
Өдөрт хэчнээн шууданг машинаар тээж ачиж явдгийг бүртгэхийн аргагүй. 2015 онд Хятад улсын шуудангийн компаниуд өдөрт нийт 10 сая хувь шуудангийн баглаа илгээдэг байсан бол энэ жилийн нэгдүгээр сараас өдөрт нэг тэрбум хувь зөөдөг болсон. Хүмүүсийн төсөөлснөөр ирээдүйн таван жилд дэлхийн өдөрт гуйвуулах шуудангийн тоо нэг тэрбум хувиас давах боломжтой бөгөөд ихэнх нь Хятад улсад байна гэжээ. Толгойд багтамгүй олон тоотой энэ олон боодол баглааг бүртгэж тоолоход хүний хүчийг түшээд байж болохгүй нь ойлгомжтой. Иймээс шуудангийн үйл ажиллагаа явах тусам биеийн хөдөлмөрөөс автомат талд шилжих хандлагатай болж байгаа.
- Арваадхан жилийн өмнө хүмүүс компьютер интернетэд түшиглэж байсан бол өнөөдөр бүр гар утасны сүлжээ илүү чухал байранд орсон. Сүлжээ холбоо нийгмийн суурь төхөөрөмж болсон өнөөдөр шуудангийн компани ч арга хэлбэрээ сүлжээ холбоо зүг өөрчилсөөр байна гэж Шен Түн компанийн Цэнь Дэжюн ярив.

Харин Шен Түн компанийн шууданг сүлжээгээр хийж, илгээх цагаас хүрэх газар хүртэлх бүх нарийн зүйлсийг тогтоож байгаа программыг монгол залуу Жаргал судлан бүтээснийг хэн мэдэх билээ. "Жаргал ах” хэмээн компанийн програмчид хүндэтгэн дууддаг тэрээр Шен Түн компанийн хамгийн анхны шуудан холбооны программыг зохиосон байна. Тус программ нь өдөрт 200 сая тоо баримтыг бүртгэн тоолдог бөгөөд ямар шуудан нь хэзээ хаана хүрч байгаа компанийн агуулахад хэдэн төрлийн эд барааг хадгалах гэхчлэн нарийн тоо баримтыг илрүүлдэг. Түм түчигнэж бум бужигнасан гудамжаар гүйдэг Шен Түн компанийн шуудангийн машинуудыг алсаас удирдаж, тоо баримт хангаж үлдээх нь түүний гол ажил юм. Энэхүү программын ажиллах ёс горимыг хэлэхэд хялбархан ч үнэндээ Жаргал 200 гаруй програмчийг удирдан өдөр бүр шөнийн 12 цаг болтол ажиллаж байгааг хэн ч үл мэднэ.
Жаргал Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошууны Индэр сууринд төрж өссөн байна. Түүнийг хүүхэд байхад нь тэднийх 40-өөд хоньтой, жижигхэн нутагтай айл байжээ. Аав нь дунд сургуулийн багш байсан болохоор соёл боловсрол төдийгүй хүн болохын ёс учрыг ярьж сургадаг байлаа. Тэрчлэн Жаргал ч цаг мөчийг алдалгүй хичээн суралцдаг байсан сурагч тул ангидаа төдийгүй сургуульдаа оройлж явдаг байв. Хэдийгээр тухайн үед компьютер гэдгийг үзээгүй, бариагүй байсан ч яагаад телевиз ингэж ажилладаг, цахилгаан хэрхэн үүсдэг, гэрэлтүүлэг тэгэж гэрэлтдэг гэхчлэн олон зүйлийг Жаргал их сонирхдог байжээ. Үнэндээ тэр үеэс энгийн зүйлийг гайхаж өссөнөөрөө бяцхан хүүгийн зүрхэнд төсөөллийн ертөнц үүсэж, одоогийн Жаргал бий болсон юм.
- Аравдугаар ангидаа хичээж байгаад Өвөр Монголын хэмжээнд эхний 10-рт жагсаж, Бээжингийн Их Сургуульд орох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ миний англи хэлний суурь муу байсан болохоор муухан шалгасан хэмээн улсын шалгалтад хэрхэн шалгалт өгссөнөө ярив.
Жаргалын хувьд “Муухан шалгуулсан” гэх боловч Хянган аймагтаа манлай болсон нь үнэн. 1996 онд Жаргал Харамөрөн мужийн их сургуулийн компьютерын ангид элсэн орсон байна. Программын ертөнц гэж машины логиктой ноцолдох нарийн зүйлс байлаа. Машин тоног хүнтэй шууд харилцах боломж огт үгүй. Сүүлийн үед хүмүүс өөрийн санаа төлөвлөгөөгөө машинд ойлгуулах гэж машины хэл-программыг бүтээв. Программ гэдэг логик чанартай машины чадамжийн дараалал болохоор найруулж бичихэд нөр их хөдөлмөр орох нь мэдээж. Гэхдээ өөрийн санаагаараа машиныг эзэмшиж сурах нь Жаргалд сайхан санагдаж байсан юм. Анх эхэндээ хялбар программ зохион маш их баярладаг байсан бол төгсөх үедээ ангидаа нэртэй “Программч” болж, нутгийн хүмүүс нь ч эрхий гарган “Жаргал хүү үнэхээр болж байна” гэж магтдаг болсон юм.

2000 онд төгсөж, Нигбуу хотод ажиллаж байгаад 2008 онд Ханжөүд хүрсэн байна.
- Анх онгоцноос буухад энд бүгчим халуун байсан. Өмнө оронд ажиллаж амьдарна гэдэг миний төсөөлснөөс өөр байсан. Гэхдээ том компанид ажиллаж үзэх мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ газрыг зорин ирсэн гэв.
Албан ажилд шалгуулж, тогтвортой амьдрах нь нэг ёсны амьдралын хэлбэр гэж зарим хүмүүс санадаг ч Жаргалын хувьд өөр бодолтой байсан юм. Компьютерын өмнө сууж, программ найруулах нь түүний хувьд “жаргалтай ажил” бөгөөд “залуу үедээ их хотод ажиллаж амьдрах сайхан” гэхчлэн Жаргал тайлбарлав. Гэхдээ яагаад гадаадын программын компанид ажиллаагүй юм бэ гэхэд Жаргал:
- Би хэрэглээний төрлийн программч гэж хялбархан хариулт өглөө.
Нийгэм ахуйгаас тусдаа ажил төрөл гэж хэрхэн орших билээ дээ. Программчид ч энэ мэтээр өөр өөрийн ажлын хуваарилалттай аж. Зарим программчид судалгааны төрлийн ажлыг явуулдаг. Жишээ нь: Гар утасны зургийн аппаратаар эзнийхээ царайг таних, хүний оюун ухааныг дуурайн шатар тавихыг суралцах, замын машиныг баримжаалан таньж, жолоочгүй машиныг зохиох зэрэг нь бүгд судалгааны төрлийн программчдын ажил юм байна. Харин Жаргалын ярьсан “Хэрэглээний төрлийн программч” гэдэг нь ямар нэгэн байгууллага буюу компанийн асуудлыг шийдвэрлэж, хэрэглээний асуудлыг шийдэхээр зорилго болгодог. Иймээс Шен Түн компани шуудангийн программаа найруулах шаардлага гарч Жаргалыг урьсан билээ. Жаргал олон олон компаниудад ажиллаж, тохиромжтой программыг нь найруулж суудаг байжээ.
2016 он түүнд мартагдашгүй он жил байлаа. Жаргал тухайн үед Жүн Түн шуудангийн компанид программчаар ажиллаж байтал утас дуугарч, Шен Түн компани чамайг урьж ажиллуулах санал тавьж байна хэмээн ярьсан нь Хятад улсын хэмжээнд шилдэг боловсон хүчнийг хайж, компаниудад танилцуулдаг хүн байжээ.
- Та энэ талын чадвараараа Хятад улсад тэргүүлж яваа. Шен Түн компани танд өндөр цалин өгөхийн дээр анхны шуудан программаа танаар хариуцуулж бүтээлгэх бодолтой байна гэжээ.
- Тэр хүн намайг сонгож танилцуулсан нь гайхмаар хэрэг биш. Учир нь би тухайн үед программ найруулах тухай нэг ном хэвлүүлсэн байсан. Мөн интернетэд үргэлж зохиол бичиж нийтлүүлдэг байсан болохоор программчид бүгд мэддэг гэж Жаргал ярив.
Ийнхүү далайн хөвөөнд байрлах Шанхай хотыг зорьж, Шен Түн компанид ажиллалаа. Шөнө туж гэрэлтэх Шен Түн компанийн байранд Жаргал 200 гаруй программчийг удирдан орлогч дарга болж, өглөө үдшийг тэмцсэний эцэст 2017 онд тус программ нь ашиглалтад орсон байна. Программыг ашиглалтад оруулснаар том датаг бүртгэх чадвартай болсон төдийгүй хэрэглэгч QR кодыг уншуулан шуудан илгээх боломжтой болсон байна. Ингэснээр Шен Түнийн ажилтнууд ч нааш цааш утастах, бийр цаасаар тэмдэглэх ажил үгүй болжээ.

Жаргал хоёр охинтой бөгөөд гэргий нь Ханжөү Их Сургуульд багшилдаг. Жаргал аав ээжийгээ ч Ханжөүд авч ирэн хамт амьдрах болжээ.
- Би энэ жил 40 нас хүрсэн ч өөрийгөө залуу гэж боддог. Залуу хүн болохоор хичээн ажиллаж амьдрах нь сайхан хэмээн ярилаа.
