solongonews
Интернэт ашиглан Сөнид хонины махаа өндөр үнээр зарж байна
2019-05-10 17:03
- Сөнид баруун хошууны малчин Сүхээтэй хийсэн ярилцлага

Интернэт өргөн хэрэглэгдэж байгаа шинэ цаг үед аливаа бүхэн хувирч өөрчлөгдөн хөгжиж байдаг. Хэзээнээс юм бүү мэд хүмүүс интернэт ашиглах болж, өдөр тутмын хэрэглээний зүйлс болон өмсч зүүхээ хүртэл интернэтээс худалдан авдаг болсон байлаа. Энэ нь нэг талаар үнэ ханшийн талд хямд, нөгөө талаар цаг хэмнэгдэг болохоор ажил амьдралын айзам даанч түргэн болсон өнөө цагт хүмүүсийн тэргүүн сонголт болсоор байна. Энэхүү байдлыг дагаад манай малчид интернэтийг зөвхөн эд бараа худалдан авахад ашиглах бус, харин малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ гадагш борлуулж, тал нутгийн эко бүтээгдэхүүнээ борлуулах замыг өргөтгөж яваа нь бахархалтай. Манайхны нэг хэсэг малчин залуус ийнхүү зоригтой алхам хийх болсноор малаа амьдаар нь үүдэн дээрээсээ завсрын наймаачинд хямд үнээр өгч байсан байдлыг өөрчилж чадсанаар барахгүй эко бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх хүч тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Сөнид баруун хошууны Өргөнтал суурингийн Наранбулаг багийн малчин Сүхээ тэдгээр залуусын төлөөлөл билээ.
80-аад онд төрсөн Сүхээ тархи хөнгөн сэргэлэн залуу. Тэрээр хонины махаа хэрхэн үнэтэй худалдах, борлуулалтын зах зээлийг хэрхэн нээх тухай зоригтой бодож, 2012 оноос эхлэн Сөнид хонио гадагшаа борлуулах зах зээл хайжээ. Энэ явцад интернэтээр борлуулах нь нэлээд сайн зам болохыг мэдэж, бэлчээрлэж байгаа хонин сүргээ интернэтэд шууд нэвтрүүлгээр олон нийтэд танилцуулахын дээр хонины махаа борлуулж сайн үр дүнд хүрсэн байна. 2015 оноос эхлэн Сүхээ хонины махаа хүйтэн агуулахад оруулах гэж үйлээ үзэхээ больж, вичат болон интернэтээр хонины махаа борлуулах болсон байна.

- Тухайн үед малын үнэ ханш доор, завсрын наймаачин үнэ өгөхгүй, бид өөрсдөө хонины махаа аваад хүйтэн агуулахад хүргэвэл замын зардал, хүний хөлс, явж суух гэхчлэн зардал их гарч байсан гэж Сүхээ ярив.

Энэ хэдэн жил Сүхээ вичат болон интернэтээр дамжуулан хонины махаа улсын хэмжээнд борлуулж, орлогоо нэмэгдүүлж чадсанаар барахгүй өөрийн гэх онцлог борлуулалтын замыг нээж тогтмол хэрэглэгчтэй болжээ.
- Интернэт иргэдийн дунд өргөн хэрэглэгдсэн энэ цаг үед интернэт ашиглаад улсын хэмжээнд борлуулж чадна. Жил бүр Бээжин, Шанхай зэрэг газрын хэрэглэгчид хонины мах авахаар захиалга өгдөг. Ялангуяа цагаан сар болоход хангаж дийлэхгүй сандардаг гэж Сүхээ борлуулалтын байдлаа танилцуулна.

Сүхээ хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн хонины махаа нарийн жижиглэж савлан түргэн гуйвуулгаар хэрэглэгчдийн үүдэнд хүргэж өгдөг. Иймээс хэрэглэгчид гэртээ сууж байгаад тал нутгийн цэвэр эко сөнид хонины махыг идэх болжээ. Сүүлийн жилүүдэд Сүхээ вичат ашиглан 5000 гаруй сөнид хонь гадагш борлуулаад малчдынхаа дунд үлгэр дуурайл болж явна.
2016 оны 03 сард Сүхээ 7 малчин өрхтэй хамтран Сүхээ малчдын хоршоог байгуулж, малчидтай хамт орлогоо нэмэгдүүлэх замаар замнасан байна. Цогтынх Наранбулаг багийн амьдрал буурай өрхийн нэг юм. Өнгөрсөн жил тэрээр Сүхээгийн байгуулсан хоршоонд гишүүнээр оржээ. Хоршоонд орсноос хойш тэрээр хонио өндөр үнээр гадагш борлуулж чадсанаар барахгүй өнгөрсөн жил хоршооноос ашиг хуваарилахад 3000 юанийн өртөгтэй өвс бордоо олсон байна.

Цогт: - Өмнө нь манайх малаа ойр хавийнхаа хүйтэн агуулахад аваачиж зардаг байсан. Үнэ ханш нь бага. Харин Сүхээгийн байгуулсан хоршоонд орсноос хойш хонины махаа интернэтээр борлуулах болж, орлого ч дахин нэмэгдсэн гэж ярилаа.
Сүхээ хоршооныхоо малчдын хонины махны яс чанарт маш чанга шаардлага тавьж, хэрэглэгчэд үнэнч үйлчилгээ үзүүлж, итгэл хүндийг олсоор иржээ. Тэд хонио бэлчээрлүүлэн маллах уламжлалт мал аж ахуйн арга болон орчин үеийн аргатай уялдуулан хонины махыг боловсруулах, салгаж савалгаа хийх зэрэгт нарийн нямбай ажилладаг. Манайхны хонины мах нь хоршооны мал аж ахуйн талбайгаас шилж сонгосон чанар сайтай шилдэг үүлдрийн сөнид хонины мах юм. Чанарыг баталж байж зах зээлд хөл тогтож, илүү сайн хөгжиж чадна. Ингэснээр малчдын оролцоог  идэвхжүүлэн орлогоо нэмэгдүүлнэ хэмээн Сүхээ ярьж байв.
Мэдээлэл холбооны хөгжлийг зөв ашиглаж чадвал ажил амьдралд амар хялбар болж, ашиг орлого ч олж болдогийг малчин Сүхээгийн үйл явдал бүрэн гэрчилнэ. Тэрээр цаг үеийн хөгжил өөрчлөлтийг ажигч гярхай ажиглаж, малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ борлуулахад интернэт ашиглах болсон нь онцгой сонголт юм. Ийнхүү өөрийн орлогоо нэмэгдүүлж чадсан төдийгүй ойр хавийн малчдын орлогыг ч нэмэгдүүлэн,  орон нутгийн эк о бүтээгдэхүүнээ том зах зээлтэй болгож чадсан нь амжилттай туршлага болжээ.

Зохиогч: Нийтлэл: Сараана
Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл