solongonews
Боржгин Эрдэнцогт: Ертөнцийн жам ёсыг дагаж, зөв хооллож занших хэрэгтэй
2018-05-07 18:59
Хүн эрүүл саруул аж төрнө гэдэг ямар их хувь заяа. Хүний эрүүл мэндийн төлөө бүхий л хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулна гэдэг агуу их сэтгэл.

 Өдөр бүр зуу гаруй өвчтөнийг хүлээн авч, сэтгэлийг нь тайтгаруулж, өвчин эмгэгийг нь эмчлэн, хаяа нэг хүүхдээ загнаж байгаа юм шиг хатуухан хэлчихдэг, олон шавь нараараа хүрээлүүлэн яваа гавьяат эмчийн нэг нь Боржгин Эрдэнцогт билээ. ӨМӨЗО-ы Хөдөлмөрийн жишээч, Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээ туршлага, өв уламжлагчдын багш, Дэлхийн уламжлалт анагаах ухааны зөвлөлийн эрхлэгч гишүүн, Өвөр Монголын дэлүү, ходоод, элэг, цөсний судлалын гишүүн, Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн хорооны ханах, зүүлэх, төөнүүрийн эмчилгээний тасаг, Элэг цөсний судлалын тасгийг үүсгэн байгуулагч, Өвөр Монголын зурхайн нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж, 40 гаруй жил эмч гэх эрхэм нэрийн өмнөөс зүтгэж яваа Боржгин Эрдэнцогттой ярилцлаа.

- Таны эмч болсон түүхээс яриагаа эхлүүлбэл?

Миний хувьд Хорчин нутгийн хүн. Хавт Хасарын хойч. Миний элэнц өвөө эмч хүн байсан. 1978 онд шалгалтын дүрэм хэрэгжиж эхэлсэн. Дунд сургуулиа төгсөөд 15 настайдаа эмчийн сургуульд орсон. Сургуулиа төгсөөд бригадынхаа "Чандмань" нэртэй эмнэлэгт ажлын гараагаа эхлүүлж байсан. Зарууд хошуунд 30 гаруй жил ажиллаад 2013 онд Хөххотын Засгийн газрын урилгаар Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн хороон эмнэлгийн хороонд ажлаа үргэлжлүүлж байна.

- Монгол Улс, ОХУ-ын Буриад улсаар явж эмчилгээ хийж байсан гэсэн?

2015 оны 06-р сард Засгийн газрын томилолтоор Монгол Улсад очиж, эмч нарт эмчилгээний сургалт явуулсан. 2016 оны 06-р сард Засгийн газрын томилолтоор мөн Монгол Улсад очиж таван заслын эмчилгээг уламжилсан. 2016 оны 10 сард ОХУ-ын Буриад улсад болсон “Дэлхийн уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний II хурал"-д уригдан оролцож байлаа.

- Таны үндсэн мэргэжил, эмчилгээний онцлог юу вэ?

Уламжлалт монгол анагаах ухааны байгаль ба хүний биеийн бүхэл цогцын  эмчилгээ, хэл, шээс, судсаар шинжих, хоол хүнс явдал мөр эм засалтай уялдуулж өвчин анагаана. Арга билиг ба халуун хүйтнийг тэнцүүлж, алтан зүү, мөнгөн зүү зэрэг уламжлалт эмчилгээгээр дотрын эмчилгээ хийнэ. Гол нь судасны хатуурал, цусны даралт ихсэх, цус өтгөрөх, цусны өөх ихсэх, зүрх тархины судасны түгжрэл, мэдрэлийн өвчин, хий солио, адган солио, нойргүйдэл, мартамтгай, улаан хоолойн өвчин, ходоод, дэлүү, гэдэсний өвчин, өтгөн хатах, бөөрний өвчин, давсагны чулуужил, уушгины өвчин, сүрьеэ, тулаа хэрэх, бам, шар усан өвчин, үе гишүү, хүзүү нурууны хуян, шар усан өвчин, дал мөр, өвдөгний үеийн үрэвсэл, нүүр ам мурийх, толгой өвдөх, толгой гар чичрэх, архаг хоолой хамрын өвчин, чихрийн шижин, бамбай булчирхай, арьс харшил, үлд, унаж татах өвчин, могой үлд, сэвх, сарын тэмдэг тэгш бус байх, сарын тэмдгийн үеийн өвдөлт, хөхний хавдар, хараа муудах, турах зэрэг хоол хүнс явдал мөр, монгол эм, засал (алтан зүү, мөнгөн зүү, төөнө, хануур, бүлээн зүү) зэрэг уламжлалт арга барилаар анагааж маш сайн амжилттай байна.

- Таны өөрийн жор гэж байгаа юу?

Тийм ээ, байгаа. Элэгний 1-7 номер, цусны өөх 1 номер, ясны шим, элэг цөсний шим, даралт зохицуулагч зэрэг эм бий. Өгүүлэл бүтээлээс “Хятад үндэстний эм ба идээний толь бичиг", "Монгол эм эмнэлгийн гарын авлагын бүрэн ном", "Бөөрний нуугдсан халуунтай 118 өвчтөнийг монгол эмээр эмчилсэн ойлголт", "Таван рашаан", "Зурхайн ухаан болон гайхамшигт долоон судал", "Элэгний өвчний тэмдэг", “Тулаа өвчний тэмдэг”, “Хавдрын тэмдэг” зэрэг олон бүтээл бий.

- Таны гараас олон шавь хүмүүжиж байна уу?

Элэг цөсний судлалын тасгийг байгуулж, дараагийн жилд нь дотор өвчнийг ханаж хатгах, төөнөх заслаар эмчлэх тасгийг байгуулсан. Манай тасгийн хувьд 10 гаруй эмч, 20 сувилагчтай ажлаа явуулж байгаа. Яг одоо суралцаж байгаа 4 шавь байна. Өвөр Монголын зэрэглэлийн, орны зэрэглэлийн залгамжлагч 2 байна. Хотын зэрэглэлийн залгамжлагч 2 байна. Монгол Улс болон Оросын Буриадын эмч нар мэргэжил дээшлүүлэхээр ирэхдээ манай тасагт ирж ханаж, хатгах монгол уламжлалт эмчилгээг суралцдаг. Энэ бүхнийг хүмүүжүүлэн гаргаад шавь нар маань мэргэжлээрээ сайн ажиллаж байгаа.

- Монгол эмнэлгийн уламжлал болон хөгжил ямар шатанд явж байна вэ?

Монгол эмнэлэг бидний үед төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Сонин сэтгүүл ном зохиолд уламжилж хэлж байгаагаар тоо нь нэмэгдээд байгаагаас мэргэжлийн хувьд эртний үед хүрч чадахгүй байна. Монгол эмчийн бурхан шашныг даган орж ирсэн тарнийн бүтээлгийн аргаар галзуу өвчин, шүд өвдөх, ам гэмтэх зэргийг эмчилдэг байсан. Судас барьж ямар өвчин болохыг саадгүй оношилдог шилдэг монгол эмч нар байсан. Одоо энэ бүх эрдэн гээгдэж байна. Монгол эм найруулагч бас муудаж байна.

- Өдөрт хэдэн хүн эмчилж байна вэ?

Өглөөний 07:00 цагаас эхлээд зүү тавих эмчилгээгээ эхэлдэг. Өдөрт бараг 100 гаруй хүнд эмчилгээ хийж байна.

- Манай уншигчдад монгол эмнэлгийн талаас зөвлөгөө өгөөч гэж танаас хүсэж байна?

Монгол эмнэлгийн ухаанаар арга билгийн ёсыг дагах, ертөнцийн жам ёсыг дагах хэрэгтэй. Нар гарвал босож, нар унавал унтах нь маш зөв юм. Өглөө 06:30 цаг гэхэд босдог байх, орой 21:30 цаг гэхэд унтдаг байх хэрэгтэй. Шөнө өдрийг тонгоруулж болохгүй. Өглөө, өдрийн цайндаа мах шөл иднэ. Оройны хоолонд хөнгөн зүйлийг идэх, халуун хүйтэнд тохируулан хувцаслах зэрэг байгалийн жам ёсыг дагах хэрэгтэй. Хүйтэн идээ ундааг цээрлэж байх хэрэгтэй. Монгол хүмүүсийн хувьд хүйтнээс сэргийлэх нь хамгийн чухал байдаг.

- Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган бидэнтэй ярилцаж, үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсэж байна.

Баярлалаа. 

 

Зохиогч: Ярилцсан: Ц.Урантунгалаг, Б.Туяа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл