Шилийнголын тал нутгийн тэнэгэр уудмыг хэлэхийн аргагүй. Суусан машин маань харгуй талыг зүсэн хэчнээн давхисныг буу мэд, нэг мэдэхэд хоёр гэр босгосон цэмцгэр байшингийн гадаа хүрч ирсэн байлаа. Байшингаас гүн хөх өнгийн хуучивтар дээл өмссөн хүдэрлэг хүн гарч ирээд биднийг угтсан нь гэрийн эзэн Болдбаатар байв.

Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Саруул тал багийн малчин Болдбаатар хэдэн жилийн өмнө “Нөхөрлөл” хоршоогоо байгуулахад 7 өрх хувь нийлүүлж байсан бол өнөөдрийг болоход хорин хэдэн өрх болон өргөжсөн байна. Хоршоонд орсон өрх малаа хамт борлуулах буюу өвс бордоо худалдан авч орлого зарлагаа нэгтгэдэг байлаа. Болдбаатар нэг жижиг нядалгааны газартай бөгөөд 2015 онд хошууны төвд “Сайн уу” монгол хоолны газрыг нээж, хоолны газрын махаа өөрөөсөө хангадаг байж.
2014 онд Сөнид зүүн хошууны Засгийн газраас төсөлд хамрагдсан малчин өрхөд 47 мянган юанийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд малчид өөрөө 47 мянган юань гарган 65 хавтгай дөрвөлжин метр талбайтай шинэ эрчим хүчний байшин барьсан байна.

- Бидний энэ байшин дулаалга сайтай, шалны халаалттай учраас өвөлдөө түлш их шатаах хэрэггүй. Цэвэр бохирыг шийдсэн болохоор 24 цаг халуун хүйтэн устай гэж Болдбаатар шинэ байшингийнхаа тухай танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд тэрээр 360 градусын хяналтын камер угсарч, гар утсан дээрээ “Оюунлаг мал аж ахуйн талбай” AПП-г суулган гэрээсээ ойролцоогоор 5000 метр доторх нутаг бэлчээрээ тодорхой хардаг болжээ. Сүргийнхээ нэг хонинд жижиг камер зүүлгэсэн болохоор хонин сүрэг далангийн араар орсон ч олж харах боломжтой болсон байна. Тус AПП-ээр сүргийнхээ мөрийг мөшгөж ч болдог юм байна. Ингэснээр Болдбаатар харин зав чөлөөтэй болж, хоолны газартаа үргэлж очих боломжтой болсон байна.
