solongonews
Дундрашгүй дуу хуур, дуусашгүй түүхэн хэлхээ Ордос түмний нутгаар
2018-10-15 17:54
Дундрашгүй дуу хуур, дуусашгүй түүхэн хэлхээ Ордос түмний нутгаар

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Солонго аяллын дөрөв дэх удаагийн аялал 10 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошуунд зохион байгуулагдлаа.

Солонго аяллаар дамжуулан Монгол Улсын иргэдэд Өвөр Монголын малчдын амьдрал ахуй, мал маллах арга ухааныг танилцуулдаг билээ. Энэ удаад Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутан А.Алтанцэцэг, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Ч. Энхсайхан, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн оюутан Т.Аалтанзаяа болон Солонго Мэдээллийн Төвийн хоёр сэтгүүлчээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон үзэсгэлэнт сайхан Ордос хотын Отогийн өмнөд хошуунд аяллаа хийлээ.

Ордос хотын Отогийн өмнөд хошуу нь Өвөр Монголын баруун өмнөд захад байрлах ба 10.2 мянган квадрат километр нутаг дэвсгэр, 80 мянга гаруй иргэдтэй, ард иргэдийн амьдралын орлого нь олон жилийн турш Ордос хотдоо тэргүүлж байгаа аж. Өргөн бас бөхлөг тавьсан засмал замаар бид аяллын анхны малчин айлаа зорилоо. Замын хажуугаар бут бургас ярайж, таван хошуу мал бэлчиж, хаус шиг барьсан малчны гэр жигдэрч, эрдэнэ шишийн тариа зурайн, гургууль нисэж, туулай дэгдэх нь харагдана. Элсэн балар байсан энэхүү их нутгийг хүний хүчээр ногооруулж энэ өдрийн энэ хэмжээнд хүргэнэ гэдэг үнэхээр бахархмаар. Бидний баг Ордос хотын Отогийн өмнөд хошууны Шанх суурингийн Алтай багийн малчин Харнууд овгийн Буян-Өлзийгийн гэрт хүрч сурвалжилгаа, аяллаа эхлүүлсэн юм. Буян-Өлзийгийнх таван хошуу мал маллан таатай сайхан аж төрж байлаа. Хүүхдүүд нь хотод ажиллаж амьдран, хоёр буурал эндээ нутгаа сахин бууриа манан үлджээ.

Бидний дараагийн өртөө Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Нанс багийн малчин Ү.Зоригтынх байв. Тансаг байртай, таван хошуу мал маллан Урад “Цацал” малчин өргөө жуулчны бааз ажиллуулан баяр жаргал дүүрэн амьдарч байлаа. Ү.Зоригтынх Хуучин бууриа сэргээн засаж, хол ойроос хүрэлцэн ирсэн хүмүүст өнгөрсний түүх, өнөөдрийн амьдралыг үнэн бодитой тусган харуулдаг аж. Малчин хүн зөвхөн малаа маллах биш, харин нутаг усныхаа сайн сайхныг түшин, тэр бүх баялгаа олонд таниулж, хөдөлмөр бүтээлчээр сэтгэн, орлогоо хэд дахин нэмэгдүүлж болдгийн жишээ энэ гэлтэй.

Өглөө бүр хийморийн тарцгаа тахин, эзэн сан уншиж, гэр орноо ариулах нь энэ нутгийн хүмүүсийн заавал хийдэг нэг үйл.

Бидний баг Нанс суурингийн Малт багийн Гаваадий /Тусгай мэргэжлийн сургуулиа дүүргээд малчны замыг сонгожээ./-д буусан юм. Гаваадий 1000 гаруй бог мал, цөөн тооны үхрээ шинжлэх ухаанчаар маллан, өвс тэжээл бэлдэн боловсруулах бүх ажлаа автомат машинаар хийж, мал сүргээ өсгөж, сум орон нутгийнхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулан, хөдөлмөр зүтгэлийн хариуд орлого сайтай, үйлс дэлгэр явна.

Давтагдашгүй цаг мөчийг мартагдашгүй хүмүүстэй өнгөрүүлсэн аяллын өдөр хоног үнэхээр утга төгөлдөр, үр өгөөжтэй сайхан байлаа. Хүрсэн газар бүрдээ олон сайхан хүний тус дэмийг хүртэж, хоёр өдөр хоёр шөнийн аялал сурвалжлага маань амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Зохиогч: С.Саранчимэг, М.Банди
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл