"Эх орноо хамгаалах нь бидний дархан үүрэг"
Энэ жил 94 настай Линь Шикүнь бол үнэхээр бахархмаар ахмад дайчин юм. 1931 онд Шаньдүн мужид төрж, 1945 оны 02-р сард 14 настай тэрээр цэргийн албанд эрс шийдэмгий орж, Шинэ дөрөвдүгээр армийн байлдагч болжээ. Хожим нь авхаалж самбаа, ер бусын эр зоригийнхоо ачаар холбоочноор сонгогдов. Түүнээс хойш мэдээлэл дамжуулах, дайсны тээвэр, утасны шугамыг таслах нь түүний өдөр тутмын ажил болов.
Тухайн үед харилцаа холбооны хэрэгсэл нь маш тааруухан бөгөөд ховор байсан. Байлдааны үед стратегийн командыг дамжуулах нь холбоочдоос ихээхэн хамааралтай байв. Тиймээс холбоочдын үүрэг хүнд байлаа. Тэд дайны фронтод буун дууны дунд байлдааны бүсүүдийн хооронд явж, маш аюултай нөхцөл байдалд хүргэлтийн даалгавар гүйцэтгэдэг байлаа. Гэсэн хэдий ч тэд тушаал, мэдээллийг шуурхай, үнэн зөв дамжуулахыг хичээж байв.
Линь Шикүнь холбоочин байхдаа маш олон ухаалаг арга тактик хэрэглэж байжээ. Тэрээр нууц захидал чимээг хулсан модны хөндийд нууж авч явдаг байв. Өөрөө эгэл жирийн ядуу тариачны дүрд тоглож, дайсны хараа хяналтаас олон ч удаа мултарсан.
Нэг удаа Линь Шикүнь үүрэг гүйцэтгэж байхдаа дайсны шалгалттай тааралдав. Тэрээр айж сандралгүй маш тайван тогтуун байж, нууц захидал зурвасаа ойролцоох модны хожуул доор нууж, дайсан явсны дараа буцаж ирээд нөгөө зурвасыг авч, даалгавраа амжилттай биелүүлэв.
Хуай Хайнгийн дайны талбарт Линь Шикүнь зоригтой тулалдаж, заавал ялалтад хүрнэ гэх хатуу итгэл үнэмшилтэй байв. Дайснаа ялж байж л энх тайван, амгалан тайван амьдарна гэдгийг тэр мэдэж байлаа. Нэг удаагийн дайны явцад Линь Шикүнь баруун гараа буудуулж, цус их алдаж, ухаан алдан унав. Тухайн үед тэрээр дөнгөж 17 настай байсан аж. Линь Шикүний охин Линь Жин нулимс асгаруулан дурсан ярихдаа
- Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй тул аав маань баруун гараа тайруулсан. Аав маань бүтэн долоо хоног ухаан сэхээгүй хэвтсэн дээ. Дараа нь аав маань ухаан орж сэргээд амьд байгаадаа их л баярлаж байж билээ гэж ярилаа. Түүнээс хойш Линь Шикүнь дайнд оролцож чадалгүй явсаар 1949 оны 10-р сард цэргээс халагдан буцаж ирэв.
Манай цэргийн сүр жавхааг хараач
Нэгэн цагт маршал Хэ Лүнгийн телеграфын орчуулагч, Жиньсүй цэргийн тойргийн тагнуулын албанд ажиллаж байсан ахмад дайчин Шюэ Жячан өдгөө 98 насны сүүдэр зооглож явна.
Шюэ Жячан 1927 онд Шаньши мужид төрсөн. Зохион байгуулах чадвар, командлалын авъяастай тэрээр бага сургуульд байхаасаа тосгондоо байнгын харуул манаанд зогсож Японыг эсэргүүцэх дайнд оролцож байжээ.
1942 онд 15 настай Шюэ Жячан Баруун хойд нутгийн залуучуудын боловсон хүчний сургуульд сурч байхдаа хувьсгалд нэгдэж, 1943 онд ХКН-д элссэн түүхтэй.
- Баруун хойд нутгийн залуучуудын боловсон хүчний сургуульд байхдаа бид намын бодлогыг ухуулан сурталчилж, фронтыг дэмжиж байсан. Хожим нь хувьсгалчдын эгнээ өргөжихийн хэрээр цахилгаан холбооны операторуудын эрэлт хэрэгцээ бага багаар нэмэгдэв. 1944 онд манай сургуульд орчуулагч сонгохоор армийнхан ирсэн. Тэд ажиглаж, ойлгож байж намайг сонгосон. Хэсэг хугацаа эрчимтэй бэлтгэл хийгээд би Баруун хойд нэгдсэн хамгаалалтын армид байснаа Жиньсүй цэргийн тойрогт нэгдэж, 1945 оны 08-р сарын 15-ны өдрийг дуустал тэнд ажиллаж байсан гэж сэтгэл догдлон дурсан ярилаа.
“Бид энх тайвныг л хүсч байна”
Ордос хотын Зүүнгар хошууны ахмад дайчин Гүө Жэньхуагийн энгэрт хэдхэн хоногийн өмнө зүүлгэсэн "Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ой"-н яруу алдрын одон медаль гялалзаж байв. Гүө Жэньхуа 1929 онд Шаньши мужийн ядуу тариачны гэр бүлд төржээ. Японы харгис түрэмгийллийн дунд өссөн тэрээр эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хувьсгалын замд эгэлт буцалтгүй орсон юм. 1945 онд 16 настай тэрээр ХКН-д сайн дураараа элсэн, мөн тэр жилдээ цэрэгт татагдаж, Хэ Лүнгийн удирдсан 120-р дивизийн 34 дүгээр ангид томилогджээ.
Гүө Жэньхуа холбоочны хувиар Шаньшигийн Баодэ шянь, Шин шяны хил дээр япончуудтай тулалдаж байв. Түүний гол үүрэг бол тандалт, мэдээлэл дамжуулах, нөхдөө хамгаалах, шархадсан цэргүүдийг тээвэрлэх явдал байв.
- Нэг удаа байшингийн дээвэр дээр харуулд зогсож байхдаа дайсны суманд хөлөө буудуулсан юм гэж тэрээр хөл дээрх гүн сорвио зааж хэллээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам олон дурсамж бүдгэрч байсан ч эх орноо хайрлах, энхийг эрхэмлэх сэтгэл нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Гүө Жэньхуа догдолсон сэтгэлээр:
- Бид дайныг хүсэхгүй, бид энх тайвныг хамгаалахыг л хүсч байна гэж хэлэв.
"Намынхаа хайр халамжид үүрд баярлаж явдаг"
Өдгөө 92 настай Пэн Рүй Наймдугаар замын цэрэгт алба хааж, харилцаа холбооны офицер байжээ. Пэн Рүй Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн, Чөлөөлөх дайнд оролцон Гүйсүйгээс Шаньши хүртэл олон газар байлдаж явсан түүхтэй.БНХАУ байгуулагдсаны дараах бүтээн байгуулалтын ажилд ч идэвхийлэн оролцож, эх орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалтай амьдралын гэрч нь болсон юм.
- Нас бага байсан болохоор би Наймдугаар замын цэргийн адуу хариулах, хоол унд зөөх, гэр цэвэрлэх, мэдээ дамжуулах зэрэг ажил хийдэг байлаа. Аав маань армийн тогооч хийж, бид хаана явсан газар нь дагаж явдаг байсан гэж ярилаа.
Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн ялсны дараа Пэн Рүй аавынхаа хамт армид нэгдэн Чөлөөлөх дайнд оролцов. Тэрээр армийн хамт партизан дайнд оролцохын зэрэгцээ үйлдвэрт ажилладаг байлаа. Тэдний үйлдвэрийн цех дүүпүү, гоймон үйлдвэрлэж, гахай тэжээдэг байв. Чөлөөлөх дайн дууссаны дараа Пэн Рүй төрөлх нутаг болох одоогийн Хөх хотод буцаж ирэв. Пэн Руй 1950 онд 17 настайдаа ХКН-д элсжээ.
"Амьдрал ядуу байсан тул нэг өдөр ч сургуульд сууж байгаагүй. 1952-1957 он хүртэл Төрөөс намайг Ажилчин тариачны богино хугацааны дунд сургуульд орлуулж системтэй боловсрол эзэмшүүлсэн. ХКН маань намайг бэлтгэн хүмүүжүүлсэн" гэж Пэн Рүй дурсав. Тэрээр шуудайны үйлдвэр, Хөххотын намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Хөххотын өдрийн сонин зэрэгт ажиллаж байгаад 1986 онд тэтгэвэрт гарсан аж.
"Хувьсгалын яруу алдарт уламжлал маань үеэс үед уламжлагдах болтугай"
Жэн Рүйчи 1925 онд Хэбэй мужийн Санжөү хотод төрсөн. 1944 оны 03-р сард Наймдугаар замын цэрэгт элсэж, мөн оны 05-р сард ХКН-д элссэн. Тэрээр Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн, Чөлөөлөх дайн, Америкийг эсэргүүцэж Солонгост туслах дайныг туулсан ахмад дайчин юм.
1944 оны 02-р сард Жэн Рүйчи цэрэгт татагдаад Жижүн (Одоогийн Хэбэй мужийн Хэжянь хот) дахь Няньзү гүүрэн дээр япончуудтай анх удаа тулалдаж, Японы их бууны цамхаг руу дайрч байв.
Жэн Рүйчи газар доорх нүхэн замыг ашиглаж тулалдахдаа чадамгай. Тухайн үед тосгоны байшингуудаар халхавч болгон хоорондоо холбогдсон нүхэн замаар "Дайсан ойртох үед нуугдаж, дайсан ухрах үед довтлох" уян хатан тактик хэрэглэн, төрөлх нутгийнхаа дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан.
1957 онд Жэн Рүйчи ӨМӨЗО-ны Ар Хорчин хошуу дахь Тяньшань барилгын корпуст ажил шилжиж, улмаар 1986 онд тэтгэвэрт гарав.
Тэтгэвэртээ гараад Жэн Рүйчи гэртээ зүгээр суусангүй. Долдугаар сарын 1, 8 дугаар сарын 1-ний өдөр буюу Армийн баяр зэрэг чухал баярын өдрүүдэд тэрээр орон нутаг, сургуулиудаар хүрч, дайны он жилүүдийн үйл явдлуудыг иргэд, залуучуудад зуучилж өгдөг.
Өнөөдрийн энх тайван амьдралыг дайчин нөхдүүдийн амь насаар сольж авчирсан
Хөлөнбуйр хотын Хайлар дүүрэгт амьдардаг 95 настай Жинь Юйжэнь цонхны дэргэд сууж дайны түүх өгүүлж байв.
1944 онд 14 настай байсан Жинь Юйжэнь 8-р замын цэргийн Лүнань цэргийн тойргийн 2-р дивизийн зэвсгийн үйлдвэрт эрс шийдэмгий элсэн оржээ. Тухайн үед зэвсгийн нөөц нь Японы дайралтын гол бай болж, үргэлж аюул нүүрлэж байв.
- Бид өдөржин тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцаж, болгоомжтой байхгүй бол тэсэрч дэлбэрэх аюултай. Японууд ирэхэд бид уул, элсэн цөлд нуугдаж, тэнд нэг сар ч хоргодох шаардлага гардаг гэж Жин Юйжэний дурсан санаж өгүүлэв. Тэд хүндрэл бэрхшээлийг туулан байж, нөхдийнхөө хамт нурсан үйлдвэрээ дахин дахин сэргээн босгож, фронтыг зэвсгээр тасалдуулахгүй хангасаар ирсэн.
- Бидний өнөөдрийн сайхан амьдралыг амь үрэгдсэн баатрууд маань амь насаараа сольж авчирсан. Энэ аз жаргалыг нандигнан хичээнгүйлэн суралцах ёстой гэж хойч үедээ байнга захисаар байгаа юм.
Энэ оны 08-р сард Жин Юйжэнь "Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайны ялалтын 80 жилийн ойн медаль"-аар энгэрээ мялаалгав.
Дайны үед зэвсгийн нөөцийг хамгаалж явсан тэрээр насан буурал болсон ч энхийн цагт хувьсгалын уламжлалыг сурталчлан эх орныхоо энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэсээр байна.
