\nХүнийхээ дуунд уйлалцдаг тэмээ минь гэх дуучин Урагшилтын дуу Батбаатарын гар утаснаас хангинав.
\nОдоогийн хүүхдүүд тэмээ унаж чадахгүй мод шиг.

Жаахан хайвганавал сугараад уначих гээд болохгүй юм. Тэмээ гудамжаар явахад үргэхгүй, баталгаатай биз дээ гэж Батбаатар утасны цаадах хэн нэгнээс лавлаж, хэсэг зуур ярьснаа хурдхан шиг утсаа таслав. Наана нь биднийг сурвалжлахаар хүлээж байгааг мэдэх болохоор зочноо хүндэлж буй монгол хүний сайхан сэтгэл.
- Охиныхоо хуримыг хийх гэж номхон тэмээ сурагласан юм. Тэмээтэй хүргэвэл монгол соёл иргэншил, уламжлалтай минь ойртох болов уу гэж бодлоо хэмээн тэрээр тайлбарлана.
Их говийн уудамд хагас насаа тэмээтэй ханьсан өнгөрүүлсэн түүний хувьд үрийн ганц охиноо мордуулах их ёслолд тэмээгээ ашиглах нь зөв биз дээ.
Бид Алшаа баруун хошууны Алтанцог сумын Ногоонбулаг багаар нутагтай Батбаатар хэмээх 51 настай энэ хүний тухай тасаг бусаг сонсож, завгүй цагийг нь шахаж, хошуун төв Бадайн Жаран суурин дахь "Отрын гэр"-т нь очиж ярилцаж билээ. Тэрээр хөдөө нутагтаа байнга сууж, хааяа нэг хошуу орохдоо л энэ гэртээ суудаг болохоор “Энэ миний отрын гэр” гэж инээж байв.
Батбаатар одоо ч хөдөө нутагтаа 80 гаруй тэмээтэй, “100 гараад байснаас өчигдөр 20 гаруй тэмээгээ зарчихаад ирсэн” гэх юм. Тэднийх 200 гаруй тэмээтэй байсан бөгөөд ах дүү хэд нийлээд 100 цагаан тэмээний наадмыг ч хоёр удаа зохион байгуулж байжээ.
Түүний аав Эрдэнэдалай хэдэн хүүтэйгээ 2002 онд анх удаа “100 цагаан тэмээний наадам” хийсэн бол Батбаатар 2016 онд 280 мянган юань зарж байж ах дүү гурав хамтран “100 цагаан тэмээний наадам”-аа хоёр дахь удаагаа хийжээ. Цагаан тэмээг монголчууд их бэлэгшээдэг төдийгүй нэг айлын сүрэгт 100 тоологдох цагаан тэмээ байна гэдэг ховорхон аж.
- Тухайн жил Тансагбулагт 10 мянган тэмээний наадам хийхэд дунд нь 100 цагаан тэмээ байсан уу, үгүй юу” хэмээн Батбаатар дурсана.
Тийм ч учир хоёр дахь удаагийн наадмаар Батбаатар хамгийн сайн нэг тэмээгээ сонгож сэтэрлэхээр болжээ.
ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга Ли Жихэн айлчлан хүрэх үед төр засгийнхаа халамж хайрын хариуд дарга Ли Жихэнээр тэмээгээ сэтэрлүүлж, Батбаатар тэр тэмээгээ Өвөр Монголын Намын хороонд бэлгэдэл болгон бэлгэлсэн байна. Одоо тэр тэмээ нь Ногоонбулагийн тэнүүн говьд тавтай бэлчих аж.
Батбаатар ингэнийхээ саалиар хөлжсөн. Арав гаруй жил ингэний сүү худалдсан тэрээр килограммыг нь 60-70 юаниар зардаг. Жил өнгөрөх тусам тэднийхээс ингэний сүү авах хэрэглэгч олон болж, нялх хүүхэддээ ингэний сүү авах хүн бүр ч олон болжээ.
- Би их олон хүүхэд тэжээсэн хүн. Энд тэнд хүүхэд л гарвал сүү авна гээд зөөгөөд байдаг гэж Батбаатар яриад “Энэ жилээс хошуунд ингэний сүү боловсруулах компани байгуулагдсан. Одоогоор багийн малчдаа уриалан компанид сүүгээ өгөхөөр ярилцаж тогтоод байна гэлээ.

Тэрээр энэ жил мөн 18 ингэ саасан бөгөөд ингэ бүрээс өдөрт 1 килограмм сүү авдаг байна. Түүнийгээ компанид өгвөл долоо хоног бүр 3000 гаруй юань олдог байна.
Хэлэхээс Батбаатарын тэмээ ер нь олон байсан биш. Олон жилийн ган гачгийг өнгөрүүлж, тэмээд нь хорогдож сүйдээд байхаар нь 2001 онд 39 тэмээтэй Гансу мужийн Мазүнншаанд оторт явжээ. 600 гаруй километрын алсад отор нүүдэл хийж явахдаа Батбаатар ахынхаа 80 тэмээг ч аваад явсан байна. Бүхэл бүтэн 8 жил нутаг алс сууж тэмээдээ өсгөн, буцаж ирэхдээ 200 гаруй тэмээтэй ирсэн төдийгүй энэ хэдэн жил 80-90 тэмээ зарсныг бодвол бараг л 300 гаруйд хүрсэн нь тодорхой.
- Тэмээдээ туугаад 11 өдөрийн дараа замнаж зорьсон газартаа хүрсэн. Замдаа Хар голыг гатлахад аюултай байдаг. Тэрэг унаанаас үргээд голд унахаас болгоомжлох үүднээс заавал шөнөөр гатлах хэрэгтэй. Аз таарч ямар ч асуудал гараагүй гэж тухайн үеэ эрэгцүүлэн дурсана.
Тэмээ хариулж насны талыг элээсэн ч үлдсэн насандаа тэмээнээс салгахгүй нь мэдээж. Одоо тэрээр тэмээ хариулахаас гадна өөр ажилд хүчээ шалгадаг болжээ.

2010 онд Батбаатар Мазүншанаас нутагтаа буцан ирж, 8 жилийн нүүдлийн амьдралаа төгсгөв. Хайсан чулуу гэх Алшаа баруун хошууны нэртэй аялал жуулчлалын бааз замын дэргэд хэдэн монгол гэртэй ажлаа эхлүүлсэн нь замаар өнгөрөх ачааны машины жолоочид, аялж зугаалж яваа хүмүүсийн үргэлж буудаг газар болж, хэдэн монгол гэрт нь багтахгүй, нэмж 200 тэгш дөрвөлжин метр байшин барьж, жуулчны бааз, машины зогсоол, хоолны газар, жорлон зэргийг иж бүрнээр шийджээ. Жил бүр хоолны газраасаа 200 мянган юань, жуулчны баазаасаа 70-80 мянган юанийн орлого олох болов.
“Дээврээ даахтай болсныг нь
Цэрэгт аваад явчихсан
Дээлээ даахтай болсныг нь
Сургуульд аваад явчихсан
Дэгжин цовоо охидыг нь
Хотод аваад явчихсан
Дээгүүр настай хөгшдийг нь
Диваажин аваад явчихсан” гэж Батбаатарын дүрсэлсэн шиг хөдөө нутагт нэг үе залуучууд их цөөрчээ. Харин Батбаатар харин ийм хөдөөг голсонгүй. Хатуу бэрхийг хэлэх юм бол тэдний нутагт ёстой хатуу бэрх. 300 метр өрөмдүүлээд ус гарахгүй болохоор гэрээсээ 30 километрын зайтай Ногоон булгаас ус зөөж уудаг аж. Зөвхөн усны асудлаас болж жилд 40-50 мянган юань зарцуулдаг гэнэ.
- Мөнгө гэдэг чинь ирэх нь их ч гарах нь бас их” гэж байлаа.
90-өөд оны эхээс 10 жил дараалан нутаг нь гандаж, амьдралыг туйлдуулж гүйцсэн ч одоо харин тухайн жилүүдээ бодвол амьдралын сайхныг эдэлж байгаа аж. 40 жилийн өөрчлөлт нээлтийн хур шаагиж буусан боломжийг түшиж, өөрийн хөдөлмөрч хоёр гар, амьдралынх нь "давс" нь болж аливаа бүхнийг нь зохицуулдаг эхнэртэйгээ амьдралын сайн сайхныг бүтээнэ.
