Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн тоглолтын танхимд морин хуурын багш Н.Хөх "Морин хуурын сургалт явуулсан 30 жилийн ойн баяраа тэмдэглэх тайлан тоглолт"-оо өнгөрсөн сард зохион байгуулж, үндэстний урлагийг хөгжүүлэх, сургах ажилд хүчин зүтгэж явсан он жилээ дурсан, оюуны шимийг нь хүртсэн шавь нартайгаа монгол түмэндээ ажил үйлсийнхээ амжилт бүтээлийг танилцуулсан юм. "Би морин хуурын мэргэжлийн салбарын сургалт боловсролын ажилд 30 жил хүчин зүтгэв. Нэр ашгийн төлөө бус, зөвхөн намайг зорьж ирсэн сурах хүсэлтэй эрмэлзэлтэй хүүхдэд урлагийн бат бэх суурь тавин өгч, урлагийн төлөөх мөрөөдөлд нь туслах гэсэн юм. Хүмүүс Н.Хөх насан туршдаа морин хуур заагаад ямар шавь нарыг гаргасан бол? гэж бодож байгаа байх. Өнөөдөр морин хуурын их наадам, би сурагчидтайгаа морин хуурын бүтээл ба тайлан тоглолтоо олондоо хүргэхээр ирлээ" гэж Н.Хөх тоглолтын тайзаа сэтгэл догдлон ярьж байв.

Морин хуурын багш Н.Хөх
Тэрээр 1959 оны 8 дугаар сард Зарууд нутгийн урлагийн гэр бүлд мэндэлжээ. Өвөө нь Муу-Охин гэж XX зууны монгол үндэстний холбоо урлагаар дэлхийд алдаршсан том багш. Аав нь дөрвөн утаст хуурч, ээж нь цэцэрлэгийн багш, ардын дууг гоё дуулдаг хүн. Ингэж гэр бүлийн хүмүүсийн нөлөөгөөр Н.Хөх багаасаа дуу хөгжимд авьяаслаг нэгэн болжээ.
Н.Хөхийн хуурдах чадвар нь улам дээшлэн, арван хэдхэн насандаа ойр хавийн нутаг даяар нэртэй бяцхан хуурч болов. Тэрээр багийнхаа урлагийн чуулгад орж, дөрвөн утаст хуур сурах, хэнгэрэг дэлдэх, дуу дуулах, бүжиг бүжиглэх, холбоо ярих гээд бүгдийг сайн сурсан байна.
1982 онд урлагийн чуулгаас түүнийг морин хуурын хичээл заахыг хүссэн байна. Энэ нь монгол үндэстний дуу хөгжмийн салбарт шилдэг гишүүн, нэрт морин хуурч, морин хуурын багшийг нэгээр нэмжээ.
Түүнээс хойш Н.Хөх 30 жилийн турш морин хуурын урлагийн үйлс, монгол үндэстний морин хуурын хөгжмийн сургалтад хувь нэмэр үзүүлж, уламжлалт хөгжмийг уламжлах болон дэлгэрүүлэхэд асар их гавьяа зүтгэл үзүүлэв.
