solongonews
Хятадын төмсний хотоор айлчиллаа
2018-06-08 21:52
Бидний сурвалжлагын баг 06-р сарын 08-ны өдөр Улаанцав хотын Цахар баруун гаран өмнөд хошууны төмс тариалдаг суурин газартай танилцаж, Кайда хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрээр айлчиллаа.

Кайда компани нь Цахар баруун гаран өмнөд хошууны нутагт байрлах ба 200 га талбай бүхий төмс тариалах талбайтай бол нэг га талбайгаас 60 тонн төмс хураан авдаг байна. Тус тариалах талбай нь орчин үеийн технологи болон ус хэмнэх услалтын аргыг ашигладаг. Хураасан төмсөө тус үйлдвэртээ тээвэрлэж, гүн гүнзгий боловсруулалтаар төмсний бүтээгдэхүүн болгодог байна.

Улаанцав хот нь Хятадад “Төмсний хот” гэдгээрээ нэрд гарсан юм. Тус хотын Кайда хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр нь 800 сая юанийн хөрөнгө оруулалттай бөгөөд Хятадын хэмжээнд цар хүрээгээр хамгийн том, олон улсын хэмжээнд техник мэргэжлээр тэргүүнд яваа төмсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурин болно. Тус компанийн нэгдүгээр хэсгийн ашиглалтад орсон үйлдвэр нь жилд 60 мянган тонн төмсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бол хоёрдугаар хэсгийн барилга нь ашиглалтад орсны дараа жилд 160 мянган тонн төмсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.

Төмсөөр хүнсний бүтээгдэхүүн хийх явцад шаардагдах ургамлын тосны халууны хэмийг 90-120 градус орчимд хязгаарлаж чаддаг аж. Энэхүү арга технологи нь бүтээгдэхүүний шим тэжээлийг бүрэн дүүрэн хадгалж чаддаг бөгөөд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус боловсруулах арга нь Кайда компанийн өөрийнх нь оюуны өмчөөр бүтээгдсэн бөгөөд энэхүү арга технологио экспортлоход бэлэн болоод байна.

Тус компанийн бүтээгдэхүүн нь Америк, Япон, Солонгос зэрэг 20 гаруй улс оронд экспортолдог бол KFC зэрэг хоолны газруудын төмсний бүтээгдэхүүнийг хангаж байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл