solongonews
Жаргалант нутгаас соёолсон ”Тэргүүн амуу”
2018-06-06 19:48
Бөх гэмээр биетэй, хуурч гэмээр хэлтэй энэ хүнийг Бао Чинсүн гэдэг.

Хорчин зүүн гаран хойд хошууны Модот сумын Чулуут багаар нутагтай. Аав нь хашир тариачин байсан болохоор тэрээр арван жилээ дүүргэн, хөдөөний хар бор ажилд давтагдаж эхлэн, тариа арчих, тариа хадах, тариа тээх зэрэг ажилд боловсрон, тариа тарихад солгой боловч зөв буруу гараар, үрийн гуа, монгол ам, сагаг зэргийг тарьж байв. Морь унахад ч мэргэшиж, морин дээрээс хонь шүүрч байсан гэдэг. Түүний хэлж буйгаар, халуун тогоонд будаа хуурах нь хөдөөний хамгийн хэцүү хашрахаар ажил байсан гэнэ. Бао Чинсүн арваад настай байхад ээж нь будаа хуурахад Бао Чинсүн зуухны аманд оцойж галд түлээ хийж өгнө. Тогооны халуун, зуухны илчинд арга ааш нь алдарч, ахин дахин хөлсөө арчаад уруу царайлан сууна. Ээж нь ханиадтай болохоор будаа хуурах уур утаанд бөгшөөд болохгүй. Тэрээр ээжийнхээ энэхүү хөөрхийлөлтэй байдлыг төвдөхгүй өндийн зогсож хутгуур эргүүлэн будаа хутгаж, хэдэн тогоо хуурахгүй тэсэхээ болино. Бао Чинсүн будаа хуурах ажлаас толгойгоо барьж, юу хийсэн ч энэ ажлыг дахин хийхгүй гэж амласан гэдэг. Гэтэл энэ явдал дээр “Өөрийн амаа өөрөө алгадсан” гэлтэй.

Бао Чинсүн арван естэй жилээ цэрэгт орох гэхэд аав нь зөвшөөрөөгүй болохоор аюулгүй байдлыг хамгаалах газар, үйлдвэр худалдааны газруудаар хэдэн жил түр цагийн ажилтнаар ажиллаж, нас барсан хүнийг ч үүрч үзлээ, хар билэгтэн баривчлахаар тэмцэлдэж явлаа. Гэвч төрийн байгууллага нэгжид тогтвортой ажиллах боломж олдсонгүй. Орлого нимгэн дээрээ хүүхдийн эцэг болсноос олдог хэдэн имэрдэг нь зарлагадаа ч хүрэхгүй болжээ. 2005 онд аргагүйн эрхэнд 12000 юанийн өртэй болсон тэрээр монгол хүн төвлөрсөн Жаргалан сууринд ирж бизнес хийх гараагаа эхлүүлж, тарианы үр, тэжээл бордоо худалдаж, нэлээд хөрөнгөтэй болсны дараа 450 мянган юанийн байшин худалдан авч, 2010 онд Жуан Нөн тариалангийн хэрэгслийн компаниа байгуулжээ. Мэдлэг мөхөс гэдгээ мэдсэн Бао Чинсүн Бээжинд хүрч, мэргэжил дээшлүүлэх сургалтад нэг сар суралцаад Австрали улсад хүрч  суралцсан байна. Анх юу ч ойлгохгүй зовж байснаа багшаасаа зоригтой асууж сурсаар байж тэнцсэн байна.

Харь нутагт юу хийгээд ч бүтсэнгүй, яагаад өөрийн нутагтаа ирээд хөрөнгөтэй болсон бэ? гэсэн асуудал Бао Чинсүний тархинд олон удаа эргэлдэж байснаа “Монгол нутгийнхаа соёл, монгол хүнийхээ буянд шүтэж бослоо” гэж хожим нь ухаарчээ. Ингээд монгол соёлдоо хэрэгтэй, монгол хүндээ тустай юу хийх билээ гэсэн бодол 6 жилийн өмнө түүний бодолд хөврөв. Хуурсан амуу хийхээр болоход таньж мэдэх хүмүүс нь зөв буруу хатуу үг шидэж л байсан ч түүний мөрөөдлийг өөрчилж чадаагүй байна. Өнгөрсөн жил “Жиримийн цөлжилттэй нутагт хуурай будааны  ХХК” байгуулж, өөрийн 620 мү /Нэг мү 15 га-тай тэнцэнэ./ нутаг түрээслэн монгол амуу тарьж, Уул суурин, Жаргалан суурин, Адуучин сум, Модод сум зэрэг нутгийн монголчуудтай 2000 мү монгол амуу тарих гэрээ  байгуулж, килограмм бүрийн үнийг нэг юаниар нийт 150 мянган килограммыг хурааж, үйлдвэрлэлийн зөвшөөрлийн үнэмлэх нь зөвшөөрөгдсөний дараа их хэмжээгээр үйлдвэрлэхээр бэлтгэж байна.

Түүний 2 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан үйлдвэрийн тасагт нь 12 будаа хуурах тогоо, 3 будаа хөөх тогоотой бол 8 том чулуун тогоог Жинжөү хотод очиж нэгийг нь 16 мянган юанийн үнэтэй хийлгэсэн байна. Түүний хийж байгаа арга нь уламжлалт аргыг бодвол зуухандаа түлэхгүй, автоматаар эргэлдүүлж байгаагаас өөр ямар ч ялгаа алга. Өдөрт 1.8-2.4 тонн хуурсан ам, хатуу будаа үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Будаа хуурах, ам цайлгах, бооход 57 ажилтан ажиллуулж, сард 2000 юанийн цалинтай ажиллуулж байгаа нь бүгд энэ нутгийн монгол бүсгүйчүүл байлаа. Түүний хуурсан амуу “Тэргүүн амуу” гэх бүтээгдэхүүний тэмдгээр бүртгүүлсэн бөгөөд холбогдох байгууллага нэгжээс биет бус соёлын өвөөр бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.
 Ажлын газрын буйдан дээр сууж, ширээнд өрсөн хуурсан амууг өрөм чихэртэй хутгаж амтлахад, баг байхад ээжийн минь хуурсан амууг санагдуулж байсан нь үнэн. Одоогоор хуурсан амуу, хатуу будаагаа бага хэмжээгээр үйлдвэрлэж байна.
- Сүүлийн жилүүдэд хуурай будаа, хатуу будаа хийдэг айл өрх цөөрчээ. Уламжлалт монгол соёлоо хөгжүүлэн уламжилж байгаа нь маш азтай үйл гэж тус компанид ажиллаж байгаа Жаргалан суурингийн Даваатай багийн Хун Шин ярьж байлаа.
Монгол нутгийн монгол амуу монгол хүний соёл, монгол зүрхтэй Бао Чинсүнгийн үйл ажиллагаа мандах болтугай!

Зохиогч: Бай Вэньшюй, Соёмб
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл