
Унаган багын мөрөөдөл
Сүнлинь 9 настай байхад ээж нь зүрхний өвчтэй болжээ. Арай л ухаан сууж, учир мэдэж эхэлсэн Сүнлиний хувьд их хэцүү байлаа. Ээж нь сум хошууны эмнэлгээр сар гаруй явлаа.
- Ээж минь эмнэлэгт хэвтсэн сар гаруйн хугацаанд ёстой л “өнчин хүүхэд”-ийн амьдралаар амьдарч байлаа. Эмээ, дүү хажууд байсан ч аав ээжийгээ санана гэдэг хэцүү хэмээн Сүнлинь ярьж байлаа.
Түүнээс хойш Сүнлиний ээж үргэлж хошуу сум, хол газрын эмч домчийг зорин явдаг болсон нь Сүнлиний сэтгэлд их дарамтыг авч ирсэн байна. Тэрээр ээжийн минь өвчин хурдан эдгэрч сайн болоосой, өөрөө эмч болж ээжийнхээ өвчнийг эмчилж эдгэрүүлнэ гэж үргэлж боддог болсон нь түүний ирээдүйн замыг анагаах ухаантай холбосон билээ.
Сүнлиний ээж ардын багш, аав нь эгэл жирийн шууданч. Хүүхдүүдээ их сургуульд явуулах нь аав ээжийн хамгийн том мөрөөдөл байлаа.
- Аав маань шууданч хүн байсан болохоор гаднаас ирэх бүх сонин сэтгүүл, захидал захиа гэрт минь байсан. Энэ нь манхан нутгаас гаднын ертөнцтэй харилцах цорын ганц зам байлаа. Сонин сэтгүүл бүхнийг би л эхлээд олж уншдаг байв. Энэ бүхэн миний хожмын амьдрал, сурлага, дур сонирхолд ихээхэн нөлөөлсөн гэж байлаа.
Дунд сургуульд байхад нь Сүнлинийг их сургуулийн элсэлтийн шалгалтад орохыг дэмжиж байсан бөгөөд “заавал хүнд тус болох ажил сонгоорой” гэж ээж нь зөвлөдөг байлаа. Хүнд тус болно гэдэг нь Сүнлиний мөрөөдөл. Багш болж, хүүхдүүдэд эрдэм ном заах уу? Эмч болж олон олон хүний өвчин эмгэгийг анагаах уу?
Хожим нь Сүнлинь үнэхээр эмч болж, мөн эмчийн багш ч болжээ. Юутай сайхан аз тохиол вэ!
Ууган докторын алдар өргөсөн эрдмийн зэрэг
Сүнлинь 1991 онд Өвөр Монголын Анагаах Ухааны Дээд Сургуульд 400 хувиар тэнцэн оров. Түүний унаган багын мөрөөдөл нь анхны биеллээ оллоо.
- Их сургуульд шалгуулахдаа анагаах ухааны мэргэжил сонголоо. Өвчинд ороогдон шаналж байгаа хүмүүст тус болох үүднээс анагаах ухааны мэргэжил сонгосон гэлээ.
1993 оноос монгол анагаах ухааны мэргэжлээр анх удаагаа магистрт элсэлт авч эхэлжээ. Сүнлинь магистрт шалгуулахаар зориг шийдэв.
Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй гэдэг. Сүнлинь үнэхээр Өвөр Монголын Анагаах Ухааны Дээд Сургуульд магистраар суралцах болов. Энэ нь түүний хожмын судалгааны замыг нээсэн бөгөөд хятад, монгол анагаах ухааны түүхийн мэргэжилд нь суурь тавьсан юм.
2005 онд Бээжингийн Хятад эмнэлгийн их сургууль нь Лувсан багшийг докторантын удирдагч багшаар урьж, үндэстний анагаах ухааны мэргэжлийн чиглэлээр доктор элсүүлэв. Сүнлинь үндэстний анагаах ухаан (Монгол анагаах ухааны чиглэл)-ы чиглэлээр докторантад шалгуулан элсэн орсон байна. Тэрээр Хятад улсын анхны монгол анагаах ухааны доктор байсан юм. 2008 онд доктороо амжилттай дүүргэж, Хятад улсын хятад анагаах ухааны шинжлэх ухааны хүрээлэнд пост доктороор суралцав.
- Бага сургуулиа багтаа, дунд сургуулиа сумандаа, их сургуулиа аймгийн төвдөө, магистраа Өвөр Монголд, доктороо нийслэлд үзсэн гэж Сүнлинь эргэцүүлэн ярьж байлаа.
Анагаах ухааны сурлагын аян нь 1991 оноос 2017 он болтол үргэлжилж, Сүнлинь ч энэ ажил үйлсээ эрхэмлэн дээдэлж ирсэн билээ.
Ардын багшийн буухиа залгасан залуу эрдэмтэн
1999 онд магистрын зэргээ амжилттай хамгаалсан Сүнлинь Өвөр Монголын Анагаах Ухааны Дээд Сургуульд ажиллав.
- Өвөр Монголын Анагаах Ухааны Дээд Сургуулийн Монгол анагаах ухааны салбарт залуу багш дутагдаж байсан болохоор Лувсан багш санал болгож, намайг сургуульдаа үлдэж багшлахыг хүссэн. Тэгээд л би багшийн ажилд орсон гэж байв.
Сүнлинь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол эм эмнэлгийн дээд сургуулийн дэд захирлын албыг хашиж явна. 1999 онд ажилд орсноос хойш өнөөг болтол Сүнлинь 3000 орчим сурагчтай болсон байна. Сүнлинь:
- Эмч болохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань биелж эмч болсон төдийгүй багш боллоо. Энэ хоёр мөрөөдлөө биелүүлж чадсан минь надад хамгийн их аз жаргал гэж байсан юм.
