solongonews
Дэлхийг өндөлзүүлсэн туурайн чимээ
2019-07-03 20:22
Дэлхийг өндөлзүүлсэн туурайн чимээ

        Авхаалжтай унаачид жолоог нь дугтрахад аргамаг хүлгүүд огторгуйд дүүлмээр цовхчино. Унасан хүлэг унасан хүн хоёулын сэтгэл хөвсөлзөнө. Хаалга нээгдэхэд харвасан сум шиг нисээд гарлаа. Хумхын тоос бужигнаж, хур дэл хийсэн,  хүчит ташуур эргэлдэн, хүн олон уухайлж, газар дэлхий тайван, ган туурай тачигнана.


        Нэгдүгээр номерт түргэлээч!
        Тавдугаар номерт тэргүүллээ!
        Үзэгчид уухайлзгана. Адууны хөлсөнд салхи тайтгарч, агаар тэнгэр наргианаар бялхлаа. Уяач эзнээ баясгаж, унаач эрийг омогшуулан уралдааны морьд үүрсэлдэнэ. Тод манлай, тэргүүн манлай, айргийн тав...хүлэг бүхэн эрдэнэ, хүн ардын баясгалан.
        Усан жороо, урсам жороо, сайвар жороо, салхин жороо...жороо морьд жирвэлзэж, зорьсон газар өөдөө тэмүүлнэ. Өвсний толгой нахилзан, дэрвэлзэн бүжиглээ ч шиг, дагаад давхиа ч гэмээр.“ Жороогийн жороо ”-г аялуулмаар,  зураг шиг үзэмжид согтуурмаар.
        Адуун төвөргөөтэй тал уужуу, аргамаг хүлэгтэй хүн жавхлан.


        Монгол морь дэлхийг товчилсон түүхтэй, монгол морь ертөнцийг донсолгосон цадигтай. Монгол морины уралдаан мөнх тэнгэрээ баясгаж, энх нутгаа догдлууллаа. Монгол морины туурай тачигнасан газар омголон, монгол морины зориг эрчилсэн цаг дуурслана.
        12 талбар уралдаан өндөрлөлөө. Агсам хүлгүүд хурдаараа мөнхөрлөө. Энэ хурд амьтан зургаан зүйлийн хамаг, энэ хурд хүн хар тэргүүтний хөгжлийн аяс, энэ хурд адууны үйлсийн бадралын дохио, энэ хурд Өвөр Монголын ертөнцөд тунхагласан тунхаг.

 

Зохиогч: Д. Болд Билэгт Наранчимэг Өргөн Бо. Саруул
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл