solongonews
Дэлхийн мэлмийг мялаасан номин тансаг тал нутаг
2017-07-24 20:41
Хөлөнбуйр өргөн уудам тал нутаг, ягч сахлаг хөвчин ой, цэнхэрлэн долгиолох гол горхи, нуур цөөрөм, ногоон хивс шиг нуга газартай гэдгээрээ хамгийн үзэмжит сайхан тал нутаг гэж нэрлэгдэхээс гадна, Хятад улсын умард хилийн тайван амгалан байгалийн чухал газар билээ.

    “Хөх уул хөхөмдөг ус бол даруй алт мөнгөн уул юм”. Хөлөнбуйр аймаг байгаль орчин хамгааллыг тэргүүн чухал үүрэг болгож номин ой, ногоон тал, гол горхи, нуур цөөрөм, нуга газраа нүдний цөцгий шигээ хайрлан хамгаалж, эх улсын умардын үзэмжит орноо улам ч үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэсээр ирсэн. Ялангуяа, 2015 оноос хойш тус хот байгаль орчинд хандуулсан боловсон үйл ажиллагаагаа өмнө байгаагүйгээр сайжруулсаар хот даяар эх байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалж бүтээн байгуулах ажил идэвхтэй өрнөсөн билээ.

Эгэж ирсэн Хөлөннуур

     Цэлгэр их Хөлөн далай

     Цэнхэр биндэрьяа эрдэнийн сан

     Цэл ногоон гүвээ дэнж нь

     Цэцэг хатгасан торго дурдан

Хөлөнбуйрчууд хөлөн буурал нуураа ийнхүү магтан дуулсаар ирсэн. Хөлөн нуур нь Хятадын таван том цэнгэг нуурын нэг бөгөөд усны чанар сайтай, хэлтэг, мөргө, цагаан загас зэрэг олон төрлийн загастай, зүсэн зүйлийн шувуудын жиргээтэй сайхан нуур юм. Түүнчлэн зүүн хойд Азийн нүүдлийн шувуудын хөл амрах ариун усан, Ази тивийн усны жигүүртний үржин төлжих амгалан нутаг, аялал жуулчлал ба загас агнуурын эх баялгийн орон болох юм.

Харин ийм сайхан нуур маань хүн байгалийн олон шалтгаанаас болж нэгэн үе их гачигдалд учран сөнөж мөхөхийн даваанд хүрсэн. Хөлөн нуур 2002 оноос эхлэн татарч, ус хадгалагч нь түүхэндээ хамгийн доод төвшинд хүрч, усны хамгийн гүн цээл нь 9 метрээс дөрвөн метрт хүртлээ багассан байв.

Түгшүүрт учирсан Хөлөн нуураа сэргээн хамгаалахын төлөө Хөлөнбуйр хотын Намын хороо Засгийн газар олон удаа тусгай сэдвээр судлан ярилцсан юм. Улмаар Хөлөн нуурыг хамгаалах ба өнө үүрд ашиглах хөгжлийн замыг эрэлхийлж, нутаг бэлчээрийг хамгаалах ажилд тэтгэмж ба шагналын төрийн бодлогыг бүтэмжтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ нүүдэлчин ардын арга бодлогыг хэрэгжүүлж, элсэрхэг газрыг засан сэргээж, усны эх баялгийг шинжлэх ухаанлагаар зохицуулан загас агнахыг хориглож, Хөлөн нуурын усан системийг сэргээхэд хүчлэн чармайж, салбар урсгалын ус нөхвөрлөх чадварыг дээшлүүлсэн байна.

Хөлөн нуураас таван км зайтай амьдардаг Шинэ Барга Баруун Хошууны Алтантээл суурингийн Баян Тойром гацааны малчин Соёлт:

2013 оноос татарсан ус нь тэлж эхэлсэн. Одоо бараг өмнөх жилүүдийн усны төвшинд хүрч, нуурын ус цэвэр тунгалаг боллоогэж хөлөн нуурын орчин тойрны сэргэлтийн тухай тайлбарлан ярьлаа.

Дахин амилсан Буйр шил

Боршил суурин - Хуучин Барга Хошууны нутаг.

Боршил суурин элбэг уурхайн эх баялагтай, суурингийн хэмжээнд нүүрс хадгалах талбай нь 675 км2 бөгөөд судлан шинжилсний дүнд нүүрсний ерөнхий хадгалагч нь 10.45 тэрбум тоннд хүрдэг.

Сүүлийн арваад жилийн туршид Боршил суурин нүүрсний аж үйлдвэрт тулгуурлан мал аж ахуй, газар тариаланг хослуулан, аж ахуйн хөгжлөө хүчтэй ахиулж, шинээр өрнөн хөгжсөн аж үйлдвэрийн чухал суурин болон хөгжжээ. Энд Шэн Хуа Боршил дахь энергийн ХХКомпани байрладаг. Тус компаний задгай нүүрсний уурхайд хүрэхэд бүх төрлийн том машин сүлжилдэн давхилдсан ч тоос шороо бужигнахаа больсон байна.

Одоо тал нутгийн шарх сорви ургамлын бүрхэцийн нэмэгдлээр эдгэрэн онгон төрх нь сэргэж, ард түмэн оршин суурьшихад таатай орчин ахуй, уур амьсгал, гол горхи, ой модтой болж, тэнэгэр уудам тал, цэлмэг хөх тэнгэр, нугас галуудын ганганаа, усны шуугиа, ойн исгэрээ энэ бүхэн нийлэн найрсах нь байгалийн их симпони хөгжим шиг уянгалах шиг санагдана.

Дахин сэргэсэн номин тал

        “Байгаль орчин муудсанаас шалтгаалан сумын баруун хойд захын манх салхины аяар хийсэх болж, элсэн шуурга малчдын гэрийг булахаа шахаж, нүд нээхийн аргагүй элс шороон дунд айлууд шилжсээр. Сумын Засгийн ордон ч гэсэн гурван удаа нүүгээд амжчихлаа” гэж Шинэ Барга Зүүн Хошууны Шинэбулаг сумын Хужирнуур гацааны малчин Сувддалай хуучилсан юм.

Намхавтар бие, хөрслөг царай, эвэршсэн гар, өнгө нь онгосон өмсгөл … навтархай намхан байшин, өнчирч эзгүйрсэн сумын буурь, хуйларч хийссэн элс шороо, номин ногоон Баргын талын өрцөнд суусан шарх сорви гэмээр цөлжиж эзгүйрсэн энэхүү 2000 газар хүн байтугай амьтан ч бүгд дүрвэн явжээ.

Айл аймгийнхан хувхайрсан газрыг ойжуулах гэж сахин суусан тэд хоёулыг “Усан тэнэг” гэж ярилцана. Энэ 15 жилд баяр баясал, гуниг гутрал, хүнд бэрхшээл, зовлон зүдрэлийг хаширтлаа туулсан энэ айл өдгөө 50 м2 байшинтай, тав зургаан үхэр, тавиад хоньтой. 

Чэн Жян, Сувддалай нар өвсний үр түүж өвс тарин элсийг тогтворжуулсны дараа мод тарихаар болж, намартаа хадлангаас өмнө өвсний үр түүж, элсэрхэг газартаа цацаж орхидаг болжээ. Дараа жилийнх нь тарьсан өвс элсэрхэг газрыг дүүртэл ургаж, элсийг зохих хэмжээнд тогтворжуулсан байна.

Сувддалай хэдийгээр эдгээр өвс ургамлын нэрийг бүгдийг нэрлэж чадахгүй ч, элсийг тогтворжуулж чадсандаа хэмжээлшгүй баярлаж явдаг. Хашаа дүүрэн уд улиас, бургас хайлаас, үрэл мойл, нарс зэрэг олон янзын модтой, гэрийн зүүн өмнө хэсгийн элсэн манх нь хүртэл ягч сахлаг жижигхэн ой шугуй болсон байлаа …

 

Зохиогч: Сувд Номин Ургаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл