solongonews
Үзэмчин цагаан ямааны үлгэрийг мянган ямаатай малчин айлаас уншхуй
2018-11-22 15:48
“Мянган ямаатай малчин айл” гэхээр Өвөр Монголын Шилийнгол гэхгүй, бүх Өвөр Монгол оронд ч өөр байхгүй. Сүргийн сор болсон ямаад үзэмчин нутагт мянга мянгаар өсөн үржиж, энэ нутгийн хүн ардад үр өгөөжөө өгч байсан түүх тэмдэглэл бий.

“Мянган ямаатай малчин айл” гэхээр Өвөр Монголын Шилийнголдоо гэлтгүй Өвөр Монголд ч байхгүй. Сүргийн сор болсон ямаад Үзэмчин нутагт мянга мянгаар өсөн үржиж, энэ нутгийн хүн ардад үр өгөөжөө өгч байсан түүхэн тэмдэглэл бий.

Цаг хугацаа урсан өнгөрч, шинэ мянганы эхнээс Үзэмчин нутаг гэхгүй, бараг л бүх монгол нутгаар ямаагаа худалдаж, мянгыг битгий хэл, зуун ямаатай айл ч цөөн тоологдох болсон билээ. “Өдрийн од өвлийн цэцэг” шиг цөөрлөө ч гэсэн таван эрдэнийн нэг болсон энэ амьтныг хайрлан өсгөж яваа, өөрийн гэсэн бодолтой малчин ч бий.

ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Рашаанбулаг багт мянган ямаатай айл байдаг гэсэн сураг өнгөрсөн жилээс сонорын сонин болж, очиж үзэхийн хүсэл ургуулж байсан болохоор саяхан энэ айлыг зорилоо. Энэхүү айл малчин Сүхбаатарынх байлаа. 2017 оны 06 дугаар сард 1100 ямаатай болж, мөн энэ жилдээ мянган ямааны мялаалгын наадам хийсэн билээ. Сүхбаатар жил бүр 500-600 эх мал онд оруулдаг байна. Сүхбаатар гэргий Оюунцэцэгийн хамт биднийг угтан авлаа. 

Малчин Сүхбаатар ямаан сүргийнхээ дэргэд

Ямаа малласан 11 жилийн түүх

Дөчин насны дөрөө жийсэн Сүхбаатар 1975 онд аав Одсүрэн ээж Хамтын таван хүүхдийн гуравдугаар нь болж заяасан юм. Шинэ мянганы эхээр аавын гэрээс гал залгаж мөн энэ нутгийн ажилч охин Оюунцэцэгтэй айл гэр байгуулж, 600 га талбай нутагтаа цөөн хэдэн малтай аж төрж иржээ. Сүхбаатар айл амьдралаа бусдаас дооргүй авч явах хатуу бодол, төсөв төлөвлөгөөтэй нэгэн. Тэрээр айлууд ямаагаа  бөөн бөөнөөр худалдахыг хараад гүн харамсалд унав. Тухайн үед Үзэмчин нутгийн айлууд хэдхэн ямаагаа үлдээх буюу зарим айл нь бүр нэгийг ч үлдээлгүй сүргээр нь зарж байсан нь үнэн. Ямаа гэдэг амьтан энэ нутгаас ингээд тасрах хэмжээнд хүрэхэд ямаа маллаж өсгөх бодол Сүхбаатарт төржээ.

Сүхбаатар 2008 оноос ямаа маллаж эхэлсэн. Тухайн үед хонь 1000 юань хүрч байхад ямаа 300 юань ч хүрэхгүй байжээ. Энэхүү нөхцөл байдалд ямаа маллаж, мянган ямааны наадам хийх гэдэг тийм ч хялбар биш. 2008 оны ган гачигтай жил Сүхбаатар 40 орчим ямаа, 200 орчим хонь маллаж байсан. Маш олон малчид түүнд ямаа маллах нь бэлчээр усанд ашиггүй төдийгүй үнэ хүрэхгүй гэж ятгасан ч өөрийн бодлоо баримтлан, мал сүргийн бүтцээ өөрчлөхөөр шийджээ. Гэргий нь ч олон хүний хэл ярианд татагдахгүй харин нөхрөө дэмжсээр ирсэн. Сүхбаатар хөрш зэргэлдээ айлаасаа 100 ямааг 30 мянган юаниар худалдан аваад өөрийн 30 гаруй ямаатайгаа нийт 130 эх мал болгон ямаа маллах аянаа эхлүүлэв. Тэрээр сэтгэлдээ “Хэзээ нэгэн өдөр мянган үзэмчин цагаан ямааны наадам хийнэ” гэж хатуу амлалт тавьжээ. 2017 онд мянган ямааны наадмаа хийсэн билээ.

Сүхбаатар ямаа малласан эхний таван жилд ямаанаасаа ямар ч орлогогүй байсан гэнэ. Мал аж ахуйнжих үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн нэг жил орлогогүй болоход хэцүүдэх нь мэдээж. Зарим жилдээ зарлага нь орлогоосоо давж байсан гэдгийг Сүхбаатар нуулгүй ярьж байв. 2009- 2012 онд ямаан ноолуур нэг кг нь 160-180 юань байсан бол 2013 оноос 300-400 юань хүрэх болсноор ашиг орлого жил дараалан нэмэгдэж билээ. Тэр жилээс хойш Сүхбаатар мянган ямааны эзэн болох гэсэн мөрөөдөл биеллээ олжээ.

- Миний ямаад бүгд нутгийн үүлдрийн үзэмчин цагаан ямаа. Өөрийн гэснээ өөрөө авч үлдэх гэсэн юм гэж Сүхбаатар ярив.

2013 оноос Сүхбаатарын ямаа өсөн, орлого нэмэгдсэнийг “нутгийн уул усны навтаг савдаг ивээснийх” гэж ярьж байв. Тэрчлэн хэдэн жилийн шаргуу зүтгэлээр Сүхбаатарын ямааны тоо 1000 давж, 2017 оны налгар намрын 09 дүгээр сард 1000 ямааны мялаалгын наадам хийж, малын буян хишиг хурайлж, Үзэмчин нутгийн яруу алдрыг дуурсгасан байна. Энэ нь Сүхбаатарын 130 ямаатай байхдаа сэтгэлдээ амласан амлалт. Мөн “Бодож явбал бүтнэ” гэдэгт итгэсний хариулт байлаа.

- Ямаа маллахад маш нарийн ажил шаардана. Ямаа цуваагаараа л бэлчээрийн захад хүрч тархаж бэлчдэг. Сэргэлэн амьтан, ямааг дураар нь тавьж малладаг. Ямааны идэш нь бага төдийгүй тар муудсан ч тэжээл авах нь хурдан байдаг. Би ямаанд их хайртай гэж Сүхбаатар ярилаа.

Сүхбаатар нутгийн үүлдрээ хамгаалж хөгжүүлэх талд санааширч байлаа. Үзэмчин ямаа нь ноолуурын талд гадаад үүлдэр буюу бусад үүлдрээс зөрөөтэй бөгөөд ашиг орлогын талд ч бага байдаг үзэмчин ямааны орон нутгийн үйлдвэрлэлийн онцлог шинж, далд хөгжлийн өргөн зай, цэвэр үүлдрийг хамгаалахын чухал ач холбогдлыг мэдэж байгаа нь маш бахархууштай.

- Үзэмчин цагаан ямаа бол орон нутгийн шилдэг үүлдэр юм. Үзэмчин ямааны үүлдрийг хамгаалж хөгжүүлэх нь миний цаашдын зорилго болно. Хоёр Үзэмчин нутагт үзэмчин цагаан ямаа маш цөөрчээ. Үзэмчин ямаа нь орон нутагтаа тохирсон, хүйтэн, зуд зурханд тэсвэртэй, өвсний соргог, усны шимээр унд тэжээл болгодог. Хөх өвсөөр гол тэжээл болгодог. Тарилга хийдэггүй гэж Сүхбаатар ярьж байв. Энэ нь түүний мал маллах туршлага, үзэл баримтлал, түүний ямаа малласан 11 жилийн түүх.

Ажилч малчин Оюунцэцэг хайртай ямаатайгаа

Мянган ямааны орлого, зарлага

Ямааны орлогын хувьд хавартаа ноолуурын орлого болон намар ямаа худалдсан орлого. Мянган ямаатай малчин айлын орлого, зарлага ямар байдаг бол?

Ноолуурын талд ярихад шинэ мянганы эхний жилд ноолуур килограмм нь 400 юань хүрч байсан болохоор хүмүүс цагаан алт гэдэг байсан. Харин дараа жилээс нь ноолуурын үнэ буурсан. Сүхбаатарын хэлж байгаагаар түүнийг ямаа маллаж эхлэхэд ноолуур килограмм нь 160 юань орчим л байсан гэдэг. 2013 оноос ноолуурын үнэ аажмаар өсч, 2015 онд килограмм нь 200 юаньд хүрсэн. Өнгөрсөн жил болон энэ жил ноолуурын үнэ килограмм нь 280 юань болж өндөр үнэ хүрсэн байлаа.

- Сүүлийн хэдэн жил ямааны ноолуурын улирал болохоор таних танихгүй наймаачид ямаагаа самнаад дууссан уу? Ноолуурыг чинь бүгдийг нь авъя гэх болсон. Манай хөрш зэргэлдээ цөөн ямаатай айлын ноолуурыг бол хар бор өнгөтэйг нь ялгаж хямд үнээр авдаг гэнэ. Манай ямаа олон болохоор хар бор өнгөтэй гэж ялгадаггүй адилхан үнээр авдаг. Ямаа маллах нь хонь маллахаас орлого өндөр байна. Ноолуур нь бараг зардалдаа хүрдэг болохоор ишиг нь цэвэр орлого болно гэж Сүхбаатар ярьж байлаа.

Сүхбаатар, Оюунцэцэг ажилчаараа гайхагдсан хоёр. Энэ хавар тэд ямаа санмадаг хүн хөлслөх мөнгөө хэмнэх үүднээс 600 гаруй ямаагаа өөрсдөө самнасан байна. Хөдөө нутгийн хаврын ажил мундах биш. Гэсэн ажлаа амжуулахын хажуугаар өдөрт 30-40 ямаа самнасаар байж дуусгажээ. Хөлсний хүн бол нэг ямаа самнахад 15-20 юанийн хөлстэй болохоор 600 ямаагаа самнуулахад 10 мянган юань зарлагадна. 

- Их ажил шаардах боловч өдөр бүр самнахад 20 гаруйг самнана.

Сүхбаатар ямааныхаа үүлдрийг сайжруулаагүй болохоор нэг ямаанаас 0.5 килограмм ноолуур унадаг. 600 ямаанаас 300 килограмм ноолуур авна. Килограмм нь 260 юань гээд бодоход Сүхбаатарын ноолуурын жилийн орлого нь 80 мянган юаньд хүрдэг.

- Ямаа хаврын гачиг цагт эрт мөнгө атгуулдаг буянтай мал. Тиймээс Мантахбулаг, Эрээнговийн ямааны ноолуурын үнэ бусад газраас өндөр байдаг. Жилийн жилд бэлчээр ус сайн болохоор ноолуурт шороо тоос суухгүй, цагаан байдаг хэмээн Сүхбаатар орон нутгийн ямааныхаа ноолуурын үнэ бусад газраас өндөр байдгийг ярилаа. Энэ нь түүний мал маллах нарийн ухаан. Ямар ч ажил үйлсийг хийхэд нөхцөл байдлыг ажиглаж сурах нь дэм болдог.

Сүхбаатар 2017 онд 100 эм ямаа, 100 сэрх, 200 ишиг зарж, 330 мянган юань олж, 2018 онд 50 эм хонь, 100 сэрх, 200 ишиг худалдаад 410 мянган юань олсон байна. Сүхбаатар ямаа малласан эхний жилүүддээ ямаагаа зардаггүй байлаа. Харин сүүлийн үед өсч үржээд бэлчээрийн даацдаа зохицуулахын тулд жил бүр 400-500 зардаг болжээ. Сүхбаатарынх 867 га талбай нутагтай, өвөлжих малдаа 5000 боодол өвс үлдээж, 8000 боодол өвсийг нэг боодлыг нь 8 юаниар зарсан байна. Дахин 64000 юань олсон гэнэ.

Энэ нь Сүхбаатарын ямаа болон хадлангаасаа олдог орлогын ерөнхий байдал. Тэгвэл мянган ямаа маллахад хэр зэрэг зардал ордог бол?

Сүхбаатар 24000 юаниар өвсөө хадуулж, нэг боодол өвсийг 1.2 юаниар боолгож, нийт 15600 юань, нэг боодол өвсийг 1.5 юаниар оруулснаар 7500 юань зарсан байлаа. Машины шатахуун жилд 30 мянган юань ордог. Малын цутгалт, угаалт зэргийн зардал нь 25000 юань болдог. Өвс хадлан сайн жил бол тэднийх нэг их тэжээгээд байдаггүй. Ер нь ямаа гэдэг амьтан байгалийнхаа элгэнд эрх дураараа байвал илүү торниун дэврүүн байдаг болохоор Сүхбаатар задгай бэлчээрт илүү их гаргадаг. Гэхдээ энэ нутагт жилийн жил цас ихтэй болохоор өвлийн гол хүйтэнд бол хадаж хураасан өвсөөр тэжээдэг байна. Зудтай жил бол эрдэнэ шиш нэмж өгдөг аж.

Сүхбаатар гэргий Оюунцэцэгийн хамт

Төл тоссон үлгэр буюу нөр их хөдөлмөр

Ямаа хээл их хаядаг, мөн ихэрлэх нь олон гэж ахмад малчдынхаа ярианаас сонсож байсан болохоор жил бүр 500-600 төл тосно гэдэг ямар их ажил, нөр их хөдөлмөр байдаг бол гэж Сүхбаатарынд хүрэхээс өмнө бодож байсан юм. Сүхбаатар анх ямаа маллаж байхдаа нэлээд төлөө алдсан байна. Одоо хээл хаяулахгүйн тулд олон талд анхааран, төлөө 100 хувь онд мэнд оруулах болсон бөгөөд өөрийн гэсэн мал маллах арга туршлагатай болжээ.

Сүхбаатар ямаа маллаж эхэлсэн жил 130 эх малаас 30 гаруйхан төл тосов. Бараг 100 ямаа нь сувайрсан буюу хээл хаясан байлаа. Энэ нь сургамж. Ямар ажил үйлсийг эхлүүлэхэд мэдэхгүй, туршлага дутаж болж алддаг нь их. Гэхдээ алдлаа гээд арагш суухгүй арга бүхнийг сүвэгчилж байвал зам өөрөө тодордог нь жам билээ. Тэр жилээс хойш ямааны төл тосох ажил гэж бусад төрлийн мал маллахаас илүү хөдөлмөр оруулдгийг ухаарсан Сүхбаатар, Оюунцэцэг нар суурь бүтээн байгуулалтаа сайжруулж, зун намрын улиралд ямаагаа сайн таргалуулж, онд оруулах ямааныхаа өвс тэжээлийг сайн нөөцлөн хураадаг болов.

- Төлийн хугацаанд өглөө гурван цагт босож ажиллана. Шөнө төрсөн ишгээ эхэд нь авуулна. Бага үдийн үед өглөөний цайгаа уудаг. Цайны дараа бэлчээрт гарсан сүргийнхээ хойноос явна. Энд тэндгүй олон ямаа ишиглэнэ. Нэг нэгээр тэмдэг тавьж авна. Тэгээд орой ажлаа дуусгаад орж ирэхэд ес, арван цаг болсон байдаг гэж Сүхбаатар төл тосох үеийн цаг наргүй үеэ эргэцүүлэн ярив.

Төлөө бүгдийг онд мэнд оруулах гэж Сүхбаатар, Оюунцэцэг нар өдрийн хоёр хоолоор хаврын урт өдрийг туулж, хориод өдөр борви бохисхийлгүй зүтгэдэг. Ямаа өвчлөх нь их цөөн байдаг бөгөөд маллахад амархан ч бээрч даарвал хээл хаядаг болохоор төл тосох үед  их хөдөлмөр шаардагддаг. Ямаа ховордсон одоо цагт 500-600 ишиг тосож байгаа айл хэд байгаа билээ? Хашаа дүүрэн хөөрхөн ишиг майлалдах нь яруу хөгжим билээ! Сүхбаатар, Оюунцэцэг нарын нөр их хөдөлмөрөөс салшгүй билээ.

Үзэмчин цагаан ямаа нь орон нутгийн шилдэг үүлдэр бөгөөд олон зуун жилийн шигшилтээр байгальтайгаа зохицон үлдэж, Монгол нутгийн хүн ардад үр өгөөжөө өгсөөр ирсэн билээ. 1954 онд үзэмчин цагаан ямааг сонгож маллах, ноолуурын гаралтыг дээшлүүлэх зэрэг ашигтай бодлогыг даган ямааны тоо толгой өсч, 1965 онд Зүүн Үзэмчин хошууны үзэмчин цагаан ямааны тоо толгой 300 мянгад хүрчээ. Хожим нь ноосны үйлдвэрийн хөгжил, 1977 оны их зуднаар Зүүн Үзэмчин хошууны ямааны тоо толгой 40 мянга болон буурсан байна. Гэвч хожим нь энэ нутгийн хүн ардын хичээл зүтгэлээр үзэмчин цагаан ямаа нэмэгдсээр байгаа.1989 онд ӨМӨЗО-ы тэжээвэр амьтны үүлдэр сайжруулалтын газрын санаачилгаар Тариалангийн яам болон Нэхмэлийн аж үйлдвэрийн яамны хамтран зохион байгуулсан Хятад улсын ямааны ноолуур болон ямааны ноолуурын бүтээгдэхүүний үзэсгэлэнд Зүүн Үзэмчин хошуу оролцсон байна. 1991 оны бүртгэлээр үзэмчин цагаан ямааны тоо толгой 500 мянгад хүрч, үүнээс 300 мянга нь Зүүн Үзэмчин хошуунд байдаг аж.

Одоо ямааны тоо толгой дахин буурсан байна. Зүүн Үзэмчин хошууны ямаа 80 мянга орчимд хүрээд байгаа бол 2.8 сая үзэмчин хоньтой аж. Айлд хэдэн арав, хэдэн зуугаар л байхаас мянгаар маллаж байгаа нь Сүхбаатарынх.

- Миний ямаа Үзэмчин нутгийн үүлдрийн ямаа. Би үүлдэр сайжруулан ноолуур буюу махны талын ашиг бодоогүй. Харин өөрийн гэсэн үнэт зүйлийг л авч үлдэх гэсэн хэмээж байгаа нь Сүхбаатарын арав гаруй жилийн үзэл баримтлалын хариул билээ.

Үзэмчин цагаан ямааны үлгэр түүхийг мянган ямаатай малчин айл ингэж л дуурсгана.

Сүргийн чимэг

Зохиогч: Нийтлэл: Сараана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл