрийн бүс, гудамж, хороолол, ашиглагдахгүй барилга байгууламж зэрэг нөөцийн бодит байдлыг тодорхойлж байна. Газар нутаг, орон зайн төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн “нэг зураг”-ийн тогтолцоонд тулгуурлан салбар хоорондын мэдээлэл солилцоог сайжруулж, хотын нөөцийг ашиглалтын бүх үе шатанд нь удирдан зохицуулснаар тархай бутархай, ашиглагдахгүй байсан нөөцийг “эзэнгүй, далд” байдлаас “ил тод, тодорхой” болгон хувиргаж, цаашид үр ашигтай ашиглах бат бөх суурийг бүрдүүлжээ.
 
Хотын дизайныг оновчтой ашиглаж, үйл ажиллагааны зохион байгуулалтыг төлөвлөлтийн эхний шатнаас нь харгалзан үзэх нь нөөцийн үнэ цэнийг шинэ түвшинд хүргэх гол түлхүүр юм. Чэндү хотын зүүн захын “Дүнжяо Жи-и” цогцолбор нь зах зээлийн зарчимд тулгуурласан үйл ажиллагаагаар аж үйлдвэрийн өв соёлыг сэргээн ашиглаж, хуучин үйлдвэрийн барилгуудыг орчин үеийн соёл, хөгжим, хэрэглээний шинэ хэв маягтай уялдуулан хөгжүүлж байна. Бээжин, Үхань зэрэг хотууд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ашиглагдахгүй орон зайг үр ашигтай ашиглаж, үйл ажиллагааны шинэ хэлбэрүүдийг хөгжүүлж байгаа бол Ши-Ань, Үхү зэрэг хотууд “технологи + үйлдвэрлэл + хэрэглээ” хосолсон хөгжлийн замыг эрэлхийлж, хуучин хотын бүсүүдийг үйлдвэрлэлийн шинэ чанарын хүчний хөгжлийн шинэ талбар болгон өөрчилж байна. Ингэснээр нэг хэвийн, ижил төстэй шинэчлэлийн арга барилаас татгалзаж, хотын үйл ажиллагаа, үйлчилгээний олон талт байдлыг баяжуулж байна.

 
Хотын ашиглагдаагүй нөөцийг үр ашигтай ашиглахын тулд институцийн болон тогтолцооны саад бэрхшээлийг арилгах нь чухал юм. Өмчлөл, эзэмшлийн эрхийн харилцаа нарийн төвөгтэй, санхүүжилт хангалтгүй зэрэг бодит хүндрэлтэй тулгарч буй нөхцөлд олон газар өмчлөлийн эрхийн харилцааг цэгцэлж, төлөвлөлтийн зохицуулалтаар дамжуулан ашиглалт, үйл ажиллагааны эрх, хариуцлагын заагийг тодорхой болгож байна. Мөн хотын шинэчлэлийн сан байгуулах зэрэг шинэлэг арга замыг нэвтрүүлж, төрийн чиглүүлэг, зах зээлийн зарчимд суурилсан үйл ажиллагаа, иргэдийн оролцоог уялдуулсан хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэн, нөөцийг хөрөнгө болгон хувиргах боломжийг нээж байна.
 
Орон зайн шинэчлэлээс үйл ажиллагааны шинэчлэл хүртэл, тогтолцооны инновацаас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх хүртэл Хятад улсын хотын шинэчлэл нь үндэсний онцлог, түүх соёлын уламжлалаа хүндэтгэхийн зэрэгцээ хамгаалалт ба хөгжлийн хоорондын тэнцвэрийг хадгалж, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийг илүү сайн дэмжин, иргэдийн аз жаргалтай, сайн сайхан амьдралыг цогцлоох таатай орчныг бүрдүүлсээр байна.

 

Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : Б.ХУРЦ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих