Нар хур тэнцсэн зуны зургаан сар Авга хошууны Жаргалант нутагт тайван амгалан саатаж, сааль сүү шуугин сайхан зуншлага болж байлаа. Сурвалжлагч Жаргалант суурингийн Баярт багаар сурвалжлан явахдаа Талинтуяа гэх малчин айлд буусан юм. Ажил амьдралаа өөд татаж, өөдрөг чинээлэг амьдралыг босгон, нутаг орныхоо шинэ малчдын төлөөлөл болсон гуч дөнгөж хүрч яваа залуу хос маань сурвалжлагчийн сонирхлыг татсан билээ.
Жаргалтай гэр бүлийн баясгалан
Бие бялдар намхан ч булчин шөрмөс нь мах мяраанд нь зангирсан, яриа хөөрөөтэй, хөрслөг бор Талинтуяа айлын том. Амьдрал хүнд байснаас дунд сургуулиа дөнгөж төгсмөгц малынхаа захад гарч, мал аж ахуй үйлдвэрлэлийн хар бор ажлыг борви бохисхийлгүй хийж, аав ээждээ тус дэм болсоор иржээ. Ийнхүү Талинтуяа 2008 онд дөнгөж хорин нас хүрмэгц Жаргалант суурингийн Жимс гэх бүсгүйтэй айл гэр босгон, аавын голомтоос туурга тусгаарлан, өвгөдийнхөө удмыг залгасан нарны бор малчин болж, Талын хөндий гэх сайхан нутагтаа өрх толгойлон амьдралаа эхлүүлсэн юм. Тухайн үед хоёр талын амьдрал хүнд байсан болохоор аав ээждээ их дарамт өгөхгүйн тулд Талинтуяа, Жимс нар ургийн баталгааны бичгээ аваад л хуримын ёслол хийсэнгүй. Хоёр унааны морио зарж, Шилийн хотод очин 1200 юаниар хуримын дурсгалын зураг авхуулж, 1800 юанийн Цанхун брэндийн телевиз авсан нь тэдний ураг хуримын хамгийн том гэрч болсон байжээ. Нэг насанд нэг л олддог ураг хуримаа ингэж л энгийн хийснээ одоо бодоход харамсдаг боловч цагийн юм цагтаа л байдаг гэснийг тэр хоёр ухаарч явсан байлаа.
Одоо залуу хос маань гэрлээд арван жилийн нүүр үзэж, хоёр буурлаа сайхан асарч, хоёр хүүхдээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, хүү нь хошууны төвдөө бага сургуулийн нэгдүгээр ангид суралцаж, охин нь ой өнгөрч, элэг бүтэн амьдрахын жаргалыг эдэлж явна. Өнгөрсөн жил эднийх суурингийн “Цэвэр тохилог гэр бүл” гэх сайхан алдрыг хүртсэн билээ.
Ажилч айлын баясгалан
Ажилч хүнд амьдрал өөдрөг, хөдөлмөрч хүнд амьдрал өгөөмөр байдаг. Талинтуяа, Жимс айл өрх болоход 200 шахам хонь, 10 шахам нутгийн үхэртэй байжээ. Тухайн үед Талинтуяа мянган хоньтой болбол гэж бодож явдаг байв. Ийнхүү залуу хос хэдэн малаа сайн додомдон үржүүлж, шаргуу хөдөлмөрлөн, айл гэрийнхээ амьдралыг өөдлүүлэхээр хичээсээр ирсэн байна.
Сайн бүсгүй амьдралын түшиг гэдэг. Талинтуяагийн гэргий Жимс айлын том охин, аав нь эрт нас барснаас гэр орноо харж хандах том үүргийг үүрэн, аль эрт хар бор ажил сурчээ. Бэр болсныхоо дараа хадам ээжээсээ сүү цагаан идээ боловсруулах ажлыг суран, зундаа сүү цагаан идээ хийж хураана. Нутаг усандаа сүү цагаан идээ хураадаг бэр хэмээн сайшаагддаг байна. Энэ жил мөн Жаргалант суурингийнхаа “Эмэгтэй чадвартан” шагналыг хүртсэн байна.
Талинтуяа Жимс хоёр аав ээжийгээ асарч, эмэгтэй дүүгээ их сургуульд суралцуулж, амьдралын аливаа үүрэг тэр хоёрын мөрөн дээр тулж ирснээр мөнгөө хэмнэж, зардлаа багасган, малаа өсгөхөөр хичээж, аливаа бүхнийг өөрөө хийж, хүн хөлсөлдөггүй. Талинтуяа төмөр гагнах ажлыг өөрөө сурч, өөрийн хашаа хорооны төмрийн ажлыг гагнана. 2014 онд Талинтуяа эхнэрийн хамт 150 хавтгай дөрвөлжин метр дулаан пин саравчийг барьж тулгуурыг нь гагнан, 50 мянга гаруй юань хэмнэсэн байв. Ийнхүү залуу хос хамтдаа хичээн зүтгэж, ураг түшсэн малчин удмын ухаанаас мянган мэргэжлийн шимийг хүртэж, хүрз баривал шаварчин болж, төмөр баривал гагнуурчин болж, мал сүргээ өсгөж, бүтээн байгуулалтаа хийж, өөдрөг чинээлэг амьдралыг байгуулж чадсан байна. Одоо Талинтуяагийн жилийн орлого 600 мянга гаруй юаньд хүрч, 500 шахам хавтгай дөрвөлжин метр малын дулаан пин, 100 хавтгай дөрвөлжин метр тэжээх пин, 150 хавтгай дөрвөлжин метр өвсний пин, 100 хавтгай дөрвөлжин метр тоосгон байшин, 150 метр гүн автомат худаг зэргийг иж бүрнээр нь бүтээн байгуулж, 100 мянга гаруй юанийн ханштай машин, 50 мянга гаруй юанийн ханштай шороо түлхэх машин, хүнд хэлбэрийн тариалангийн машин зэрэг орчин үеийн машин техниктэй болжээ.
Шинжлэх ухаанч мал аж ахуйн ухаан
Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй нь үнэн. Талинтуяа, Жимс хоёрын хичээл зүтгэлээр амьдрал нь дээшилж, 2012 онд 1000 гаруй хонь, 40 гаруй нутгийн үхэртэй болж, Талинтуяагийн мянган хоньтой болбол гэдэг мөрөөдөл нь биелсэн байлаа. Талинтуяагийнх 385.4 га нутагтай, үүнээс гадна өвөөгийнхөө 600 га нутагт малаа ээлжлэн сэлгэн малладаг боловч малын тарга хүч тааруу, нутаг бэлчээрийн тачиршил хэцүүдэх хандлагатай болов. Ийм нөхцөл байдалд Талинтуяа малын тоо толгойг хөөцөлдөх нь хөдөлмөр хүчинд халтай, орлого бага төдийгүй бэлчээрт халтай байдгийг ухаарч, малын тоо толгойг хөөцөлдөж байсан уламжлалт мал аж ахуйн аргаа өөрчилж, малын үүлдрийг сайжруулах замыг сонгожээ.
Ийнхүү 2017 оноос Талинтуяа 1000 гаруй хонио цөөлж, 300 гаруйг үлдээн, Тунляо хотоос 35 шилдэг үүлдрийн симентар үнээ худалдан авч, Авга хошууны Тансаг компани, Тунляо хот зэрэг газраас 50 мянган юаниар 3 сайн үүлдрийн бух авч, үхрийн үүлдэр сайжруулах ажлыг хийж эдгээр үхэр бүрдээ 275 юанийн даатгал худалдан авсан байна. Өнгөрсөн өвөл 60 гаруй нутгийн үхэр, 40 гаруй симентар үхэр өвөлжүүлжээ. Харин хонио цөөлснөөр нэг хэсэг бэлчээр гарч, өвлийн эх, хаврын сүүлчээр бэлчээртээ үхрээ малладаг болжээ.
Энэ жил Талинтуяа үхрийн үүлдэр сайжруулах ажлыг илүү сайжруулахын тулд Өвөр Монголын Сай Кешин Тэжээн Үржүүлэх Амьд Бодисын Мэргэжлийн ХК-тай харилцан, үхэртээ гар хээлтүүлэг хийжээ. Энэ удаа тус компани тусгай мэргэжилтэн томилж, 35 үнээнд гар хээлтүүлэг хийж, хээл тогтсон эсэхийг шалгахын дээр эр тугал, охин тугалын үрийг сонголттой хийж өгсөн байна.
Талинтуяа: - Цөөн малаас өндөр үр ашиг авахын зэрэгцээ нутаг бэлчээрээ хамгаалах нь одоогийн малчдын хамгийн чухал зүйл болно. Цөөн малынхаа чанарыг сайжруулж, орлого өндөр, хөдөлмөр хүчинд хэмнэлттэй, нутаг бэлчээрт гамтай шинжлэх ухаанч мал аж ахуй үйлдвэрлэлийг эрхлэх нь шинэ цагийн малчдын шаардлага болж байгаа юм. Энэ жил манайх 35 үнээндээ гар хээлтүүлэг хийлээ. Хэрвээ үр ашиг сайн байвал дараа жилээс бүх үнээндээ гар хээлтүүлэг хийж, үхрийн үүлдрээ сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэж ярьж байлаа.
Малчин Талинтуяагийн бууц
Малчин Талинтуяа гагнуурын ажлаа амжуулна
Ажилч бүсгүй Жимс
