solongonews
Намрын зургаан улирал
2025-09-10 11:21
Сарны зурхайн ёсоор намар нь “Намрын уур”, “Халуун эгэх”, “Цагаан шүүдэр”, “Намрын хугас”, “Хүйтэн шүүдэр”, “Хяруу унах” зэрэг зургаан бага улирлыг хамардаг.

“Нарны туяа цонхноо ташууран гэрэл юутай цайвгар
Насжсан өвгөд хүүхэд лүгээ нуруу биеэ халуулмуй
Нарс хулс шуугин үймэлдэхүйеэ баруун салхин авач
Нуурын галуу уярч дугарахуйяа жихүүний үүсгэл ирэв үү” хэмээн Ванчинбалын Гүлранс /1820-1851/ “Намрын салхи”-ийг шүлэглэсэн байдаг.

Намар гэдэг хамгийн сайхан улирал. Яагаад тэр вэ гэхээр намрын улирал ид шидийн эгэл бус уур амьсгалтай, эрт үеийг санагалзуулан, хэн нэгнийг баярлуулж, хэн нэгнийг гуниглуулан, уйлуулж ч чаддаг. Намрын байгаль дэлхий өөр бусад улирлаас илүү үзэсгэлэнтэй сайхан. Энэ үзэсгэлэнтэй байгаль үе үеийн яруу найрагч, зохиолч нарын онгодыг хөдөлгөж, уран бүтээлийнх нь чавхдасыг хөглөдөг увдистай.

Ийнхүү эгэл бусын энэ сайхан улирал саатсан цаг мөчид та бүхэндээ сарны зурхайн ёсоор намарт тохогдсон зургаан улирлыг танилцуулахад таатай байна.


Намрын уур

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 13 дахь улирал, намрын 6 улирлын эхний улирал болох “Намрын уур” орох улирал нь жил бүрийн аргын тооллын 08 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 08 дугаар сарын 07-ны өдөр тохиосон.

Намрын уур нь зун дуусаж, намар эхэлсэн гэдгийг илэрхийлдэг хэдий ч “дунд пүү”-гийн халуунаар ордог учраас халууны эрч хараахан буураагүй, аагим халуун цаг агаар хэсэг хугацаа үргэлжлэн, дараагийн улирал буюу “халуун эгэх”-ээр сая намрын сэрүүн орж эхэлдэг.


Халуун эгэх

“Халуун эгэх”-ийг мөн “Нар буцах” гэж ярьдаг. Энэ нь аагим халуун улирал цаашилж, намрын сэрүүн уур амьсгал эхэлж буйг илэрхийлдэг аж. Энэ үеэр нарны шууд тусгал үргэлжлэн өмнөд чиглэлд шилжин, их халууны “эцсийн пүү” сүүл шувтардаг учраас аагим халууны цаг аяарлан оддог байна.

Халуун эгэх улирал нь жил бүрийн аргын тооллын 08 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд эхэлдэг бол энэ жилийн хувьд 23-ны өдөр тохиожээ.

24 улиралд халуунтай холбоотой гурван улирал байдаг нь тус тус “Бага халуун”, “Их халуун”, “Халуун эгэх” болно. Эрэмбээр нь мөн эхний халуун, дунд халуун, эцсийн халуун гэдэг бөгөөд энэ гурван улирлын дунд мөн намрын уур ордог учраас энэ нь халууны улирал тодорхой урт хугацаагаар үргэлжилдгийн нотолгоо болдог. Халууны цаг улирал нь таримлын бүтээгдэхүүний ургац хураалтад маш их ач холбогдолтой байдаг учраас тариалах соёлд “Намрын уур” орохоос эхлээд “Намрын хугас” болох хугацааг мөн “урт зун” гэдэг. Өөрөөр хэлбэл Хятадын өмнөд нутагт энэ хэсэг хугацаанд намрын уур орсон ч халуун цаг агаар үргэлжилсээр байдаг учраас “зуны үргэлжлэл” хэмээх утгаар оршдог байна.

Нар буцах өдрөөр Хятадын ардын дунд уламжлалт зан үйлүүд болдог бол ихэнх нь дээдсээ тахих, намрыг угтахтай холбоотой байдаг. Жишээ нь нугасны мах идэх, зул үүсгэж голд урсгах, эмтэй цай чанах, лус савдагт өргөл өргөх гэх мэт үйлүүд болдог байна.

Эрүүл мэндийн хувьд энэ үеэр өдөр шөнийн халууны зөрөө ихэсдэг учраас ханиад тагшуураас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг. Халуун эгснээр хүний бие хөлс гарах нь багасаж, шинэ хуучны солилцоо тэнцвэрээ олж эхэлдэг учраас бие махбод сувилгааны үе шатанд орж, ядарч тамирдах мэдрэмж нэмэгддэг. Үүний тулд эрт унтаж, эрт босон, бүтэн нойртой байхыг батлах хэрэгтэй.


Цагаан шүүдэр

“Цагаан шүүдэр” буух улирал нь жил бүрийн аргын тооллын 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 09 дүгээр сарын 07-нд тохиосон байна.

“Цагаан шүүдэр” буух улирал эхэллээ гэдэг нь сэрүүн цаг эхэлж буйн илэрхийлэл болдог. Энэ үеэс агаарын дулаан илт буурч эхэлдэг боловч өдрийн нарны илч хараахан буураагүй байдаг учраас өдөр шөнийн дулааны зөрөө эрс нэмэгддэг байна.

Цагаан шүүдэр буух улирал нь дулаан сэрүүний зааг болдог учраас умард нутгийн хувьд энэ улиралд хүйтний бэлтгэл ажил ид хийгддэг байна. Жишээ нь малчид хадлан авах, тариачид тариагаа хураах, нүүдлийн шувууд дулаан орныг зорих, өвөлжих амьтад хүнс нөөцлөх гэх мэтээр бүгд л цаг нартай уралдан ажилладаг хөдөлмөрийн үнэртэй улирал байдаг.

Монгол ардын үгэнд “шүүдрийн усаар цай чанаж ээждээ уулгасан ч ганц шөнө босож хөхүүлсэн ачийг нь ч хариулж бардаггүй” гэдэг үг бий. Шүүдрийн усаар цай чанана гэдэг нь оргүй үг биш. “Цагаан шүүдэр” буух улирал дахь ардын уламжлалт зан заншлаас харахад энэ үеэр өвсний толгой дээр тогтсон шүүдрийн усыг цуглуулж уувал цангаа тайлж, амархан цангаж өлсөхгүй тэвчээртэй болдог гэх ба мөн олон урхаг гэмийг засдаг гэж “Өвсөн эмийн товч”-д тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна Хятад ардын дунд мөн луугийн нүд хэмээх жимс идэх, цагаан шүүдрээр түүсэн цай уух, будааны нэрмэл нэрэх зэрэг зан үйлүүд болдог байна.

Эрүүл мэндийн хувьд энэ улирал нь ил тод намрын уур амьсгалтай учраас уруул ам, хамар хоолой хатах, арьс хуурайших, мөн цаашлаад өтгөн хатах зэрэг бие махбодын илрэл гардаг. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд витамин элбэг агуулдаг шим тэжээл сайтай хоол хүнс идэн дархлаагаа дэмжих, мөн уушгинд ээлтэй, цэр ховхлох өвсөн эм хэрэглэж болно. Жишээ нь орхоодой, сараана цэцэг, гүйлсний үр гэх мэт.  


Намрын хугас

“Намрын хугас” нь жил бүрийн аргын тооллын 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тохиодог. “Намрын хугас” нь өдөр шөнийн үргэлжлэх хугацаатай холбоотой дөрвөн бага улирлын гурав дахь нь болно. Тодруулж яривал “Хаврын хугас” болоход өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцэж, тэр өдрөөс залган өдрийн цаг уртсан, шөнийн цаг богиносож байснаа “Зуны туйл” болоход нэг жилийн хамгийн урт өдөр тохиож, түүнээсээ хойш өдрийн цаг аажмаар богиноссоор “Намрын хугас” болоход дахин тэнцдэг байна. Энэ журмаараа “Намрын хугас”-аас хойш өдрийн цаг улам богиноссоор “Өвлийн туйл” болоход хамгийн богино өдөр буюу хамгийн урт шөнө тохиодог аж.

Тэгэхээр “Намрын хугас”-аас хойш өдөр богиносож, нарны тусгал багасах учраас агаарын дулаан буурч, өвс мод шарлан, навчис мөчрөө орхин эх газартаа шингэх алтан шаргал намрын өнгө төрх бүрдэх нь тэр.

Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин, ялангуяа ходоод гэдэс, амьсгалын зам, зүрх цусан судлын өвчин дахих магадлал өндөр учраас архаг хуучтай хүмүүс илүү эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнс, хувцас хунараа тохируулан эдлэхийг сануулъя.


Хүйтэн шүүдэр

“Хүйтэн шүүдэр” буух улирал нь жил бүрийн аргын тооллын 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд тохиодог. Тус улирал нь намрын адаг сарын эхэнд тохиодог учраас намар оройтож буйн илэрхийлэл болдог. “Хүйтэн” хэмээх үгийг дагуулсан анхны улирал байдгаараа энэхүү улирал нь “Цагаан шүүдэр”-ийг бодвол цаг агаар илт хүйтрэн, өглөө үдшидээ жихүүн сэрүүхэн болсон байхыг бид бүхэн анзаардаг. Энэ улирлаар Хятадын өмнөд нутагт намрын уур амьсгал мэдрэгдэж эхэлдэг бол умард бүс нутагт харин өвөл наашлан, зарим газарт бүр хяруу унаж эхэлсэн байдаг.

Эрүүл мэндийн хувьд энэ үеэр ходоод дэлүү, уушгиндаа илүү анхаарах хэрэгтэй. Ногоо жимсний хувьд алим, гадил, шавтал зэрэг жимс, улаан лууван, бадамлянхуа цэцгийн иш, цагаан дэлдүү зэрэг хүнсний ногоо, буурцаг, мөөг зэргийг илүү хэрэглэхийг санал болгоё.


Хяруу унах

“Хяруу унах” улирал нь намрын зургаан улирлын эцсийн улирал бөгөөд жил бүрийн аргын тооллын 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тохиодог. “Хяруу унах” улирал эхэлснээр агаарын дулаан эрс хүйтрэн, нэг жил дэх өдөр шөнийн дулааны зөрөө хамгийн их цаг улирал хүрч ирдэг.

Хяруу нь усны уураас бүрэлддэг гэдгийг бид бүхэн мэддэг. “Хяруу унах” улирлаар өдөр шөнийн дулааны зөрөө хэт ихээс шалтгаалж, өдрийн дулаанаар ууршиж амжаагүй үлдсэн бага хэмжээний усны уур нь өвсний толгой, модны навч, газрын хөрс зэрэгт хуралдаад хяруу болж бүрэлддэг байна. Тэгэхээр хяруу нь тунгалаг шөнө л унадаг болохыг та бүхэн анзаарсан байх.

“Хяруу унах” улирал эхэлснээр хүйтний улирал хаяанд ирсний бэлгэ тэмдэг болдог. Дараагийн улирлаар “Өвлийн уур” орно. Тэгэхээр өвөл болохоос өмнө амжиж бие махбодоо сувилан, эрүүл мэндээ баталгаажуулах хэрэгтэйг сануулъя. Яагаад гэвэл уламжлалт анагаах ухаанд “Хяруу унах” улирлыг бие сувиллын алтан үе гэж үздэг байна. Ялангуяа ходоод гэдэс, үе гишүүний архаг өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарч, хоол хүнсээ тохируулж хэрэглэхийг сануулъя. Алим, лийр, бөөрөнхий сонгино, лууван, үхэр хонины мах зэргийг илүү хэрэглэхийг санал болгож байна.  

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл