Уралдаанд үндэстний уламжлалт хувцас загвар, орчин цагийн шинэ хувцас загвар, ажил төрлийн хувцас загвар гэж гурван баг хувааж явагдсан бөгөөд Шилийнгол аймгийн хошуунуудаас хүрэлцэн ирсэн 16 төлөөлөгчийн баг оролцсон байна. Өөр өөрийн өвөрмөц стилтэй хувцас загварын урлагийн тайзнаа үзүүлж, монгол гоёлын эрхэмсэг гоо, монгол бүсгүйчүүдийн гарын ур, ухааны цэцийг олноо гайхуулав. Монгол хувцас дизайн нь монголчуудын амьдрал ахуй, соёл иргэншлийг тодхон харуулдгаараа онцлог болжээ.
Тэмцээний хамгийн тэргүүнд үндэстний уламжлалт хувцас загварын баг явагдаж эхэлсэн ба Баруун Үзэмчин хошуунаас ирсэн “Уламжлалт Үзэмчин цагаан цамц” оёдлын газрын дөрвөн улирлын уламжлалт Үзэмчин хувцас загвар уралдааны хөшгийг сөхөж, дараа нь Шулуун хөвөөт цагаан хошууны төлөөлөгчийн баг, Тайвас хошууны төлөөлөгчийн баг... зэрэг төлөөлөгчийн баг ар араасаа өөр өөрийн нутаг нутгийн өвөрмөц стилийг харуулсан хувцас загвараараа үзэгч олноо шагшууллаа. Үргэлжлүүлэн орчин үеийн хувцас загвар ба ажил төрлийн хувцас загварын хэсгийн тэмцээн болов. Үүнд, Шилийнгол аймгийн "Эрхэмсэг дүүдэй" уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх хязгаарлагдмал компаний зуны улиралд өмсөх найман хэлбэр загварын 30 хувцасны гайхалтай дизайныг олноо гайхуулсан бяцхан моделуудын хөөрхөн алхаа үзэгчдийг аргагүй баярлуулж, үе үе алга ташилтын дуун үргэлжилж байлаа. Ийнхүү хурц ширүүн өрсөлдөөний дүнд Баруун Үзэмчин хошууны “Уламжлалт Үзэмчин цагаан цамц”-ны оёдлын газрын хувцас загвар нь уламжлалт хувцас загварын багийн тэргүүн шагнал, Шилийнхотын “Хаш угалз” үндэстний хувцас загварын ХХК-ний хувцас загвар орчин үеийн хувцас загварын багийн алтан медаль, Шилийнгол аймгийн “Эрхэмсэг дүүдэй” уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх ХК-ний хувцас загвар нь ажил төрлийн хувцас загварын төрөлд тэргүүлсэн байна.
