

- Судалгааны ажил ч гэсэн хаалгаа хаасан түгжмэл битүү байдалд томоохон амжилтад хүрнэ гэдэг хэцүү байх. Таныг нэлээд эрт гадаадад гарч суралцсан эрдэмтдийн нэг гэж хэлэлцдэг. Энэ тухайгаа хуучилна уу?
Би чинь өөрчлөлт нээлтийн дараа Өвөр Монголын Их Сургуулийн Монгол хэлний салбараас гадаадад сурсан анхны оюутанд тооцогддог. 1985 оны 04-р сард арлын хөгжсөн Япон улсыг зорьж, Сокиgакиin Их Сургуульд хоёр жилийн хугацаатай сурсан. Надаас өмнө манай сургуулиас нэлээд хэдэн багш эрдэм шинжилгээний айлчлал буюу богино хугацааны сургалтаар Японд очиж байсан бөгөөд Өвөр Монголоос Японд ажиллаж сурч байсан хүмүүсийг тоолоход гарын 10 хуруунд багтаж байсан.
- Тухайн үеийн сэтгэгдэл?
Гадаадад гаран суралцаж, дэлхийн бусад орны хүн соёлтой танилцана гэдэг зүүд зэрэглээ шиг л санагдаж байсан даа. Хятадын өөрчлөлт шинэчлэлт, гадаадтай чөлөөтэй харилцах төрийн бодлого өнгөрсөн зууны 70-аад оны шувтаргаас эхэлж хэрэгжсэн гэдэг боловч "Соёлын их хувьсгал”-ын нөлөөгөөр аливаа юм бүхнийг эхлүүлэхэд хүнд байсан. Тиймээс 1985 он гэдэг чинь бас л Хятад улс яг гадаад улстай чөлөөтэй харилцаж эхэлсэн эхний үедээ тооцогдоно. Намайг гадаад улсад суралцахаар явна гэдгийг ажлынхан гэрийнхэн бүгд мэдэж байсан боловч үнэн явна гэж үү, аль нэг бичиг баримтын бүрдүүлэлт дээр нь хасагдах болов уу гээд итгэж ядаж байсан. Хамгийн сүүлд Японыг зорих онгоцонд хөл тавьсны дараа үнэхээр явлаа гэж итгэж, санаа амарч байсан гэж олон жилийн дараа дурсан инээлдэж байсан. Харин одоо нийгэм цаг үе их хувирч, гадаадад гарна гэгч саахалт айлдаа орж байгаа мэт л болжээ.

Анх Япон улсад газардан онгоцны буудлаас сургууль хүрэх замдаа замын олон машиныг хараад гайхширч байлаа. Шөнө хүрсэн болохоор замын машинууд нь улаан шар гэрэлтэй хоёр урсгал болон нааш цааш "урсах" нь ч машин цөөнтэй Хөххотоос очсон надад гайхалтай санагдаж байсан. Гэхдээ өнөөдөр манай Хөххот мөн ийм болсон байна. Япон багш маань намайг хувийн машинаар агаар салхинд авч гарахад бахархаж байлаа. Өнөөдөр бид ийм хувийн жижиг машинтай болно гэдгийг зүүдэлж ч байсангүй. Энэ бүх юм бидний бие дээр, бидний дэргэд биелэгдэж байна. Нийгэм цаг үе хөгжиж байгаа. Мөн Япон улсын гудамж нь цэвэрхэн, хүн нь итгэл найдвартай боловсон харьцдаг, цагийг их баримталдаг гэхчлэн сонирхох сурах зүйл надад үнэхээр их байсан.


- Хоёр жил богинохон ч гэлээ тэр үе харийн орныг зорин юм үзэж, нүд тайлж явсан нь таны дараа дараагийн ажил амжилтад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Нөлөөлсөн зүйл их бий. Би хэдий Сокиgакиin Их Сургуульд суралцаж байсан боловч цаг заваараа Токиогийн гадаад хэлний их сургууль дээр очиж, Японы монголч эрдэмтдийн хичээл, илтгэлийг сонсож байсан. Япон хүн монгол хэлийг тийм сайн сураад монгол соёлтой танилцаад монгол судлалыг сайн хийж байгааг хараад би ч гэсэн япон хэлийг нь сайн сураад Япон судлаач болъё гэж нэгэн үе бодож байлаа. Тэгээд япон хэлний ямар язгуур төрөл хэл болохыг судалж өгүүлэл нийтэлж ч байсан. Харин Японд байхдаа Япончууд “Монголын нууц товчоон”-ыг их сонирхож, “Монголын нууц товчоон”-ыг мэдэхгүй, судлахгүй хүнийг монголч эрдэмтэнд тооцохын аргагүй гэж ярьдаг байлаа. Ингээд монгол хүн болсны хувьд бид өөрийн түүх “Монголын нууц товчоон”-ыг судлах юм бол харийн үндэстний эрдэмтнийг бодвол үндэстнийхээ соёл заншлыг илүү ойлгодог, үгийн гүн далд бэлгэдэл утга, битүү санаа, олон утга зэрэг нарийн утгыг нь илүү таних болно гэдгийг ойлгосон. Иймээс би “Монголын нууц товчоон”-ыг хумх талаас илүү судалж ирсэн, өөрөөр хэлбэл томруулагч шил бариад жижигхэн зүйлсийг нь томруулж гүнзгийрүүлж судалсаар ирсэн. Энэ нь мөн Япончуудын юмыг нарийн ажиглаж хийдэг, нарийн зүйл дээр илүү хүч тавьдаг зан заншлаас суралцсан тал байгаа.
- Өөр бусад улс орноор явж байв уу?
Олон явсан. Одоо цаг бүх юм гадаадад нээлттэй илүү сайхан болсон. Дараа нь Японд бас хоёр удаа очсон. Солонгос, ОХУ-ын БНБурУ, Австрали, Монгол зэрэг улс орноор эрдэм шинжилгээний хурлаар очиж байсан бол Герман, Бельги, Франц, Итали зэрэг 13 улс орноор аялж жуулчилж явсан. Өнөөдөр гэхэд ямар ч хүн албаны буюу хувийн ажил хэргээр гадаадад сурах, аялах, хамтын ажиллагааны чиглэлээр явах болсон. Манай сургуулиар жишээлэхэд одоо багш бүр л гадаадад гарч сурсан намтар түүхтэй болж байна. Энэ нь өөрчлөлт шинэчлэлийн төрийн бодлогын ач гавьяа юм. Өнөөдөр хүмүүс бакалаврын боловсролд хязгаарлагдахаа больж, гадаадад гарч магистр, докторын судалгаа хийж мэргэжил эзэмшин диплом хамгаалах нь их боллоо.
- Гадаадын эрдэмтэдтэй хамтын ажиллагаа ямар түвшинд явуулж байгаа вэ?
Одоогоор миний гардан хийж байгаа улсын нийгмийн шинжлэх ухааны фондын томоохон төсөл болох “Улсын дотоод гадаадын Монголын нууц товчоон’-оор хэвлэлийн цуглуулга ба уг эхийн хам судлал”-д Хятад, Монгол, Япон, Орос, Герман зэрэг 5 улсын 27 эрдэмтэн оролцож байна. Үүнд: Монгол Улсын Ш.Чоймаа, А.Пунцаг зэрэг 4 эрдэмтэн бий. Ингэж олон улсын эрдэмтэн хамтран ажиллана гэдэг 40 жилийн өмнө бол бодож байгаагүй явдал юм.
- Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж байна.
