solongonews
Алтанхуа цэцгээр шүдний оо бүтээсэн монгол залуу
2018-06-06 17:00
Алтанхуа цэцгээр ямар нэгэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн хийсэн тухай сонсож байгаагүй. Харин саяхан вичатаас Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны нэгэн залуу алтанхуа цэцгээр шүдний оо хийсэн гэх мэдээг хараад тусгай ярилцлага авсан билээ.

Хөгжилт гэх залуу Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Сангийн далай суурингийн Баяннуур багийн уугуул.

Хөгжилт Хөххотоос сургуулиа дүүргэж дараа нь Хөххотод 10 гаруй жил машин худалдах ажил хийв. Хожим нь нутаг буцаж алтанхуа цэцгээр шүдний оо хийж туршиж үзэх бодол зурвас орж иржээ. Аван сонсоход энэ нь маш хялбар атлаа мэргэжлийн бус хүнд бол нэлээд урт удаан хугацааны оролдлого зүтгэл шаардах ажил байжээ. Тэрээр хоёр жил гаруйн хугацаанд улсын дотоодын шүдний ооны үйлдвэрт суралцаж, төсөв төлөвлөгөө гаргах, туршилт хийх, компани байгуулах, таваарын тэмдэг данслуулах, улсын холбогдох байгууллагын хяналт шалгалтыг дамжих, зах зээлд гаргах эрхийг олох зэрэг олон олон асуудлыг шийдэж саяхан “Онон” хэмээх алтанхуа цэцгийн шүдний оог зах зээлд гаргаж, хэрэглэгчдийн алганд хүргэсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд их газар авч байгаа монгол онцлогтой бараа таваарын тоог бас нэгээр нэмэгдүүлснээр барахгүй, зах зээлд гармагц алтанхуа цэцгийг сайн мэддэг Шил нутгийнханд маш их таалагдсан байна. Хөгжилт:

- Бид алтанхуа цэцгийг нэг килограммыг нь 5 юаниар худалдан авдаг. 5 килограмм алтанхуа цэцгийг хатаахад бараг 0.5 килограмм болдог. Хатаасны дараа иш буюу гэмтсэн хэсгийг нь түүгээд нунтагладаг. 6.5 килограмм нойтон алтанхуа цэцгээс нэг килограмм алтанхуа цэцгийн нунтаг гаргаж авдаг. Гурилын ширхэг шиг нарийн нунтаг болгох шаардлагатай болохоор маш нарийн хөдөлмөр шаарддаг гэж байлаа.

Хятадын Жансү мужийн нэгэн шүдний ооны үйлдвэртэй харьцаж, монгол нутгийн ургамлаар шүдний оо хийж байгааг мэдэж анхны замаа олов.

- Анх алтанхуа цэцгээр бүсгүйчүүдэд зориулсан гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаатай байсан. Хожим нь шүдний оо хийдэг найзтайгаа ярьж шүдний оо хийхийг сонгосон. Учир нь алтанхуа цэцэг нь дотор халууныг бууруулах, үрэвсэл дарах, элэг хамгаалах, нүдний харааг сайжруулах зэрэг үйлчилгээтэй тул шүдний оо хийхээр болсон гэж ярив.

Алтанхуа цэцгээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг интернет сүлжээнээс хайсан боловч нэг ох олноор олдоогүй байна. Алтанхуа цэцгийн нутагт төрж өссөн тэрээр энэ цэцгийн тухай маш сайн мэддэг.

- Даяарчлалын урсгалыг дагаад хүмүүс бусдын юманд дэндүү татагдах болсон нь үнэн. Яг үнэндээ хийж бүтээе гэсэн хүнд манай тал нутаг, таван хошуу мал маань ундраад баршгүй үр өгөөжөө өгсөөр байгаа юм хэмээн Хөгжилт ярьж байв.

Хэдэн жилийн хүчин зүтгэлээр Хөгжилт алтанхуа цэцгээр шүдний оо хийх ажлаа нэлээд зүглүүлж, 2017 оны 09-р сард “Онон” хэмээх нэрээр бүртгүүлсэн бөгөөд энэ жилийн 01-р сарын 30-нд “Өвөр Монголын Хасар” арилжаа худалдааны ХК-иа байгуулсан байна. Шулуун хөх хошууны төв Шант сууринд байрлах тус компани одоохондоо дөрвөн ажилтантай. Тэд одоогоор вичат худалдаагаар борлуулж байгаа юм. Зах зээлд гарснаас аваад одоог болтол 20 гаруй салбар борлуулагчтай болсон бөгөөд салбар борлуулалтын гишүүн ч өдөр бүр нэмэгдсээр байна. Бүтээгдэхүүн нь хагас сарын хугацаанд Шилийнгол аймгийн бүх хошууны дэлгүүр, эмийн сан, гоёл чимэглэлийн дэлгүүр зэргээр борлуулагдаж, арван өдөрт 10 мянган шүдний оо худалдах болсон байна.

Зохиогч: Шүрэнчимэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл