solongonews
Орчин цагийн ордос тариачид
2018-06-06 18:14
ӨМӨЗО-ы Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын малчид зоригтойгоор тариалалтын бүтцэдээ төлөвлөлт хийж, төмс, буудай, халуун чинжүү, лууван зэрэг эдийн засгийн орлого нэмэгдүүлэх тариалан эрхэлж, ядуурлаас ангижран омог бардам зүтгэнэ.

Түмэн мүгийн төмсний талбай

Батнасан гэх Үүшин хошууны Шарлаг сумын Цуутай багийн малчин. "Цуутай" мал тариалангийн тусгай хоршооны дарга юм. 10 гаруй жилийн өмнө Батнасан багийнхаа нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж явахдаа Сүжөү, Ханжөү зэрэг эдийн засаг хөгжсөн газруудаар, Гирин, Ляонин зэрэг хөдөө аж ахуй хөгжсөн нутгаар явж нүд нээжээ. Гирин мужийн нэгэн тариачин бүсгүйн гахай тэжээсэн үйл хэрэг түүний сэтгэлийг эрхгүй татсан байна. Гахай тэжээх тусгай хоршоо байгуулсан бүсгүй хэдхэн жилийн дотор өөрийн шяний гахай тэжээдэг өрхийг бүгдийг хариуцаж, тархай бутархай, үнэ ханш бага байсан нөхцөл байдлыг бүрэн өөрчилж, гахай тэжээх тусгай хоршоо байгуулан хоршоонд хамрагдсан гишүүн бүрд бодит ашиг орлого өгснөөр гахай тэжээх тариачдын урмыг сэргээсэн байна.

“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй ” гэдгийн жинхэнэ утгыг Батнасан энэ бүхний дараа гүн гүнзгий ухаарч, багийн 300 мянган мү нутаг бэлчээрийн 30 мянган мүг нь тариаланд, 10 мянган мүг нь суурин буюу тэжээлийн талбайн барилга дээр, 100 мянган мү нутаг бэлчээрийн экологийг сэргээж, 160 мянган мү нутаг бэлчээрээ бэлчээрлүүлэхийг зогсоон сэлгэн маллахад ашиглавал багийн хэмжээний 280 өрх ашиг хүртэнэ гэх том төлөвлөгөөг ургуулж эхэлжээ. Тэрээр суралцаж ирсэн үнэт туршлагаа нутаг усандаа түгээхээр 2007 оноос эхлэн багийн малчдаасаа нутаг түрээслэн авч, 2008 онд  "Цуутай" мал тариалангийн хоршоог байгуулсан байна. Гэсэн хэдий ч санасан бүхэн санаагаар болдоггүй хойно. Тухайн үед хошуу тэр аяараа мал маллахын тулд тариалах төрийн бодлогыг хэрэгжүүлж, өөрөөр хэлбэл зөвхөн малын бордоо болох эрдэнэ шиш зэргийг тарихыг зөвшөөрч, эдийн засгийн зорилготой тариалахыг огт зөвшөөрөхгүй байжээ.

 Батнасан

'

 Тариагаа автоматаар усална

2012 оноос эхлэн эдийн засгийн зорилготой тариалан эрхлэх бүрэн зөвшөөрлийг авч, хүрээ хязгаарыг нь тодорхойлж орлого олох замд оржээ.

Өнгөрсөн жилээс эхлэн Шанхайн Бай Ши групп “Нутаглаж”, "Цуутай" мал тариалангийн хоршооны 10 мянга гаруй мү тариан газрын мү бүрийг 500 юаниар түрээслэн авч, төмс тарьж, 10 гаруй тариалангийн мэргэжилтнээ тухайн талбайд ажиллуулан, тарьж борлуулах ажлыг бүгдийг өөрөө хариуцах болжээ. Ингэснээр Батнасан зөвхөн хоршооны гишүүдийн газар тариаг нь төвлөрүүлэн өгч, хоршооны гишүүдээ зохицуулах, ус цахилгааныг нь ойртуулан өгөх ажлыг л хариуцах болсноор хоршооны 60 гаруй өрх гэртээ суугаад жил бүр дунджаар 100 гаруй мянган юанийн түрээсийн мөнгө олох болж, хүн бүрд ногдох орлого дунджаар 30 мянган юаньд хүрчээ.

Хүлэмж дэх “халуун чинжүү"

Үүшин хошууны Сүлд сумын Цамхаг багийн малчид эрт үеэс өнө шимтэй хөрс шороо, элбэг баялаг усны сураг, эерэг дулаан уур амьсгалдаа түшиглэн олон төрлийн үр тариа тарин, хүнс будаагаа өөрсдөө хангасаар өнөөдөр болжээ.

Сэтгүүлчдийг хүрсэн айлын эзэн Бавуу гэх намхан биетэй, жаран насыг дөхөж яваа хүн байлаа. Нар салхинд нүүр царай нь харлаж борложээ гэж хэлэх нь илүү үг мэт боловч үнэндээ энэ нь малчин хүний хамгийн сайхан дүрслэл шиг санагдана. Гэхдээ Бавуу зөвхөн мал хариулаад харласан биш, харин хаврын хар салхи, зуны халуун наранд 100 гаруй мү тариа тарьж, гэргий Алтансодын хамт өглөө үдэштэй тэмцэн зүтгэсээр ийм болсон юм. Таван цул дөрвөн мөчийг эс зүдрээвээс, таван тарианы шимийг тэгш хүртэхэд хүнд гэдэг нь үүнийг л хэлдэг байх.

Бавуу

Бавуугийн гэргий Алтансод

Бавуугийнх 140 мү тариа, 70 хонь, 8 үхэртэй энгийн нэгэн монгол айл. Яг хэзээ, ямар цагаас эхлэн тариа тарих болов гэхэд, арван хэдэн настай үеийн нийтийн үйлдвэрлэл хийж байх үеэс эхлэх байх. Тухайн үе тэдний бригад хэдэн зуун мү тариан газартай байсан бөгөөд Бавуу гуай 13 наснаасаа эхлэн тариалах ажилд ойртож, хавар, зун, намрыг алдалгүй анжис түших, тариа арчих, тариа хадах гээд хийгээд дуусшгүй ажилд өртдөг байлаа. Ингэж гарын алгаа эвэрштэл хийхийн зорилго нь намрын эцэс болоход бригадаас тариан талбайгаас 5 мөр хувьдаа авахын төлөө байв. Хожим нь манзан тогоо хагарч, мал тариа өрхөд хуваагдаж, Бавуу ч эрийн цээнд хүрч, Алтансодтой ханийн заяа хамтатгаж, туурга тусгаар айл өрх болов. Ажилч айлын ухаантай хүү байсан Бавуугийн сууринг тойроод тариан чиг салхинд дохилзож харагдана. Тэрээр энэ хэдэн жилийн турш хасаг тэргээсээ машин, тэнгэрийн хур хүлээдэг байснаасаа цахилгаан худагтай болж, тарианы ажилдаа нэлээд их  хөрөнгө оруулж, сайн ч орлого олох болжээ. Өнгөрсөн жил тэрээр 140 мү эрдэнэ шиш тариад мү бүрээс 800 килограмм ургац хурааж, 500 грамм бүрийг 0.79 юаниар худалдаж, жилийн орлого нь 120 мянган юанийг давсан байна. Харин энэ жил тарианы газарт нь нэгэн хүлэмж нэмэгдсэн нь халуун чинжүү тарьсан байв.

Бавуугийн орон сууц 

- Багийн зөвлөлөөс хэдэн малчин айлд энэхүү халуун чинжүү тарьдаг хүлэмжийг 11000  юанийн өртгөөр байгуулж өгсөн. Энэ хавраас эхлэн туршиж үзэх санаатай байгаа. Анхны жилдээ тухайн айл 3000 юань гаргахад болно гэж байлаа.

Хүлэмжийн нийт талбай 0.8 мү. Энэ нь 140 мү тариан газартай Бавуугийн хувьд ёстой алгын чинээ хэсэг нь гэсэн үг. Гэвч энэхүү алга хэртэй газраас намар болоход 10 мянган юанийн орлого олно гэснийг нь сонсоход хүн бүр гайхах нь лавтай. Улаан чинжүүг 04-р сарын арван хэднээс эхлэн чиг суулгаж, 08-р сарын дунд болоход хурааж дуусдаг. Хурааж дууссаныхаа дараа оронд нь лууван, байцаа зэрэг бусад ногоог тарьж, бас нэг удаа ургац хурааж болох учир орлого өндөр байгаагийн нууц нь энэ. Халуун чинжүүний үнэ ханшийн хувьд төрөл зүйлээсээ шалтгаалан килограмм бүрд 2 юань, 4 юань гэх мэт адилгүй үнэтэй байдаг. Үүний зэрэгцээ орлогод нөлөөлөх бас нэгэн зүйл нь халуун чинжүү тарихад арга мэргэжил их шаарддаг бөгөөд агаар, илч, ус, хортон шавьж зэргийн асуудлыг нарийн шийдэх хэрэгтэй байдаг. Хоёр өдрийн өмнө мэргэжилтэн ирж, мэргэжлийн талд анхаарах зүйлсийг Бавууд уламжлаад явсан байв.

Гэрийг нь тойроод дөрвөн зүгт нь тариан газар тул Бавуугийн хэдэн мал хашаандаа эргэцнэ. Ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс Бавуу 4 жилийн өмнө нутгийн үхрээ саалийн үнээгээр сольж, сүү, сүүн бүтээгдэхүүн хийж худалдаад жилдээ бас 10 мянган юань өвөртөлдөг болжээ. Тариан газраасаа 10 гаруй мү газарт хөх даршийн тариа тарьж, мал унааныхаа тэжээл бордооны асуудлыг шийддэг байна.

Зохиогч: Чийрэг, Од
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл