Хүүхэд багачуудаа уламжлалт ахуй амьдралтай ойрхон байлгаж, үндэстнийхээ зан үйлийг таниулах үүднээс Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Эхбулаг хүүхдийн цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ дагуулан малчин Цээвэлийнд ирж, “Тал нутгийн нэг цагийн хичээл” хэмээх гол сэдэвт үйл ажиллагааг саяхан зохион байгуулав.
Тус нутгийн малчид зуны эхэн сарын шинийн гурванд хурга имнэж ирэглэх заншилтай. Энэ өдөр чив хэмээн энэхүү бэлэгт өдөр тохиосон болохоор хүүхэд багачуул энэхүү ёс заншлыг нүдээрээ үзэх аз тохиожээ.
- Малчин хүн хургаа имнэхдээ ‘Мянга түм болтугай’ хэмээн ерөөж, мал сүргийнхээ өнөр өсөлтийг бэлэгшээдэг. Мал сүргээ ялган танихын тулд айл болгон өөр өөрийн им тэмдэгтэй байдаг. Манайх бол зүүн чих нь хэрчим имтэй хэмээн настай ээж хургаа имнэхийн хажуугаар хүүхдүүдэд ярьж байв. Багш хүүхдүүд айлын ажилд тус болохыг хичээж, хурга ойртуулан, хамтдаа баясан хөөрч байхыг нь харсан бүхэн шагшмаар.
Хурга имнэх ажил дуусаж, хашир малчин, гар уран Цээвэл гуай монгол гэрийн соёлын тухай хүүхдүүдэд заав. Цээвэл гуай аавынхаа модон дархны гарын урыг залгамжлан, ажлын зав чөлөөгөөрөө монгол гэр урлаж суудаг гар уран хүн билээ. Тэрээр хүүхдүүдэд тооны үдээр үдэхийг зааж, монгол гэрийн бүтцийг нарийн тайлбарлан, хээ угалзны нэрийдлийг ч нэг нэгээр ярь өгөв.
Мянган мэргэжилтэй малчин багшаас олон зүйлийг сурсан хөөрхөн цовоо хүүхдүүд хөгжилдөн хөөрөлдсөөр “Үлгэрийн хичээл”-ээ орж, малчин айлын тохилог сайхан номын өрөөнд багшийнхаа ярих үлгэрийг сонсож, “Тал нутгийн нэг цагийн хичээл”-ээ утга төгөлдөр жаргаалаа.
Зүүн Үзэмчин хошууны Эхбулаг хүүхдийн цэцэрлэг 2017 оны 03 сарын 22-ны өдөр анх өрхөө сөхөж, “Тал нутгийн нэг цагийн хичээл”-ийг санаачилснаас хойш “голсон төлийг авуулах”, “малын зүсэм таних”, “сар шинийн золголт” зэрэг мал аж ахуйн амьдралын зан үйлээр гол агуулга болгосон, багш, эцэг эх, хүүхдийг хамтарсан “тал нутгийн нэг цагийн хичээл”-ийн тусгай сэдэвт хичээлийг 5 удаа зохион байгуулжээ. тэд хүүхэд байгаль ахуй, мал сүргээ хайрлах, хөдөлмөрийг эрхэмлэх эрхэм ёс суртлыг хүмүүжүүлэн, тэдний ой билэг, оюун ухааныг нээн хөгжүүлэхийг зорьсоор иржээ.
