solongonews
Б.Бүрэнбэхийн мэндэлсний 90 жилийн ойг дурсах болон монгол шүлэг зүй судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо
2018-10-16 16:59
Б.Бүрэнбэхийн мэндэлсний 90 жилийн ойг дурсах болон монгол шүлэг зүй судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Б.Бүрэнбэхийн мэндэлсний 90 жилийн ойг дурсах болон монгол шүлэг зүй судлалын эрдэм шинжилгээний хурал 10-р сарын 14-ны өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр боллоо.

Б.Бүрэнбэх (1928-2009 он) Өвөр Монголын Улаанхад хотын Баарин Баруун хошууны хүн. Алдарт шүлэгч, шүлэг зүйн судлаач, Хятад улсын монгол үндэстний орчин үеийн уран зохиолын суурийг тавигчийн нэг, монгол үндэстний орчин үеийн яруу найргийн үндэслэгч. Хятад улсын зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, Өвөр Монголын салбар эвлэлийн орлогч тэргүүлэгч, Хятад улсын Үндэстний цөөнхийн утга зохиолын нийгэмлэгийн орлогч хэрэг эрхлэгч, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол утга зохиолын салбарын эрхлэгч зэрэг үүрэг тушаалыг хариуцаж байсан билээ. 

“Сайн ирэв үү, хавар аа”, “Гарди галбинга”, “Б.Бүрэнбэхийн шүлгийн сонгомол” зэрэг 18 шүлгийн түүвэр, “Монгол шүлгийн гоо сайхны зүйн түүхчилсэн төлөв”, “Монгол баатарлаг туульсын шүлэг зүй” зэрэг 4 шүлгийн онолын бүтээлтэй.

Б.Бүрэнбэхийн гэрийнхэн хамт ажиллагсад, найз нөхөд, үр хүүхэд, шавь нар гээд 200 гаруй хүн нээлтийн ёслолд оролцлоо. Өвөр Монголын Их Сургуулийн ахмад багш, эрдэмтэн профессор Б.Гэрэлт гуай Б.Бүрэнбэхийн нэг насны гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Б.Бүрэнбэхийн үзэл санааг суралцаж, залгамжлан хөгжүүлж, монгол уран зохиолын үйлсийн хөгжлийг ахиулах тухай санал зөвлөгөө өгсөн байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Өвөр Монголын Их Сургуулийн профессор А.Эрдэнэбаяр, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Дорнотэнгэр, Баруун хойдын Үндэстний их сургуулийн профессор Цэцэнмөнх, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Намъяа зэрэг Өвөр Монголын дотно гаднын 20 гаруй эрдэмтэн багш нар санал зөвлөгөө өгч, эрдэм шинжилгээний илтгэл тавилаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл