Монголчууд ер нь таван хошуу малаа амьдрал үйлдвэрлэлдээ бүх талаар ашиглаж, таван хошуу малаараа бахархан оршин тогтнож явдаг билээ. Таван хошуу малын нэг болох ямааны ноос ноолуур, арьс, махны гаралтыг ашиглахаас гадна сүү шимийг нь жилд гурав дөрвөн сар сааж, ашиг шимээр нь амьдралын хэрэгцээ шаардлагаа хангадаг билээ. Ямааг хур бороо элбэг өвс ургамал сайн цагт өдөрт 1-2 удаа сааж, ихэнхдээ нэг л удаа саана. Саах үед ишгийг нь салгаж, салгахдаа сүрэг зөрүүлэх, хашаанд хорих зэргээр тусгаарлана. Ямааг холбож саадаг. Холбож сааж сурсан ямаадыг нэг хоёроор холбоод “чайг, чайг” хэмээн холбоо уруу нь хөөхөд өөр өөрийн холбоо уруугаа бараг өөрсдөө гүйж хүрээд холбуулдаг.

Ямааг ивлэгэхгүй сааж, хэрвээ ивлэх нь муу байвал дэлэнг нь алгадаж байгаад саана. Саахад ар талд нь цомцойж суугаад дэлэнг нь нэг гараараа барьж, нөгөө гараараа саадаг. Таван сарын сүүл зургаан сарын эхээр ишгийг нь тавьж саахаа болино. Зарим хайдаг ямааг (төл нь алдагдсан) намрын сүүл болтол саадаг. Ямааны сүү нь үхэр хонины сүү саальтай адил тараг айраг, өрөм зөөхий, хурууд шар тос зэрэг олон төрлийн цагаан идээ хийхэд тохиромжтой шим тэжээл ихтэйгээс монгол эмийн жор болж бие махбодыг чийрэгжүүлдэг байна.





