
Тандай овогийн Алтан-Оргил 1937 онд ӨМӨЗО-ы Хянган аймгийн Залайд хошууны Тэмээж суурингийн Даваан Зоо багийн нутагт төрсөн. 1962 онд Өвөр Монголын Их Сургуулийн Түүхийн салбараас төгсөж, тус сургуулийнхаа Монгол түүх судлах тасагт ажилласан. Тэрээр 1985 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд ажилд орж, тусгай түүх, үндэстний түүх, сурвалж бичиг судлал, шашин судлал зэрэг магистерийн зэрэг хамгаалах 4 цэгийг байгуулж, магистрт АНУ, Япон, Монгол Улс зэрэг гадаадын 30 гаруй шавийг хүмүүжүүлжээ. 1993 оноос эхлэн Хятадын Төрийн Зөвлөлийн онц нөхвөр төсвийн мөнгийг хүртэх болсон бөгөөд өнөөдөр 84 нас хүрсэн ч судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Алтан-Оргил гуайн судалгаа Монгол түүх, Ойрад Монголын түүх, Монголын өртөө, Зам харилцааны түүх, Монголын шашин суртахууны түүх, Монгол сурвалж бичиг, үндэстний цөөнхийн үг хэлээр нэрлэгдсэн газрын нэрс ба Ойрадын баатарлаг тууль “Жангар” зэрэг олон салбарыг хамарч, Хятад улсын Ойрад судлалын эрдэм шинжилгээний манлайлагч хэмээн үнэлэгдсэн юм.

Тэрээр Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол түүх судлах газар, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Шашин судлах газрыг үүсгэн байгуулж, Дөрвөн Ойрадын түүх, Дөчин түмэн Монгол Улс зэрэг нэр нөлөө бүхий өгүүлэл бичин, Монгол Ганжуур, Данжуурын 400 ботийг гар бие оролцон хэвлүүлжээ. Мөн Монголын сурвалж бичгийг 21 дэвтэр цуглуулж хэвлүүлсэн байна.

Алтан-Оргил профессор олон жил түүх судалсны эцэст “Хүннү, Дүнху (Түргүд), Монголын өвөг дээдэс бол нэг”, “Дөрвөн Ойрад байснаас одоогийн Шиньжян, Хөхнуурын хэсэг Хятадын салшгүй нэг хэсэг болжээ”, “Жангарын туулийг судлаад, тууль бол ямар нэгэн угсаа үндэстний түүхийн ул мөр болно гэдгийг мэджээ”, “ Монголчуудын 400 боть Ганжуур Данжуур нь Төвд ба Хятадаас бүр олон байдаг тул Монголчууд өөрийн Бурхан шашингүй гэдэг буруу” гэх зэрэг олон өвөрмөц үзэл баримтлалыг дурджээ.

Мөн тэрээр Монгол Ганжуур Данжуурыг хэвлүүлэх саналыг анх дурдаж, цаашлаад Монгол, Төвд, Хятад бичгийн Ганжуур Данжуурыг 80 тонн чулуун дээр сийлүүлж, Хорингэрийн Арьяабал тагтад хадгалсан нь дэлхийд хосгүй бүтээл болсон юм.

Хөххотын 8 дахь удаагийн Ардын төлөөлөгч, УТЗЗ-ний Өвөр Монголын хорооны 7 дахь удаагийн гишүүн, Байнгын гишүүн, бүх Хятадын УТЗЗ-ний 9 дэх удаагийн гишүүн байх хугацаандаа тэрээр маш олон үнэтэй санал зөвлөгөөгөө дэвшүүлсэн. Тухайлбал, Олон Улсын Монгол Эмнэлгийг байгуулах, Монгол, Хятад хос хэлний шүүх танхим гаргах, Юань гүрний дээд нийслэлийн туурийг дэлхийн соёлын өвд оруулах, Өвөр Монголын Монгол Одон Телевизийн Хоёрдугаар сувгийг гаргах, “Монголын нэвтэрхий толь”-ийг найруулах, Ар-Хорчины Очирт Цагаан хотыг Хятадын гол хамгаалалтын орон болгох, Найман муж орны Монгол хэл бичгийн албыг тусгай байгууламж болгох зэрэг 16 санал зөвлөгөө багтаж байгаа аж.

Тэрээр Ганжуур данжуурыг судлахад дутагдаж болшгүй Алигали бичгийн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд одоог болоход 13 дахь ангиа эрхэлж байна. Үүх түүхээ гэж, үндэстэн ястнаа гэж, үсэн буурал болсон ч буцалгүй зүтгэж яваа ахмад эрдэмтэндээ гүнээс гүн хүндэтгэл дэвшүүлэн, нийтлэлээ өндөрлүүлж байна.


