
Сөнид баруун хошууны Ачит-Уул сумын Сайханшил гацааны малчин Отгонбатын үхэр сүргийг нь нэг ширээ бөхтэй бор ат дагаж явдгийг нь нутгийн олон “Отгонбатын эрх тэмээ” гэж нэрлэдэг. Хотоос очсон зарим нь “Үнсдэг тэмээ” гэж энхрийлэн дууддаг. Эднийхэн яагаад ийм нэг эрх тэмээтэй болсон юм бэ гэвэл энэ тэмээний тухай хөөрхөн түүхүүд олон байдаг юм.

2010 оны хавсарга ихтэй хаврын нэг өдөр Отгонбатын хуучин найз болох Сөнид баруун хошууны Эрээннуур сумын Түмэн гацаанд нутагтай хашир тэмээчин Төгс:
- Маныд нэг өнчин ботго байна, манай хүн аваачиж мал болгохгүй юм уу? гэж утсаар ярьжээ. Отгонбат даруйхан хоёр том савтай үнээний сүү авч, тусгай машинаар давхиулж хүрэв. Уг нь тэр жилийн хавар хавсарга ихтэй учир эх нь осолдож, ботго нь элсэнд булагдаад байв. Төгс олж үзээд хоёр бөхөөс нь татахад өнчин хоцорсон хөөрхий амьтан өндийн босож ирснээр тэр доор нь гэртээ авчран үнээний сүү өгч амь золгуулсан бөгөөд Отгонбат найздаа утсаар ярьсан нь тэр байжээ. Отгонбат өнчин ботгыг өрөвдөн энхрийлж, хошууны төвд амьдардаг саалийн үнээ малладаг дүү нартаа өгч, сүүнээс гартал нь угжин өсгөхийг найдсан байна. Өнчин ботго овоо том болж, өвс тэжээлд орох үед Отгонбат нутагтаа аваачиж тавихаар болов. Тэгээд нутгийнхаа нэг залуугийн машинд тээлгэж явуулсанд засмал замын төлбөр хураах өртөөний ажилтан ч үзээд “Хөөрхөн ботго байна” гэж энхрийлэн, төлбөр хураалгүй явуулсанд өнчин ботгыг тээж яваа залуу:
- Хүнд тустай явах буянтай мал байна даа гэж их л баярласан гэдэг. Өнчин ботго Отгонбатынд үнээний сүү ууж, үхэр сүрэгтэй ээнэгшин дасаж, хамт бэлчээрлэн явдаг болжээ. Түүнийг өнчин амьтан гэж хүн бүхэн хайрладаг учир өнчин ботго бүр ч эрх амьтан болж, гэрийн үүднээс салахаа болилоо. Үнээний зэлэн дээр очиж савтай сүүг хоослох, тэднийхэнд ирсэн зочны машины толийг нь хугалах, суудлыг нь урж хаях зэргээр дүрсгүйтдэг болжээ. Нэг удаа тэднийхэнд нэг залуу ирээд сууж байтал машины цонхоор толгойгоо оруулж суудлыг нь урсанд нөгөө залуу их уурсаж муу амьтныг уяж орхио гэж шон зүг хөтлөн явахад эрх амьтан минь нөгөө залуугийн малгайг нь авч хол шидэж явуулаад бөөм инээдэм болсон байлаа. Хүний гар дээр өсөж тэмээ болсон болохоор хүнд сүрхий дасаж, хүн харвал гүйн очиж, зөөлөн хоншоор хацар нүүрийг нь шөргөөн ноолоод салдаггүй болохоор Отгонбатын хотод байдаг нэг дүү нь “Үнсдэг тэмээ” гэсэн нэр хайрлажээ. Харин түүний байнга давтагддаг нэг сонин зүйл гэвэл дандаа үхрийн сүрэгтэй хамт бэлчээрлэн явж өөрийгөө үхэр гэж боддог бололтой. Онгоцтой усанд өөрийгөө тольдох болгон хөлөө онгоцонд дүрж усыг нь цалгилан асгаж оргидог. “Бодвол өөрийгөө хараад яагаад үхэрнээс ондоо байдаг юм бол гэж уурладаг бололтой” гэж малчин Отгонбат инээмсэглэн ярьж байлаа. Нэг удаа айлын тэмээн сүрэгт аваачиж нийлүүлсэнд тэмээн сүргээсээ салж өөрийн үхэр сүргээ хурааж ирсэн байдаг.
Одоо Отгонбатын эрх тэмээ долоо насалснаар малд унаж явахад аргагүй сайхан уналга болжээ. “Бэлчээрт сул тавьчхаад ирсэн ч өөрөө хотондоо буцаад ирчихдэг ёстой амар амьтан, харин эмэгтэй хүн буюу чадал муутай хүүхэд унахад орноосоо хөдлөхгүй зогсчихдог хүн үзэж аашилдаг амьтан шүү” гэж Онтонбат тэмээгээ өхөөрдөж шоглон инээнэ.
Энэ жил Сөнид нутагт гандуу, бэлчээр ус муутай боловч эрх тэмээ “Энэ ган надад юу ч биш” гэсэн маягтай ширээ бөх сэрийлгэн тарган тавтай сэхийж явна.
