solongonews
Төлийн дуу хангинасан монгол нутгийн хаваржаа — Монгол Улсын малчин айлаар сурвалжилсан нь (дээд)
2015-06-15 11:21
Өвөр Монгол хүмүүсийн Монгол Улсаар аялсан аяны тэмдэглэл

4 дүгээр сарын 12-ны өглөө, сурвалжлагч Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багаар нутагтай жаран насны дөрөөг давж яваа Бямбажав гэгч хөөрөө наргиантай, хөнгөн шаламгай ахмад жолоочийн машинаар Төв аймагт очихоор боллоо. Тэрээр алс холын зочныхоо аян замын амар сайн, ажил явдлынх нь шууд шулууныг бэлэгшээн Төрийн ордноо нарны зөвөөр эргэж, наран зүгт мордоно доо гэсээр алсын замаа өлгөв.

Хөвөө хязгаар нь харагдахгүй талын дундуур зурайн дурайх талын шаргал замыг эвхэн шаргалтан халиурах намрын бэлчээр гэмээр өнсөг сайхан өвс бэлчээр, сүрэглэн бэлчээрлэх хонь гэмээр зээрийн сүргээр хараа баясган явахад “Манай энд зээр олшрон бэлчээрийн дараас болж, малын өвчин гэм гарч байна. Малчид хол хөөгөөд явуулсан ч шөнөдөө буцаад ирчихнэ. Танай нутгаар мөн адил байх” гэж жолооч гуай зоог дэлгэхэд, юу гэж хэлэхээ олж ядлаа. Бид аль сайхан бүхний зургийг нь чадан ядан  авахаар жолоочийн мөрийг товшин байн байн зогсоож явсан ч бидний санааг мэдсэн хашир хүн яршиг төвөг гэж бодолгүй хаа зогсоно гэнэ тэнд зогсож “Мөн сайхан зураглалаа даа” гэж хөөрөлдөн явна. Үдийн 12 цагийн алдад хонины хүнээс сураг хайн явсаар Төв аймгийн Баянжаргалан сумын хоёрдугаар багийн малчин Буяндэлгэрийн гэх айлын хаваржаанд очлоо.

Хоёр монгол гэр зэрэгцүүлэн барьж, гаднаа машин тэрэг, мотоцикл, ачааны машин зэргийг зогсоож, гэрийнх нь хойд талын зэлэн дээр уяатай хурдны морьд хаврын наранд нойрмоглон зогсоно. Биднийг тосон гарч ирсэн бүсгүйтэй амар мэндээ мэдээд гэрт нь орвол гэрийн эзэгтэй мөнгөн аяганд цай аягалан барьж, нутаг усны сонин гайхамшгийг ярилаа.

Эднийх хоёр хүүхэдтэй, өвөө нь харж сумын сургуульд суулгаж байгаа гэнэ. Яг хаврын төл тосох цаг болохоор эднийхэн хонио сувай, саах гэж хоёр сүрэглэн, саахаа гэрээсээ гурав дөрвөн газрын зайтай дэрсний нөмөртэй бэлчээрт задгай бэлчээрлүүлэн оройдоо дэрсний бутанд хураагаад хонуулчихдаг гэнэ. “Адуунд явсан нөхөр маань одоо л ирнэ” гээд гэрийн эзэгтэй цагаа харахад хэдэн арван газрын хол явж хэдэн зуун адуугаа хураахаар явсан хүнийг ирэхийг хүлээж ядсан бид хойноос нь гарахаар боллоо. “Буцаж ирээд үдийн хоол идээрэй! Үхрийн мах иддэг байлгүй” гэж урихын дагуу “тэр хөтлийг даваад гарвал үзэгдэх байх” гэж баруун урдуур харагдах хөтлийг зааж өглөө. Гэрийнх нь зүүн талд модон хавтсаар босгосон хашаанд хүрэн улаан хар зүсмийн ишигнүүд наранд ээн хэвтэж байснаа хөлийн чимээгээр үргэн босож биеэ суниан хашааны буланд овооролдон хаанаас ирсэн улс вэ гэсэн шиг сонирхон харж зөөлөн нарийн дуугаар майлалдах нь даанч танил дасал санагдана. Эдний 600 улаан ямаа, 1400 гаруй хонь, 100 шахам үхэр, 300 гаруй адуутай, мал унаагаар элбэг, нэлээд баян тансаг амьдралтай айл гэдэг нь илхэн. Жилийн дөрвөн улиралд усны тунгалаг өвсний соргогийг даган оторлон нүүдэллэж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа хийж байгаа юм байна.

Азарга азаргаараа бэлчих адууг нь сонирхож явсан ч гэрийн эзэн Буяндэлгэрийн бараа харагдсангүй. Адуун сүргийн захыг даран явж байтал: “хөө! тэр! зээр явж байна!” гэж хэн нэг нь сонирхон хэлээд зуугаад метрийн зайтай замын зүүн талд яваа хэдэн зээрийг заахад жолооч үл мэдэг инээн: “Танай нутгаар ховор уу?” гэхийг нь ойшоох завгүйгээр зураг авахаар тарчигнуулж гарлаа. Машины бараа харсан зээрийн сүрэг толгой өндийлгөн сэрэмжтэй ажигласнаа дуртай дургүй цааш цуван гүйлдэхэд, “Өөр газар бас олон зээр байна, битгий яар” гэж жолооч тайван хэлнэ.

Өвс ургамал нь өтгөн сахлаг, айл хар цөөн, агнаж хөнөөх хүнгүй болохоор зам дагуу хорь гуч цаашилбал хэдэн зуугаар сүрэглэсэн зээр олон тааралдлаа. Ялангуяа хээр талд махчин шувууд үүрлэн нутагшиж, үр зулзагаа өсгөн, хулгана зурам бариулахаар булаа модон дээр босгож өгсөн шувуун үүрийг хараад Монголын ард түмний хүн байгаль амьтан голтон тойгоо эе зохицолтой оршин амьдардаг гүн ухааныг нь биширч билээ.

Буцаад ирэхэд зуухан дээр даргилан буцлах үхрийн махны анхилам үнэр хамар цоргин шүлсийг хуруулна. Зочинсог зантай монгол айлд үдлэх зуур хаяа тойрон өлгөсөн хурдан морьдын шагналын медаль баталгаа гэрчилгээний бичгүүдийг нь бахархан ажиглахад гэрийн эзэгтэй хойд голдоо өлгөсөн алтан чимэглэлтэй илэрхийллийг заан “2012 онд манайх 100 гаруй унага тосож " Алтан унаганы эзэн" гэх энэхүү төрийн өргөмжлөлийг хүртсэн юм аа” гэж "Алтан унаганы эзэн" баяртай хэллээ.

Буяндэлгэрийн хаваржаа

 

Зохиогч: А.Эрхэмбат
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : xlg.nmgxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл