
Бууз хийнэ

Тав тухтай зуслан
Шинэ зуунд аялал жуулчлалын салбар тасралтгүй хөгжихийг дагаад малчин айлын аялал жуулчлал манай аймгийн нэгэн брэнд болон хөгжсөөр байна. Анх эхэндээ малчин айлын аялал жуулчлал нь монгол гэр, морь унах зэрэг маш хялбар хэвшсэн онцлог бүхий байсан бол эдүгээ олон онцлогийг бүрдүүлсэн малчин айлын жуулчны бааз болон хөгжиж ирсэн нь манай аймгийн аялал жуулчлалын салбарын бас нэгэн давуу тал болж байна. Шулуун хөх хошууны Таван-Од багийн Хасбагана, Наранхуарын “Тавтай” малчин айлын жуулчны бааз нь нутгийн бургасаар саравч хийснээр хөдөөгийн сайхан амьдралыг ойлгуулж харуулах болсон нь олны анхааралд байна.
Талын монгол айлын жуулчны баазын эрэлхийлэл
Шулуун хөх хошууны Сангийн далай суурингийн Таван-Од баг сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрийн тачирдаж, өнгөрсөн жилээс эхлэн 5 жилийн хугацаатай Бага загастай нуурын хавийн зуслангийн газраа битүүмжилсэн байна. Энэ нь хэдийгээр нутаг бэлчээрийн сэргээлтэд ашигтай ч мал аж ахуйгаар гол болгодог малчин айлын хувьд малаа хэрхэн бэлчээрлүүлэх, өвөлжөөний газар нутгийг жилийн дөрвөн улиралд хэрхэн зохицуулах гэсэн хэцүү асуудал тулгарсан. Малыг цөөлснөөр нутаг бэлчээр хүрэлцээтэй болно. Гэвч орлого бага болоход нэг айлын амьдрал хэцүүхэн болно. Энэ бүх асуудал мөн л багийн малчин Хасбаганынд тулгарч байлаа. Тэд олон талаас бодсоны дараа зуны улиралд хүн хар их цагладаг зуслангийн сайхан нутагт “Малчин айл” жуулчны бааз байгуулахаар төлөвлөсөн байна. Зун болохоор малаа айлын бэлчээрт хөлс устай тавьж, өөрөө аялал жуулчлалын ажил эрхэлж орлогоо баталгаажуулахаар завгүй ажиллаж эхэлсэн байна. 2017 онд бусад айлтай адил хэдэн монгол гэр босгож, мах чанаж, монгол архи нэрж “Малчин айл” жуулчны баазын анхны хэвийг бүрдүүлжээ. Тэдний зуслангийн газар нь Бага загастай нуурын зүүн хөвөөг дагах боловч замаас нэлээд дотогшоо байрладаг болохоор мэдэх хүн цөөн. Жуулчид зам дагуух таарсан жуулчны баазаар ордог болохоор анхны жил зочид цөөнтэй байжээ. Энэ нь тэдний сэтгэлийг зовоож байлаа. Хэчнээн хоол унд бэлтгэсэн ч ирэх хүн байхгүй бол орлого үгүйн дээр зардлаа ч олж чадахгүй болно. Сүүлийн хоёр жил “Малчин айл” жуулчны бааз олон болсны дээр ашиг орлого олох гэдэг хэцүү л ажил мэт санагдаж үүдээ хаах хэмжээнд хүрсэн гэдэг.

Бургасны гүрмэл
Онцгой үйл олны анхааралд хүрэв
Залуу насанд олон хотоор арилжаа худалдаа хийж явсан бөгөөд Японд хэдэн жил суралцаад ирсэн Хасбаганын хувьд арилжаа хийх ухааныг багагүй хадгалсан байлаа. Эдүгээ өөрийн нутагт суурьшиж аялал жуулчлалын бизнесээ сайн хийхээр шийдэж, хэрхэн бусдаас онцгой байх талаар бодож, саравч байгуулахаар шийдсэн байна. Хөдөө аялах хүмүүс өргөн уудам тал нутагт саатаж, хөдөөний сайхан уур амьсгалыг цээж дүүрэн амьсгалж, холын барааг ширтэж, цээж онгойтол ярилцаж суух нь хамгийн их аз жаргал юм. Морь унаж, монгол гэрт хооллон, сүү цагаа идэх нь малчин амьдралыг биечлэн мэдэх тусгай агуулга болдог боловч сэтгэл тэнийтэл санаа уужиртал талын монгол айлын орчин ахуйд нүдний чилээгээ гаргаж, малчин хүний тал шиг уудам сэтгэл хэрхэн бий болдгийг насан туршид нь мартагдахааргүй ойлгуулан үлдээнэ гэдэг чухал аж. Монгол гэрт монгол соёлыг ойлгодог бол саравчтай гэрт суух нь сэтгэлийн цангааг тайлж , хөдөө нутгийн тарган тавтай орчныг бие сэтгэлээрээ мэдрэх боломж юм. Энэ бүгдийг бодож, монгол гэрийн үндсэн цогцыг хадгалсан, холоос харахад хүмүүсийн харцыг булаамаар онцгой байхаар барьж байгуулах хэрэгтэй болжээ. Ийнхүү монгол гэрийн хэлбэрээр суурь босгож, хар бургасаар жамба гүрэх ёсоор монгол гэрийн тооно унийг босгож, саравч байгуулсан байна. Үүний зэрэгцээ өмнө нь малчин айл хэрэглэж байсан бургасан эдлэлийг хийж тавьсан нь олноос онцлог болж, жуулчид ч бургасан эдлэлийг сонирхож, бургасан эдлэлийг яаж хэрэглэж байсан тухай ойлгож мэдэхээр ирдэг болсон байна. Түүнчлэн бургасаар гүрж хийсэн саравчийг хэрхэн нэрлэх тухай нутгийн олон цугларч олон олон нэрийдэл, маргалдаан болдог нь Хасбаганад тааламжтай санагдаж түүний сэтгэж, бодож бүтээсэн зүйл нь бусдад танигдаж, хүмүүс ч сонирхож чухалчилж үзэх болсноор хүч хөдөлмөр нь талаар болсонгүй. Ийнхүү “Тавтай” малчин айлын зуслан Бага загастайн хөвөөнд алдаршиж эхэллээ.

Шинэчилсэн саравч

Загастай нуурын хөвөө
Зөв санаа зөв бодолд үйлс өөдрөг
Бургасан соёлын уламжлалаар онцлог болгож, жуулчны бааз байгуулсан зуслангийн газар нь ч хэдийгээр 20 га талбай боловч тухайн газрын онцгой содон зуслан болж, өмнө зүгт элс бургастай, хойш бараалбал Бага загастай нуурын нүдэнд тусаж, монгол гэрийнхээ хажууд саравчтай болсон нь хөдөөгийн амьдрал, өнгө үзэмжүүд нь тэр чигээр тодорч үнэхээр “тавтай” санагдана. Жуулчид гэрийн гадаа барьсан зууханд аргалын гал ноцоож, өөрөө гал түлж хоол ундаа хийдэг болохоор хөдөөгийн амьдралд нэг удаа ч ойртож байгаагүй холын зочдын хувьд утга учиртай амралт болдог төдийгүй хөдөө төрж өссөн боловч ажил сурлагын шаардлагаар хотын амьдралтай болсон бидэнд багын үеийн амьдрал тэр чигээрээ нүдэнд тусаж байлаа.
“Тавтай” малчин айлын жуулчны бааз нь ийнхүү өвөрмөц онцлогоор олон жуулчны сэтгэлийг татжээ. Өнгөрсөн жилийн орлого нь 10 мянга гаруй юаньд хүрч байсан бол энэ жил өөрчлөлт хийснээр орлого 30 мянга гаруй юаньд хүрчээ. Тэд малчин айлын онцлог шинжийг хадгалсан суурин дээр шинэ цаг үеийн амьдрал үйлдвэрлэлд тохирсон жуулчны баазыг бүтээн байгуулахаар хичээн ажиллана.
Хасбагана: - Үнэнээ малчин айлын жуулчны бааз гэдэг тийм том бизнес биш. Бид гол төлөв ямар арга хэлбэрээр хийхэд байна. Зуслангийн багахан нутаг дээрээ өөрийн гэсэн онцлогийг харуулсан зүйл хийхгүй бол зуны богино хугацаанд орлогоо баталж чадахгүй. Зайлшгүй онцлог зүйлийг сэдэж хийх хэрэгтэй гэж байв.
