solongonews
Өвөр Монголын зүүн бүсийг ундаалсан “Амин судас”
2025-07-01 16:10
Цоол голын усыг Ляохэ голд татан оруулах төслийн бүх шугам амжилттай холбогдлоо.

 

6-р сарын 30-ны өглөө Цоол голын усыг Ляохэ голд татах төслийн хэсэг дэх Хорчины ус түгээх өртөөнөөс цэвэр тунгалаг ус оргилон, удтал хүсэн хүлээсэн тухайн нутгийн иргэдийг ундаалж, амны цангааг тайллаа. Өвөр Монголын Хянган аймгийн Цоол гол 391 км урт замыг туулан, Тунляо хотын Моройн сүм усан санд цутган, Өвөр Монголын зүүн бүс нутгийг ундаалсан “Амин судас” болжээ. Энэ нь Цоол голын усыг Ляохэ голд татан оруулах төслийн барилгын ажил амжилттай дууссаныг харуулж буй юм.

Цоол голын усыг Ляохэ голд татан оруулах төсөл нь Хятадын Төрийн зөвлөлөөс баталсан “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөлт”-ийн хугацаанд хэрэгжүүлсэн ус хэмнэн ашиглах 172 томоохон төслийн нэг бөгөөд улсын усны сүлжээний чухал төсөл болно. Нийт хөрөнгө оруулалт нь 31.155 тэрбум юань бөгөөд одоогийн байдлаар Өвөр Монгол дахь хамгийн том ус хэмнэн ашиглах төсөл юм.

Хянган аймаг нь "Өвөр Монголын зүүн бүс нутгийн усны цамхаг" хэмээгдсэн бөгөөд хойд хэсэгт байрлах Цоол гол нь Нуун мөрний баруун эргийн хамгийн том салбар урсгал, Хянган аймгийн хамгийн том урсгалтай гол юм. Усны нөөцөөр баялаг мөртөө харин ашиглалтын түвшин багатай байсан юм. Хянган аймгийн өмнөд хэсэг дэх Тоорын гол, Хуулийнголын усны нөөц харьцангуй хомс бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээг бүрэн хангах боломжгүй байдаг.

Сунгар мөрөн болон Ляохэ голын тал газрын баруун захад орших Тунляо хот нь Өвөр Монголын зүүн бүсэд байрлах бөгөөд Өвөр Монголын үр тарианы бааз хэмээн алдаршсан байдаг. Байгалийн ган гачгаас болж тус нутаг олон жилийн турш газар доорх усыг хэтрүүлэн ашигласнаас хөрсний усны түвшин доошлох хандлагатай болжээ. 1998 оны үерийн гамшгаас нааш Баруун Ляохэ голын урсгал тасарч, улсын долоон их гол мөрний дотроос урсгал тасарсан цорын ганц томоохон гол болжээ. 27 жилийн турш урсгал тасарсан Баруун Ляохэ голын урсгал 2025 оны 4-р сард анх удаа 403 км-ын усны сувгаар урсгал холбосон боловч усны хомсдол нь Баруун Ляохэ голын сав газрын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хязгаарласаар байсан билээ.

Цоол голын усыг Ляохэ голд татах төслийн барилга нь усны эх үүсвэрийн төсөл болон ус дамжуулах төсөл гэсэн хоёр хэсгээс бүрэлдсэн байдаг. Усны эх үүсвэрийн төсөл нь Өндгөн хэмээх ус ашиглалтын төслийн хүйс хэсэг бөгөөд Хянган аймгийн Залайд хошууны Индэр сууринаас 90 километрийн зайтай дээд урсгалын хэсэгт байрлан, усан сангийн усны түвшин нь  377 метрт хүрч, усан сангийн нийт багтаамж нь 1.964 тэрбум шоо метр байдаг. Ус дамжуулах төсөл нь гол шугамын барилга болон салбар шугамын барилга хэмээн хоёр хэсгээс бүрэлдсэн байдаг. Гол шугамын төсөл нь Өндгөн хэмээх ус ашиглалтын барилгын цогцолбороос хойноос өмнө зүгт Тунляо хотын Хорчин дүүрэг хүртэл 391.036 км урттай байдаг. Салбар шугамын барилга нь Хянган аймаг болон Тунляо хотын 8 хошуу шянь, 10 аж үйлдвэрийн паркийг холбосон нийт 395.265 км урттай 9 салбар төслөөр бүрэлджээ. 2030 он гэхэд төслийн жилийн дундаж усны хангамж 436 сая шоо метрт хүрэх бөгөөд жил бүр 149 сая шоо метр усыг Хянган аймаг, 287 сая шоо метр усыг Тунляо хотод дамжуулах болно.

"Моройн сүм усан санд цутгадаг Цоол голын ус орон нутгийн экологийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн" гэж Моройн сүм усан сангийн менежмент ба хамгаалалтын төвийн дэд эрхлэгч Пэн Фэй сэтгэл догдлон хэллээ.

Цоол голын усыг ашигладаг Тунляо хотын нүүрс химийн аж үйлдвэрийн компанийн үйлдвэрлэлийн хэлтсийн дэд дарга Дүн Пин хэлэхдээ, Нүүрс химийн үйлдвэрүүдийн хувьд ус бол чухал амин судас болно гэжээ.

Төслийн барилга ашиглалтад орсноор ус хүлээн авах бүс нутгийн үйлдвэрлэл, амьжиргааны усны асуудлыг шийдэж, Баруун Ляохэ голын сав газрын гадаргын усныг үрэлгэн ашигладаг байдлыг үр дүнтэй багасгаж, хөдөө аж ахуйн усалгааны нөхцөлийг сайжруулах боломжтой. Энэ нь Өвөр Монголын зүүн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, экологийн орчныг сэргээх жич  Хятадын умард нутгийн экологийн хамгаалалтад чухал ач холбогдолтой юм.

Зохиогч: Нийтлэл: БАО ЧИНШЭН, ХҮӨ ШЯОЧИН, ЖАН ХҮЙЛИН, ГАО МИНЬНА
Найруулагч: Б.ХУРЦ, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл