solongonews
Сэтгэл ариусвал нутаг аяндаа ариусна
2017-08-17 16:22
Сэтгэл ариусвал нутаг аяндаа ариусна


—Зүүн Үзэмчин хошууны Цайдмын Баян Овоон тахилгын найр дээрх ажиглалт


        Монголчууд эрт дээр үеэсээ “Нүүж буухдаа нутгаа шинжиж, нүүж явахдаа бууцаа цэвэрлэдэг” эрхэм уламжлалтай байж, овоо лусынхаа орчин тойрныг бохирдуулахыг онцгой цээрлэдэг. Гэхдээ одоо зарим хүмүүс эрт дээдсээс уламжилсан энэ их ухааныг умартаж, хөдөө тал, гол нуур гэж ялгалгүй хог хаягдлаа гарын аяар хаядаг болсныг нь юу хэлэлтэй билээ. Овоо тахих, найр наадам нь болж өнгөрөхөд наадмын ногоон дэнж хогийн гамшигт дайрагдаж хоцордог болж билээ. Наадмын дурдан тоосоор дээлээ гоёж, айрагдсан морьдын хөлсөөр хийморио сэргээж, хүчит бөхийн дэвэлтээр хараагаа баясгаж үзүүр тэргүүн бөх ялгармагц тоос татуулан холдох наадамчдын хойноос наадмын ногоон дэнж хог тоосон дунд сүмийн, ирэх жилийн наадмаа хүлээж хоцроход юу нэгийг бодогдуулмаар…
Санаа хүрсэн газар унаа хүрнэ
Зүүн Үзэмчин хошууны Цайдмын Баян Овоо нь их тахилгатай байж, машин хөсөг цугларан, тахилгачин олон хурж, зоогийн газар, дэлгүүр багшран, хоёр өдрийн турш хөөр хөгжөөнтэй явагддаг. Ингэж найр наадам үргэлжлэхэд хүмүүсийн идэж уусан хүнсний хаягдал, ундааны сав, тор, жимсний хальс зэрэг хаягдмал газар сайгүй хаягдаж, орчин тойрныг бохирдуулдаг.  Уг нь  хүн олон бол хүч их гэж хэлдэг. Одоо хүн олон бол хог их болжээ. Хүмүүсийн соёлгүй  ажиллагааны гайгаар хөдөө нутаг ингэж хог хаягдлын далай болоход нутаг усаа нүдэн цэцгий шигээ хайрлан хамгаалж явдаг хүмүүс сайн дураар орчин тойрноо хамгаалах баг байгуулан хөдөө хээр хаягдсан хог новшийг түүх болсон юм.
Энэ жилийн Цайдмын Баян овооны тахилга дээр нэлээд хэдэн залуу найрын талбайг тойрон хаягдсан хог новшийг цэвэрлэж яваа нь харагдахын зэрэгцээ наадамчин олондоо сурталчлан дайчилж байлаа. Тэдний уриалгаар зарим нэг нь тэдэнтэй нэг баг болон ажиллана. Басхүү зарим нь хог хаягдлаа цүнхэндээ хийж байгаа харагдана. Эдгээр залуус бол “Галтай монгол залуус” орчин тойрноо хамгаалах багийн гишүүд бөгөөд энэ жилийн Баян овооны тахилгад уг  багийнх нь  хог хаягдлыг арилгаж, орчин тойрноо цэвэрлэх ажиллагааг өрнүүлэхээр ирсэн аж. “Галтай монгол залуус”орчин тойрноо хамгаалах багийг Зүүн Үзэмчин хошууны Самай сумын Баяновоо гацааны залуус энэ жилийн 5 дугаар сарын 4-ны залуучуудын баярыг тохиолдуулан үүсгэн байгуулсан байна.

- Манай баг байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл зуу гаруй гишүүнтэй болсон байна. Нутаг усаа хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгах нь залуучууд бидний хариуцлага юм. Бид ингэж байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа өрнүүлэхээр дамжин нэн олон хүнийг орчин тойрноо хамгаалах ухамсартай болгоно гэж тус бүлгэмийн нэгэн гишүүн ярьж байлаа.
“Аа ээ ий” орчин тойрноо хамгаалах сайн дурын холбоо нь салбар холбоо байгуулан олон сайхан үйл ажиллагаа өрнүүлснээр иргэддээ танигдсан байдаг. Баяновооны тахилгад тэднийхний  залуус мөн хүрэлцэн ирж, орчин тойрноо цэвэрлэх ажилдаа завгүй ажиллаж байв. Тэд байгаль орчноо цэвэршүүлж, хүний сэтгэлийг цэвэршүүлэхээр халуун нарны идийг умартан цоглог  ажиллана.

- Овоо бол онгон дархан газар, шүтлэг бишрэлийн ариун орон. Ийм газар орноо бохирдуулах нь бидний шүтлэг бишрэл бохирдсонтой адил юм. Энэ жил 35 дахь  үйл ажиллагаагаа хийж байна. Хүн бүр хогоо дураар хаяхгүй ухамсартай болчихвол бид ч хог түүх шаардлагагүй гэж Зүүн Үзэмчин хошууны “Аа ээ  ий” орчин тойрноо хамгаалах сайн дурын холбооны гишүүн Содгэрэл ярьсан юм.
- Бид гурван жил дараалан сайн дурын ажиллагаа зохион байгуулан Цайдмын Баяновооны тахилгын  хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийсэн. Хамгийн анхны жил хүмүүст хогийн сав тавьж өгөхөд хогийн саванд хогоо хийхгүй  хаячихаад явчихдаг. Зарим нь биднийг хог түүхэд ирчхээд хогоо түүхгүй гэж загнаж байсан ч удаатай. Энэ жилийн хувьд тахилгын найрын хог хаягдал мэдэгдэхүйц багассан гэж Зүүн Үзэмчин хошууны Тулга халамжийн газрын гишүүн ярьж байлаа. “Санаа байвал унаа хүрнэ” гэдэгчлэн эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлээр хүмүүсийн үзэл ухамсар дээшилж, байгаль орчин хог хаягдалгүй цаг ирэх нь лавтай.
Сайн үйл сайшаал олон
“Хог түүж яваа хүүхдүүдийг би олон овоон найрын үеэр харлаа. Энэ бол бидний сайшаалтай мөртөө суралцууштай зүйл. Ийм халуун өдөр ямар ч хөлс харамж үгүй бусдын хаясан хогийг түүж, орчин ахуйгаа цэвэрлэж сайн сайхан суртлыг ухуулж байгаад нь манай хүүхдүүд болж байна гэж бодно гэж Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Дэвшилт гацааны Баянбат настан ярьлаа. Сүүлийн жилүүдэд байгаль орчноо хамгаалах сайн дурын ажиллагаа өргөжин тэлж, холбоо бүлгэм ч олон байгуулагдсанаар эгнээ нь улам өргөжин нэн олон хүнд  танигдан, тэдний тухай магтаал сайшаал олдож, тэдэнд сэтгэлийн тамир тэнхээ, эрч хүч нэмэрлэнэ. “Магтаал сайшаал ч яах вэ, бид хийх зохистой ажлаа л хийж байгаа юм. Харин бидний үйл ажиллагаа нэн олон хүнд нөлөөлж, наадмын хогоос сэтгэлийн хогт нь хүртэл арилгахыг хүсэх юм. Хүмүүсийн үзэл бодол дээшилж, сэтгэл ариусвал нутаг аяндаа ариусна. Тэгвэл магтаалаас илүү утга учиртай болно” гэж “Аа ээ  ий”-гийн гишүүн Содгэрэл өөрийн бодлоо ярьсан билээ.
“Хариу нэхэхгүй буяны үйлс хамгаас үнэтэй” гэж Нацагийн Багабандийн хэлсэн шигээр магтаал сайшаалын төлөө биш, өөр хувийн ашиг тусын төлөө ч бус, харин нутаг байгалиа хамгаалдаг бүх хүмүүсийн төлөө ухаан зоригоо ажиллуулж яваа сайн дурын үйл ажиллагаа хамгаас үнэтэй.

Зохиогч: Даваа
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл