Хятад, Монголын хилийн Мандал-Ханги боомтын төмөр замын хил нэвтрэх цэгийг тогтоох зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Зам тээвэр хөгжлийн яамны төлөөлөл, Хөххотын төмөр замын товчооны дарга, мэргэжилтнүүд болон Дархан Муумянган холбоот хошууны засаг захиргааны холбогдох төлөөлөл дугуй ширээний уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр Хөххотын төмөр замын товчооны олон улсын тээврийн салбарын дарга Ван Хэнли, Дархан Муумянган холбоот хошууны орлогч, хошууны дарга Ван Жаньюань нар үг хэлж, Бугат хотоос Мандал боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтын үндсэн байдлыг танилцуулжээ.
Монгол Улсын Зам Тээвэр Хөгжлийн Яамны Төмөр Зам Далайн Тээврийн Хууль Зүйн Бодлогын Хөгжлийн Зохицуулах Газрын дарга Б.Артур нар Монгол Улсын Сайншанд-Ханги боомт хүртэлх төмөр замыг барьж байгуулах төслийн талаар танилцуулсан байна.
Б.Артур хэлсэн үгэндээ: - Төмөр замын шинэ гарц нээснээр импорт экспортын хэмжээ нэмэгдэж, орон нутагт ажлын байр нэмэгдэн, үүнийг дагасан эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд олон асуудлуудыг шийдэх болно. Мөн Монгол Улсын аялал жуулчлал зэрэг салбарт маш их үр өгөөжөө өгөх болно гэжээ.
Уулзалтад оролцсон төлөөллүүд газар дээр нь ажиллаж, Мандал боомтын улсын хил нэвтрэх цэгийг тохирсон байна. Одоогоор Бугат-Мандал чиглэлийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ жил ажлаа дуусгах юм. Мандал хилийн боомтоос урагш 10 километрийн зайд Мандал төмөр замын өртөөг байгуулж, энэ жилийн 8 сард барилгын ажлыг дуусгана.
Хятад, Монголын хилийн Мандал-Ханги төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг урьдчилсан байдлаар хилийн 757 дугаар тэмдгийн (авто замын боомт) баруун талаар 3.5 километр орчим байхаар тохиролцов.
Талууд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын талаар санал бодлоо чөлөөтэй солилцож, хоёр тал ярилцан тохиролцсоны үндсэн дээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү улс дамнасан төмөр замын нийт урт нь 280 километр байх бөгөөд 2017 онд төслийн ажлыг эхлүүлж, 2020 онд дуусгах юм байна. Төслийн бүтээн байгуулалт нь Монгол Улсаас Мандал боомтод саадгүй, чөлөөтэй, аюулгүй тээврийн нөхцөлийг бүрдүүлж, Хятад, Монгол хоёр улсын иргэдэд алтан боломжийг олгох бөгөөд хоёр орны гадаад харилцааны хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж, торгоны замын эдийн засгийн бүсийн чухал тулгуур болох юм.
