Хөвөөт шар хошууны Улаанмөчирт ажил албатай уран бүтээлч Дэгжилт ая зохиох, морин хуур хуурдахдаа олны дотроос од сод нь болж яваа залуучуудын нэг юм. Хар багаасаа аав ээж, ахмадынхаа дуу хуурыг бахархдаг, аялгуу дуунд авьяастай бөгөөд урлагийн өлгийд бүүвэйлэгдэж өссөн Дэгжилт хүүхэд насныхаа бодолдоо хөтлөгдөн өөлий болсон хойноо шилдэг уран бүтээлч болох хүслээ өвөрлөж ирсэн гэдэг.
Дэгжилт 16 настайдаа Хөвөөт шар хошууны Улаанмөчирийнн ахмад зүтгэлтэн, морин хуурч Эрдэнэбаатараас морин хуурын мэргэжлийг анхлан сурч, энэхүү үндэстнийхээ язгуур хөгжмийн нэг болох морин хуураа ажил амьдралынхаа чухал нэг хэсэг болгосноор барахгүй цаашдын олон тоглолтод морин хуурын эгшгийг түмэн олныхоо чихэнд сонордуулж явах анхны замаа өлгөсөн юм. Хүн гэж өөрийн дур сонирхолтой зүйлдээ сэтгэл зүтгэл, итгэл чармайлгаа харамгүй зориулах л ёстой. Дэгжилт багшийнхаа зааж сургасан ёсоор зав чөлөө гарвал бүх сэтгэлээрээ хөгжмөө давтан суралцаж өөрийн амьдралдаа улам илүү итгэл зориг, баяр бахдал нэмж чадсан гэдэг. Ийнхүү тэрээр урлагийн сургуульд суралцаж үргэлжлэн хөгжмийн мэргэжлээ дээшлүүлэх хүслээрээ 2001 онд Улаанцав хотын урлагийн сургуульд хүрч Рашгаваа, Онолт зэрэг морин хуурын мэргэжлийн нэртэй багш нараас 4 жилийн хугацаатай морин хуурын онолын мэдлэгийг шамдан суралцсанаар морин хуур хөгжимдөх мэдлэг мэргэжил нь их дээшилж, 2004 онд сургуулиа төгссөнийхөө дараа хошууныхаа Улаанмөчирт морин хуурчаар шалгуулан орсон юм.
Дэгжилт Улаанмөчирт ажилласан цагаасаа эхлэн морин хуур хуурдах, зохиолын дууны ая зохиох, ардын найрал хөгжмийн ая зохиох зэрэг урлагийн олон талд мэргэшээр явлаа. Тэрбээр олон сайхан морин хуурын эгшиг аялгуугаараа малчин ардынхаа хайр бахархлыг хүртэж явснаар үл барам харь гүрний хүмүүсийн сэтгэлд бишрэл гайхлыг төрүүлж явсан нь түүний хувьд баярлууштай мөртөө дурдатгалтай явдал юм. 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан дэлхийн 29 дэх удаагийн олимпийн наадмын нээлтийн ёслолд алдарт морин хуурч Чи.Булагаар ахлуулсан 1000 хүний бүрэлдэхүүнтэй морин хуурын тоглолтод Дэгжилт сонгогдон орж, морин хуурынхаа яруу эгшгийг улс түмэндээ гайхуулсан байна. Мөн 2014 онд Австралийн Венийн хотноо болсон урлагийн наадамд улс орноо төлөөлж, хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулгын бүрэлдэхүүний хувиар харь холын нутагт үндэстнийхээ язгуур урлагийн гайхамшгийг харь гаднынханд сонирхуулж гайхуулж явсан нь Дэгжилтийн хувьд бас нэг удаагийн тод сэтгэгдэл түрүүлсэн дурсамж болно. Энэ тухайгаа тэрээр: - Хүн хол явж, юм үзэж нүд тайлах тусмаа үндэстнийхээ онцлогоо улам илүү бахархах болдог. Надад олон тоглолт гаргах нөхцөл боломжийг олгосон морин хуур хөгжмөө хайрлаж, морин хуураа илүү сайн сурч зэрэглэл ахиулан сайхан хөгжимдөхөөр сэтгэл шулуудлаа хэмээн баяр хөөр бялхуулан ярьж байлаа.
Дэгжилт урлагийн өндөр мэдрэмж, хатуужилтай сургалтаараа олон сайхан бүтээл туурвиж ард олноо баярлуулж явлаа. Өнөөдөр “Шүтэж явах нутаг”, “Хөгжил бялхсан Хөвөөт шар”, “Асар өвлөсөн нутаг” зэрэг зохилын дууны ая, ардын найрал хөгжим “Дэнжийн цэнхэр аялгуу”, морин хуурын дөрвөл “Дөрвөн уулын Хөвөөт шар”, холбоо “Шилийнголын магтаал” зэрэг 100 гаруй бүтээлээ монгол түмэндээ сэтгэлийн нандин бэлэг болгон барьж, уран бүтээлийн замдаа ганзага дүүрэн яваа юм.
Үүнд, 2006 онд Дэгжилтийн зохиосон ая Өвөр Монголын Одон телевизийн алдарт хөтлөгч Насангийн бичсэн үгээр амилсан “Шүтэж явах нутаг” нэртэй ус нутгаа магтан дуулсан ая дууны бүтээл нь мэндэлсэн цагаасаа аваад олны дунд өргөнөөр дуулагдаж, 2009 онд тус дуу нь Өвөр Монголын одон телевизийн алдарт хөтлөгч Насангийн “Мэндийн цэнхэр хадаг” нэртэй бие даасан тайлан тоглолтод сонгогдож олны сайн танил дуу болж, мөн 2010 онд тус дуу нь Өвөр Монголын Улаанмөчирийн чуулгын наадамд зохиолын тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Үүнээс гадна түүний зохиосон “Адуучны баясал” гэх морин хуурын аялгуу нь 2011 онд Өвөр Монголын хэмжээнд болсон “Чи.Булаг нэрэмжит морин хуурын тэмцээн”-д шилдэг шагнал хүртсэн байна.
Эдгээр олон шагнал хөхүүлэл нь түүний арваад жилийн турш урлагийн хүсэл мөрөөдөл, шантаршгүй хүчин зүтгэлээрээ ард олон, нийгэм нийтийн хүндэтгэл хайрыг хүлээсэн явдал болно.
Монгол үндэстний дуу урлагийн баян санд тусал нэмж, эр зориг, ариун хөдөлмөрөөрөө дуу урлагийн өргөн харгуйд эрэлхийлэн яваа уран бүтээлч Дэгжилт маань ирэх маргаашдаа илүү олон шилдэг уран бүтээл туурвин түмэн олондоо өргөн барих нь лавтай юм!
